Индэр    
2018 оны 6 сарын 16
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

“ЭГОГОО ХООЛЛОХУЙ” буюу МОНГОЛ ДАХЬ МОРАЛЫН “NEW-LOW”

Зураг

- Таны шүүн rational оюунд зориулан тэрлэв -

МОРАЛЫН ТУХАЙ 

Хууль нийгмийн манаач бол ёс суртахуун хувь хүний манаач. Хуулиар зохицуулах боломжгүй бүхэн ёс суртахуунаар зохицуулагдаж байдаг. Ёс суртахууныг (moral) судалдаг гүн ухааны (philosophy) нэгэн салбарыг ёс зүй (ethics) гэнэ.

Амин судлалын шинжлэх ухаан (Biology) нь амьд амьдралыг судалдаг байгалийн шинжлэх ухааны нэгэн салбар. Бид биологитой, биологгүй гэж бичдэггүй амьтай эсвэл амгүй биет гэж бичдэг. Үүний нэгэн адил ёс зүйгүй хүн, үйлдэл, нийгэм биш ёс суртахуунгүй хүн, үйлдэл, нийгэм гэж ярих, бичих нь зөв санагдлаа. Ёс зүй нь сайны тухай онол бол ёс суртахуун нь аливааг хэрхэн сайнд нийцүүлэн хийх тухай ойлголт юм. Улс орон хүнээс шалтгаална, улс орныг хөгжүүлэх үйлсийг хүн хийдэг. Хөгжил энгийнээс, хүнээс,  тэр дундаа ёс суртахуунтай хүнээс л эхэлдэг.

Хүнийг бүрдүүлж, нийгмийн хэм хэмжээнд тогтоож байдаг зүйлс бол үнэт зүйл, амин чанар, ёс суртахуун юм. Хүн гэгч өөрийгөө хүн гэж нэрлээд, хамтдаа ЯЛНА хэмээн нийгэм байгуулж, хууль дүрэм тогтоож тоглож байна. Тоглоомоо эмх цэгцтэй дэг журамтай явуулахын тулд төлөөллийн ардчиллаар бидний өмнөөс ажиллаад улсаа хөгжүүл бид дэмжье гэдэг тогтолцоотой болсон. Гэтэл бяднууд энэхүү төлөөллийн ардчиллаа сонгохоосоо эхлээд л тун ч моралгүй, назгай хандлаа.

Сонгогч, сонгуулагч талуудад хоёуланд нь ёс суртахууны зэрэмдэглэл байна. Аяга тагш юм, арван төгрөгөөр өөрийн саналаа худалдчихсан, авчихсан. Эсвэл нам гэх хайрцагт баригдан, нутаг гэх тойрогт ээрэгдэн нэгнээ сонгочихсон. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай. Буруу сонголт, ёс суртахуунгүй үйлдлүүдийнхээ төлөөсийг бид өдөр бүр амсч байна. Тэнгэрлэг заяатай Гоо марал, Бөртэ Чонын үр сад бидний ёс суртахууны тэнгэр гэртээ харьж амарсныг батлах хоёр жишээ нэг баримт дурдъя. 

“ЭГОГОО ХООЛЛОХУЙ” буюу Ёс суртахууны “NEW-LOW”

 

Хүнд туслах мөчид хүн өөрийг эгог гэтэлдэг, харин түүнийг олон нийтэд зарласан мөчөөс эгогоо түүгээр хооллож эхэлдэг. 

Нүүр ном, жиргээгээр хамгийн их шэйр, лайк авдаг контент бол яахын аргагүй хүнд тусалсан, сайн үйл хийсэн тухай постнууд байдаг. Үнэхээр нийгэмдээ өөрчлөлт хийсэн томоохон хэмжээний төслүүдийг бол дөрвөн мөчөө өргөөд дэмжинэ. Харин тэр настай хүнийг зам хөндлөн гаргахад нь тусаллаа, хүнд юмыг нь өргөж гэрт нь хүргэж өглөө, гар утсыг нь олоод яг эзнийг нь залгахыг нь отож байгаад хүлээлгэн өглөө, түрийвчин доторх мөнгөнөөс нь нэг ширхэг зуутын дэвсгэрт дутаалгүй эзэнд нь өглөө. Эдгээр үйлдлүүд бол хүн чанар, ёс суртахуун ерөнхийдөө балран доройтлын байдалтай байгааг болон

