Зураг
Зураг
Индэр    
2018 оны 6 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ТАНИЛЦ: Монголчуудын НЕФТЬ боловсруулах үйлдвэрийн ЗУРГАА дахь ОРОЛДЛОГО ... бүтэх үү?

Зураг
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэг Улсын Гадаад Хэргийн сайд Сүшма Сваражийг хүлээн авч уулзав, УБ, 2018.4сар, Гэрэл зургийг MPA.mn

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриад олон жил болсон ч яг үйлдвэр барих хэмжээний нөөц зөвхөн сүүлийн хоёр жилд л бүрдсэн. Одоо яах аргагүй үүн дээр түшиглэсэн үйлдвэр барих цаг нь мөн”  гэж  Монголын Геофизикчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, геологич Д.Цэдэнбалжир өнгөрсөн гуравдугаар сард болсон “Монголын геологи, хайгуул-2018” чуулганаар хэлж байв.

Зөвхөн 2011 оноос хойшх найман жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих таван удаагийн шийдвэр гарч байсныг бид мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан Засгийн газар бүр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрт хүрдэг. Шийдвэр, тогтоол, захирамж, хуулийг бол Монголчууд гаргаж чаддаг гэдгээ өнгөрсөн хугацаанд тасралтгүйгээр нотолж ирэв.

Харамсалтай нь энэ бүх шийдвэр, тогтоол цаасан дээрээ л үлджээ.

Зарим эдийн засагч Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих шаардлагагүй бөгөөд төсөвт төвлөрдөг импортлогчдын татварын орлогыг бид алдах магадлалтай гэлцэх нь бий.

Гэсэн ч үе үеийн засаг газрын тос боловсруулах үйлдвэртэй  болох мөрөөдлийг тээсээр хэд хэдэн удаагийн шав тавих ёслолыг ч үйлджээ. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх монголчууд хүнс, эрчим хүч, шатахуунаар гачигдах ёсгүй бөгөөд энэ үндсэн суурь гурван бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангадаг болох зорилтыг түүний Засгийн газар тавиад буйгаа удаа дараа мэдэгдсэн.

Тэгвэл түүний зорилт биеллээ олж чадах болов уу.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ талаар “Газрын тос боловсруулах үйлдвэр зайлшгүй барих ёстой. Улс юм бол энэ асуудалд бодлогоо гаргаад ажиллах ёстой. Бид геополитик ярих их дуртай. Тэгвэл энэ утгаар нь харсан ч Газрын тос боловсруулах үйлдвэрийг зайлшгүй байгуулах учиртай юм” гэж нэгэн ярилцлагадаа дурдаж байв. 

У.Хүрэлсүхийн кабинет энэ удаад Энэтхэгийн нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр барих тохиролцоонд хүрээд байна.

Энэтхэг Улсын Гадаад Хэргийн Сайдын сүүлийн 42 жилд хийж буй анхны айлчлал буюу хатагтай Сүшма Сваражийн өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр талууд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай хэрэгжүүлэхээр тохирлоо" гэж мэдэгдэж байсан билээ.

2022 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулагдах энэхүү төслийн талаар эх сурвалжууд үйлдвэрийг газрын тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөсөн гэв.

Монголчууд өнгөрсөн таван жилд орос болон хятадаас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд тэрбум орчим ам.доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлж буй мэдээлэл бий.

Тэгвэл Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр ТӨХХК-ийн мэдээлж буйгаар “Манай орны газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээ, олборлолтын өнөөгийн түвшингээс харахад боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах боломжтой хэмжээнд очсон байна. Монгол Улс жил бүр 1-1.2 сая тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолж байгаа бөгөөд олборлолтын хэмжээ 2021 он гэхэд 1.6 сая тоннд хүрч, 2040 он хүртэл энэ түвшинд байхаар төлөвтэй байна.

Олборлолт явуулж буй ордуудын ойролцоох Буйр XVIII болон Өмнөговь аймгийн нутагт орших Галба XI талбайнуудаас өнөөгийн байдлаар тос илрээд байгаа бөгөөд нэмэлт судалгааны ажлууд хийгдсэнээр шинээр газрын тосны орд бий болж, нөөц нэмэгдэх магадлалтай байна.

Манай төр засгаас дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэн учраас энэхүү томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-аас авах тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтлоо” гэжээ.

Монгол орны газрын тосны нөөцийг харвал, 

 

 

Газрын тосны нөөц (2010)

Газрын тосны ордууд  Баталгаат нөөц (сая тн.)
 Тосон-Уул  179.6
 Тамсаг  127
 Цагаан элс  26
 Нийт  332.6

Баталгаат нөөц

Нөөцийн төрөл  Нөөц (сая тн.)
Баталгаат 332.6 
Ашиглалтын баталгаат 43.2
Тосон-Уул XIX – 20.2 Тамсаг – 21.01

Алтанширээ дэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэх Зөвлөх компаниар Энэтхэгийн төрийн өмчит  Инженерс Индиа Лимитед (ИИЛ) компани ажиллахаар шалгарсан бөгөөд тус компанийнхан өнгөрсөн оны есдүгээр сард Монголд ирж уулзалт хийн ажлаа эхэлсэн билээ.

