Индэр    
2018 оны 6 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

С.Молор-Эрдэнэ: Монгол хэлэнд ахадсан кирил бичиг Грекээс гаралтай

Зураг

Монгол хэл - кирил бичиг сэдвээр философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сүүлийн үед эх хэлэнд маань гадаад үг их хэрэглэгдэх болсон. Энэ нь монгол хэлийг үгүй хийж байна хэмээн зарим хүн ярьдаг.  Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ?

- Дээхэн үед би гадуур явж байгаад солонгос рестораны хаяг солонгос бичгээр байгааг анзаарсан юм. Энэ нь маш буруу, ийм асуудал байж болохгүй. Бараг л Үндсэн хууль  зөрчиж буй хэрэг. Монгол оронд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага хаягаа монгол хэл дээр гаргах ёстой.

Харин монгол үгэнд гадаад үг хэрэглэгдэж байвал зөв. Жишээ нь, ресторан, кофе, мессэж, эморох гэх мэт үг. Энэ бол сайн хэрэг. Учир нь Монгол хэлэнд шинэ үг нэмэгдэж, Монгол хэл баяжиж байна гэсэн үг. 

Тухайлбал, "кофе" гэдэг үгийг орчуулах боломжгүй. Нүүдэлчин ард түмэн кофе үйлдвэрлэж байгаагүй шүү дээ. Кирил үсгээр "боргол" гэсэн хаана ч байхгүй үг зохиогоод ашиглах нь утгагүй. 

Бид байгаа үгээрээ л гадаад үгийг орчуулах ёстой. Horse гэдэг үгийг бид морь гээд л орчуулчихна. Хэрвээ Монгол оронд морь байдаггүй байсан бол бид horse гэсэн үгийг нь л хэрэглэсэн нь дээр. 

Орчин үед бид шинэ зүйлийг хүлээж авч сурах хэрэгтэй. Бидний амьдрал шинэчлэгдэж байх ёстой. Монголчууд хуучнаасаа салдаггүй хүмүүс. Хуучин зүйлийг ардаа орхичих л хэрэгтэй. 

Чи бид хоёр хуучин шиг дээл өмсчихсөн уулзаж суугаагүй л байна. Учир нь орчин үеийн энэ амьдралд байнга дээл өмсчихсөн явах нь зохицохгүй. Үүн шиг л бүх зүйл хувьсаж, өөрчлөгдөж байх ёстой. Гадны үг, хэллэгүүд маш их орж ирэх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө хэлээр байдаг ард түмэн хаана ч байхгүй. Магадгүй ой шугуйд амьдардаг, орчин үеийн амьдралаас алслагдсан нутгийн уугуул иргэд л зөвхөн өөрсдийн хэлээр ярьдаг байж болох юм.

Олон үг нэмэгдэх тусам л сайн, Монгол хэл сайжирна. Техник, интернэт, компьютер гэх мэт үг хэрэглэлээ гээд Монгол хэл устахгүй. Интернэтийг олон улсын сүлжээ гээд л яриад байвал утгагүй ш дээ. И-мэйл явуулахыг олон улсын сүлжээгээр мэдээлэл явууллаа гээд байвал муухай биз дээ. 

-Тэгвэл бид гадаад хэл сайн эзэмшчихэд л болох юм биш үү? Эх хэл маань яагаад бидэнд чухал вэ?

- Нэгэнт л энэ газар нутагт 50 хувиас дээш нь Монгол хүн амьдарч байгаа учраас олон нийтийн самбар, зарлал заавал Монгол хэл дээр байх ёстой. Хэрэв энд 50 хувиас дээш нь Англичууд амьдраад эхэлбэл "Closed, Open" зэргээр бичиж болно. 

Жишээлбэл, Канадын Ванкувер хот руу маш олон хятад иргэн нүүж, 50 хувиас дээш нь Хятадууд болчихсон. Тэгээд тэд хуулиндаа өөрчлөлт оруулж эхэлсэн. Гарчиг, зарлал, самбаруудаа хятадаар бичиж, үйлчилгээний ажилчид хятад хэл сурахгүй бол болохгүй болсон. 