Монголчууд бидний социализмын үеэс хойш тогтоосон ёс суртахууны “NEW-LOW” -г илтгэж байна. Сайн үйл нүдний гэм болж, саар үйл шөнийн од мэт түгэх үед энэ мэт үйлдэл тодрон гарч ирдэг. Уг нь бол олсон бол буцааж өгөх, харсан бол туслах зэрэг чинь энгийн ёс суртахуунтай хүний хувьд бол дадал зуршил (behavior) нь байдаг. Ёс суртахуунтай, өөрийн өмнө, бусдын өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан нийгэмд хүнлэг үйлдэл бол хэвийн үзэгдэл.

Харин Монголд хэвийн бус ОНЦГОЙ үзэгдэл болон хувираад байна. Хүнд туслах мөчид хүн эгогоо даван туулдаг, харин түүнийг олон нийтэд зарласан мөчөөс эгогоо түүгээр хооллож эхэлдэг. 

ДАЛАЙН ХӨӨС МЭТ ХЭВРЭГ ЁС СУРТАХУУН БА СОЦИАЛИЗМ

Социализмын үед ЁС СУРТАХУУНЫ алтан ганжир нь МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРОО байлаа. Тэр үед сэхээтнүүд, ёс суртахуунтай боловсон хүчнүүд ёс суртахууны хэм хэмжээ, үлгэр жишээ (role model), гэрэл гэгээ болон ажилладаг байв. Сэхээтэн гэдэг нэрээсээ ичиж бас хамгаалж аж төрдөг байж. Хэрэв гэр бүлийн асуудалтай, ажил дээрээ ёс суртахууны зөрчил гаргасан бол Намын хорооны хурлаар орж тушаал бууруулах, ажлаас нь халах, хол газар ажилд цөлөх, байр авах, шагналд тодорхойлох гэх мэт нийгмийн үйлчилгээний очер дарааллыг хойшлуулах, цаашлаад намаас хөөх хүртэл арга хэмжээг, гэр бүл албан байгууллагын хүрээнд бол тус бүр шатандаа хурлаар орж хэлэлцэн санал хурааж шийдвэрлэдэг байсан. Ардчиллын наран мандахад, ёс суртахуун наран шингэжээ. Нүд ирмэх зуух шингэхийг бодвол социализмын үед тогтсон ёс суртахуун далайн хөөс мэт хэврэг байж. 

Ардчиллын жилүүдэд ёс суртахууны жолоо суларч, явдал удааширсны тод жишээ бол Улсын их хурлын гишүүдийн янаг амрагийн, улаан махны хэргүүд юм. Ёс суртахуунтай хүн бол хэрэгт сэжиглэгдсэн сургаар л хариуцлага хүлээгээд, хуулиас урьтаад өөрийгөө шийтгэчихдэг. Жишээ нь: Япон, Солонгос. Мөн түүнчлэн энэ мэт хэргийг хэлэлцэх нь УИХ-ын гол ажил мөн үү? Ойлгох ухаан хайрлаач. Тийм ухаан зарж байна уу байдаг бол авмаар байна. Монгол улс Сүрьеэгийн тархалтаараа дэлхийд тэргүүлж буйг бид мэднэ. Сүрьеэгийн шинж тэмдэг нь хөлрөх, ханиах, халуурах, турах. 1882 онд Роберт Кохх сүрьеэгийн савханцрыг нээхээс өмнө хүн төрөлхтөн зөвхөн шинж тэмдгүүдэд л арга хэмжээ авдаг байсан. 