Улмаар ИИЛ энэ оны хоёрдугаар сард төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийн хүлээлгэн өгсөн байна. Нарийвчилсан ТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавьж дүгнэлт гаргах компаниар Италийн Кинетикс Текноложи компани тендерт шалгарсаныг хэлэх хэрэгтэй. 

Нарийвчилсан ТЭЗҮ-ийн гол өгөгдлүүдийг харвал:

Хүчин чадал: Жилд 1.5 сая тонн тос боловсруулах 
Боловсруулах тос: Түүхий тос 1: Тосон Уул XIX & Тамсаг XXI тос 50:50%
Түүхий тос 2: Түүхий тос 1 & Цагаан элс 95:5%
Гүн боловсруулалтын технологи: Гидрокрекинг
Үйлдвэрийн бүтээгдэхүүн: Автобензин: 380,000 тн
Дизель: 800,000 тн
Онгоцны түлш: 40,000 тн
ШШХ: 100,000 тн
Зуухны түлш: 20,000 тн
Жилд ажиллах хугацаа: 8,000 цаг
Эрчим хүчний хангамж: Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх (Үйлдвэрээс гарах хөнгөн хий, зуухны түлшийг ашиглана)
Усны хангамж: Бор Хөөвөрийн гүнийн усны ордоос хангах
Төслийн нийт хөрөнгө оруулалт: Үйлдвэр: 1 тэрбум ам.доллар
Дамжуулах хоолой: 325 сая ам.доллар (ОХУ, Хятадын технологи)
ХО-ын эргэн төлөгдөх хугацаа: 7-8 жил

Усны тухайд тодруулбал, БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн 2014.10.01-ний тогтоолоор Бор Хөөвөрийн гүнийн усны ордоос аж үйлдвэрийн зориулалтаар ашиглаж болохыг зөвшөөрсөн байна. 

Харин түүхий тос дамжуулах хоолойны тухайд түүхий тосыг хол замд тээвэрлэх хамгийн оновчтой, үр ашигтай хэрэгсэл нь дамжуулах хоолойг 1.5 - 2 м гүнд угсрах учир байгалийн гадаад дүр төрхөд өөрчлөлт орохгүй, бусад хөдөлгөөнд саад учруулахгүй, цаг агаарын нөлөөнд өртөхгүй давуу талтай гэж үзжээ.

Нарийвчилсан ТЭЗҮ-ээр энэтхэгийн компани үйлдвэрт гүн боловсруулалтын төслийн нийт хөрөнгө оруулалтыг 1.86 тэрбум байхаар тооцсон байна.  

Үүнд:

  • боловсруулах үйлдвэр 1.24 тэрбум,
  • түүхий тос дамжуулах хоолой 0.62 тэрбум ам.доллар байхаар тооцжээ. 

Өөрөөр хэлбэл Монголчуудын хүсч байсан үнийн дүнгээс буюу хэтрүүлсэн ТЭЗҮ боловсруулагдаж ирсэн нь энэ ажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү зардлыг буруулах, үйлдвэрлэлийн технологийг Монголын нөхцөлд өөрчлөн тааруулах талаар Монгол Улсын Засгийн газар санал гаргасан байна.  Салбарын сайд  Д.Сумъяабазар энэ сарын 9-12-ны өдрүүдэд Энэтхэгт хийсэн айлчлалын зорилго ч зардал бууруулж, технологийн зарим шийдлийг өөрчлөхөд оршиж байжээ. Улмаар энэтхэгийн тал монголын талын дэвшүүлсэн технологийн хувилбарыг хүлээн авахаар болж, тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт багтаан тооцохоор тохиролцсон мэдээлэл байна.

Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Энэтхэгийн Дотоод хэргийн сайд  Ражнат Сингхт энэ өдрүүдэд Монголд айлчилж Дорноговь дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлаа эхлүүлэхэд оролцохоор болоод байгааг мэдээлжээ. 

Энэхүү төслийн хүрээнд Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэл тус бүр 20 км төмөр замын салаа болон хүнд даацын авто зам барих, мөн цахилгаан дамжуулах шугам тавих ажлыг зохион байгуулах талаар Засгийн газрын 2018 оны 2 дугаар тогтоол гарсан бөгөөд мөн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлээд буй. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн цаг хугацааны төлөвлөгөөг харвал:

Энэ өдрүүдэд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймагт ажиллаж газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим дэд бүтцийн төслүүдийг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ямартай ч энэ удаад Монголчууд өөрсдийн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох шийдвэрээ бодит ажил болгоход хэд хэдэн алхам урагшлаад байна. Гэхдээ энэ үйлдвэр ЖИНХЭНЭЭСЭЭ ашиглалтад орж Монголчууд хоёр хөршөөсөө 100 хувийн түлш, шатахууны хамаарлаасаа бага ч болов гарч чадна гэдэгт 2022 оны арваннэгдүгээр сард л итгэж болох.