Эндээс харвал хэл бол зүгээр л хэрэгсэл. Канадууд Хятад хэл орж ирлээ гээд Англи хэл устах нь, баларлаа гээд л жагсаал хийгээгүй. 

Гэхдээ эх хэл бол бидний амьдралд маш их үүрэгтэй. Учир нь бид анх эх хэлээрээ л хэлд ордог. Тодорхой хугацааны дараа эх хэлнээсээ дараагийн хэл рүү шилжинэ. Ганцхан эх хэл боловсрол олоход хангалтгүй.

Англи хэл бидний мэдлэгт хэрэгтэй учраас чухал. Монгол хэл яагаад бидэнд чухал гэхээр Үндсэн хуулиараа энэ улсын албан ёсны хэл. Тийм учраас бид Монгол хэлээ сурах ёстой. 

Эх хэл гэдэг утгаар нь монгол хэлээ би хүндэтгэж явна. Аливаа нэг хэлний дээгүүр тавихгүй.

- Та сүүлийн үеийн орчуулгын номын найруулга, чансааны хувьд та ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

- Орчин үед оюуны өндөр төвшинд бичсэн олигтой ном алга. Ном бол бичиг үсэг үүссэн гол шалтгаан.

Ном анх 15-16 дугаар зууны үед үүссэн. Европт Humanism гэж маш том хөдөлгөөн өрнөсөн. Humanism гэдэг нь хүн чухал гэсэн ойлголт. Тэрнээс өмнө бурханг шүтэж, бурханд итгэж амьдардаг байсан. Ингээд цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс бурханд эргэлзэж эхэлсэн. Хүн л бүгдийг бүтээдэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Humanism хөдөлгөөн өрнөж, хүн соён гэгээрэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингэхийн тулд ном унших, бичиг үсэг сурах хэрэгцээ шаардлага гарсан. Тэр үед байсан ганц ном нь Библи. Харин бидэнд Төвөдийн шашны ном л байсан.

Хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх номнууд социализмын үед маш ихээр гарсан. Тухайн үед тэр номнуудыг орчуулахдаа манайхан сайн ойлгоогүй. Тэр орчуулгын нэг жишээ нь Дон Кихот. Дон Кихотыг орчуулсан хүн Humanism-ын талаар ойлголттой байх ёстой байсан. Одоогийн орчуулгын номнууд бүр хэрэг алга. Бичиж чадахгүй байгаа хүмүүс яаж орчуулах вэ дээ.

Одоогийн орчуулагч нар өөрсдийнхөө ойлгосноо л биччихдэг. Тиймээс орчуулгын номон дээр нэрээ бичихдээ “Чойжилжав орчуулав” биш “Чойжилжав ингэж ойлгов” гэж бичих хэрэгтэй. 

- Монгол хэлний тайлбар толь бичиг шинэчлэгдэн гарах гэж байна. Тайлбар толь шинэчлэгдэх нь хэр үр дүнтэй байдаг юм бэ?

- Сүүлийн үед бүх салбарынхан гадаад явж сурч байна. Гэхдээ ганцхан салбар бугшраад, идээ бээрэндээ баригдчихсан. Хаашаа ч явж юм сурдаггүй, хүн болгоны хэл ам болдог нь Монгол хэлний салбарынхан, МУИС-ийн Монгол хэлнийхэн.

Надад хуучин, шинэ хоёр тайлбар толь байна. Хамгийн сүүлийнх нь 2009 оных. Энийгээ одоо дахиад шинэчилж байгаа гэнэ. Дахиад шинэчлэгддэггүй юм аа. Яг энэ хуучнаа л хавтасыг нь солиод дахиад гаргана. 

 

Ямар ч шинэчлэлт гарах боломжгүй. Яагаад гэвэл тайлбар толь гаргадаг хүмүүс чинь өөрсдөө мэдлэггүй, боловсролгүй хүмүүс. Хэл гэдэг чинь боловсролын баталгаа биш. Монгол хэлтэй байна гэдэг нь мундаг гэсэн ойлголт биш. Хэл бол зөвхөн бидний багаж, хэрэгсэл. 

Хуучин шинэ энэ хоёр толь бичгийг ажиглахад Монгол хэлний үндсэн 4,000 үг л байдаг. Бусад нь ихэнх нь Хятад. Үлдсэн нь Орос, Төвөд, Санскрит, Турк үгнүүд. 

Тэглээ гээд муу биш. Харин ч Монгол хэл баяжиж байна. Бид мэдэхгүй зүйлсээ гадаад үгээр нэрлэхээс өөр аргагүй. Орчуулж муухай болгоод яах юм бэ.

Уг нь Монгол хэлний салбарынхан үгнийхээ бүтцийг зааж, тайлбарлаж байх ёстой. Гэтэл тэдэнд тийм чадвар байхгүй. МУИС-иа төгсөөд Ринчен, Дамдинсүрэн хоёрыг шүтээд сууж байдаг. Тэр хоёрт философийн мэдлэг байхгүй учраас үг тайлбарлахаас цаашгүй өнгөрсөн.

-Тэгээд яах ёстой байсан юм бэ?

-Үгийн цаана ухагдахуун гэж байдаг. Үүнийг би харчихаад өөрчилнө гэж номнууд бичсэн. 

Жишээлбэл, бодол гэдэг үгийг Я.Цэвэлийн тайлбар толь бичгээс харья. Бодол- сэтгэх, эргэцүүлэх, санаа, бодолтой байх гэж байна. Тэгвэл сэтгэх гэдэг үгийг харвал - хүний онцгой чадвар, бодох. Сэтгэл гэдэг үг - санаа, бодол, элдвийг сэтгэх гэж байна. Бодол, сэтгэл, санааг гурвууланг нь нэг зүйл болгоод биччихсэн, ийм л холион бантан.

Гэтэл энэ чинь зөвхөн үг биш, олон улсын онол байхгүй юу. Бодол, сэтгэл, санаа гэж юу вэ гэдэг талаар дэлхийн философичид, оюуны том хүмүүс хэдэн зуун ном биччихсэн байна. 

Энэ бол зүгээр нэг үг биш, бидний тархинд явагдаж байгаа үйлдлүүд. Тиймээс би бодол, санаа, сэтгэл гэж юу вэ гээд тус тусад нь ном бичсэн. Энийг уншсан хүн бодож чаддаг, сэтгэл зөв хөдөлдөг, санаагаа хүнд зөв хэлдэг болно. Уншаагүй бол тухайн үгийг мэдэхээс цаашгүй. Ринчен, Дамдинсүрэн хоёр энэ үгсийг мэдэхээс цаашгүй байсан.

 

Жишээ нь, санаа гэдэг нь зөвхөн чиний хувийн санаа, баримжаа, таамаг. Зөвхөн санаагаараа явах осолтой. Санааны цаана мэдлэг байх ёстой.  Мэдлэгийн цаана төсөөлөл, тэгээд ухаан, ухамсар, эрдэм гээд л явна. 

Ингээд харвал Монгол хэл хөгжиж, өндөр төвшинд очих хаа ч байсан юм. МУИС-ийн хэлний эрдэмтэд, төгсөж байгаа хүмүүс нь бүгд нялхаараа, дөнгөж хэлд орж байгаа л гэсэн үг. Яагаад би хэлийг чухалчилж байгаа гэхээр хэлээр бид боддог. Хэл муу, үг муу бол бодож чадахгүй. Бодож чадахгүй учраас бидний яриа ямар ч утгагүй, чалчаа яриа болдог. 

Улстөрчид, зурагтаар ярьж буй, хэлэлцүүлэг хийж байгаа хүмүүс яагаад үнэхээр уйтгартай байдаг гэхээр тэд зүгээр л чалчаад байдаг юм.

- Монгол хэлний зөв бичгийн дүрэм их маргаантай байх юм. Энэ Нэг үгийг хоёр янзаар бичих гэх мэт маргаан ер тасрахгүй байна. 

- Уг нь бид шинэ зүйл мэдэж аваад, бичлэгийнхээ дүрмийг өөрчилбөл зөв. Гэтэл тэд ямар ч шалтгаангүй зүгээр байгаа үгийг өөрчлөөд байна. Нэгэнт тэр үгний утга агуулга хэвээрээ л байгаагаас хойш өөрчилж яах юм. Хэрэв үг өөр утгатай болсон бол өөрчилж болно. 

Анхнаасаа Ринчен, Дамдинсүрэн хоёр хачин дүрэм хийчихсэн байдаг. Эгшиг гээдэг дүрмийг больчих л хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүдийн толгой эргэхгүй. Хэлний үзүүрийн үсэг болохоор гээгдэнэ гээд л. Хүүхэд яаж хэлний үзүүрийн, угийн гэдгийг нь мэдэх юм бэ. Энэ чинь солиорол.

Үгийн ард талд бас нэг эгшиг бичдэг. Байгууллага, орлого гэх мэтчилэн. Энэ эгшгийг бичихээ больчих хэрэгтэй. Ярианы хэл, бичгийн хэл хоорондоо өөр. Бичгийн хэл бол физик, математикийн томьёо шиг халдашгүй байх ёстой. Тэгвэл бид гоё ярьдаг болно.

Кирил үсэг монгол хэлэнд ахдаад байгаа юм. Уг нь энэ чинь 1,200 жилийн түүхтэй маш гоё үсэг.  Кирил үсгийг оросоос гаралтай гээд байдаг. Үгүй. Грек хэлийг орчин үеийн болгосон бичиг нь кирил.  Манай монгол бичиг ч гэсэн монгол бичиг биш. Араб бичигтэй их адилхан. 

- Цаашид Монгол хэлээ хэрхэн сайжруулж, хөгжүүлэх ёстой юм бэ?

- Монгол хэлээр ярьж, бичиж байсан цагт монгол хэл устахгүй. Монголоороо сайн ярьж бичиж байх хэрэгтэй. Монгол хэлээ хамгаалъя, аваръя гэсэн ойлголт байж болохгүй, харин хөгжүүлье, сайжруулъя л гэх хэрэгтэй. Монгол хэлийг орчин үеийн хэллэгт нийцүүлж, гадаад хэлний техник технологитой хөл нийлүүлэх хэрэгтэй. 

Мөн гадаадын 10 жилийн сургууль байж болохгүй.  Учир нь яг хүүхдийн ухаан нь хөгжих үед гадаад хэлээр ухааныг нь хөгжүүлчихвэл, автоматаар монгол хэлээ мартана.  Тиймээс ЕБС-ийн үндсэн хэл нь монгол хэл байх ёстой. Харин гадаад хэлээр дагнасан их, дээд сургууль бол байж болно. 

Монгол хэлийг анхнаас нь хүүхдүүдэд маш сайн заах хэрэгтэй. Гэхдээ үсэг гээдэг дүрэм мэтийн зүйл биш. Бодол, сэтгэл, ухамсар гэж юу юм гэдгийг зааж, ангиар нь сайн бичүүлж байх хэрэгтэй. 

Гэтэл 10 жилд нь зохион бичлэг гэж нэг муухай зүйл бичүүлж байна. Хаана ч байхгүй худлаа зүйл хүүхдээр зохиолгуулна. Зүгээр үнэнийг нь л бичүүлэх хэрэгтэй.

Найруулан бичлэг гэж бас аюултай зүйл байна. Хүн өөрийнхөө бодлыг биччихсэн байхад багш нь юм уу, өөр хүн уншаад засдаг. Энэ бол нүгэл, гэмт хэрэг шүү. Эсээг хэзээ ч засаж болохгүй, зүгээр дуугүй унших л хэрэгтэй. Хүний бодлыг засах ёсгүй.