Харин савханцрыг нээсний дараагаас үндсэн өвчнийг эмчлэх, олон хүний амь насыг аврах боломжтой болсон.  Үүнийг нийгмийн байдалд тусгавал: Улсын Их Хурлын хуралдаанаар Гантулга, Муратын хэрэг гэж ярих ёстой юм уу, Хүчирхийллийн хуулиа сайжруулах, төгөлдөржүүлэх тал дээр ярих ёстой юм уу? Оюутолгой, Таван-толгой гэж ярих юм уу эсвэл эрдэс баялгийн хууль, бодлогоо ярих юм уу? Бид өвчнийг эдгээдэг биш СИМПТОМ ШИЙДДЭГ УИХ-тай болчхож. Ернөл ёс суртахуунгүй хүн, ёс суртахуунгүй төрөөс ёс суртахуунтай үйлдэл хүлээх нь логикийн хувьд алдаатай юм. Өөрийн үнэ цэнэ, ёс суртахуунаа алдсан хүн өсөж төрсөн нутагтаа ёс суртахуунтай хандах уу, юу л бол. За тэгээд Монголын ядуурал чинь Мөнгөнийх биш Моралын ядуурал юмшив дээ. 

АМИА ХОРЛОЛТ БОЛ ЁС СУРТАХУУНГҮЙ НИЙГМИЙН СИМПТОМ

Нийгмийн Аноми байдал (anomie) гэдэг нь эрх зүй, ёс зүйн аливаа хэм хэмжээ үгүйн улмаас бий болсон зохицуулалтгүй хоосон орон зайг хэлдэг. Өнөөгийн Монголын нийгмийн жинхэнэ төлөв. Нийгэмд үнэн ба худал гэж алга. Худал ч үнэн, үнэн ч худал байж болдлог болсон цаг. Аливаа хувь хүнд, нийгэмд ерөнхий тогтсон (stereotype) үнэн худал, сайн муу, зөв буруу гэх ЖАНЖИН шугам байдаг. Жанжин шугам нь хувь хүний үнэт зүйлийн чухал бүрэлдэхүүн.

Ёс суртахуунгүй хүмүүс, нийгмийн улмаас энэхүү жанжин шугам уусан хайлжээ. Үнэнт зүйл үгүй газар эмх замбараагүй байдал үүсч, үнэн худал нь ялгагдахаа больдог. Ийм байдлыг нийгмийн АНОМИ төлөв (эрх зүй, ёс зүйн аливаа хэм хэмжээ үгүйн улмаас бий болсон зохицуулалтгүй хоосон орон зай) гэж хэлдэг. Нийгмийн аноми төлөвд залуусын амиа хорлолт их байдаг. 

Монгол Улсын хүн амын  64.19 хувь нь 35 хүртэл насныхан. 2016 онд нас барсан 10-14 болон 25-29 насны 5 хүн тутмын 1, 15-24 насны 4 хүн тутмын 1, 30-34 насны 6 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан. Давид Эмиль Дюркгейм “Амиа хорлохуй” бүтээлдээ Хүмүүс хуучин үнэт зүйлсийн баримжаагаа алдан, шинэ үнэт зүйл нь бүрдэж амжаагүй завсрын үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс нийгэмд тогтсон хэм хэмжээг мөрдөхийг хүсэхгүй амиа егүүтгэдэг хэмээн өгүүлсэн байдаг.
 
1959 онд Морьтой ч болоосой гэж багширцгааж байсан бол бол одоо Моралтай ч болоосой гэж багширцгаавал яасан юм бөөнөөрөө. Монголд бол ёс суртахуунгүйгээр шударга ёсыг (justice) яриад ч нэмэргүй. Хуулийн дээр хүн байгаа учир хүмүүс ёс суртахуунтай байх нь нэн чухал байна. Хэрхэн ёс суртахуунтай нийгмийг цогцлоох вэ гэж үү? Өөрөөсөө л эхлэх байх. Хүмүүс бид л нийгмийг бүтээдэг шүү дээ. Улс орон хүнээс шалтгаална, улс орныг хөгжүүлэх үйлсийг хүн хийдэг. Хөгжил энгийнээс, хүнээс л эхэлдэг. Ёс суртахуунтай бодлоос ёс суртахуунтай үг, ёс суртахуунтай үгсээс ус суртахуунтай үйлдэл төрдөг. Гэртээ харьж амарсан ёс суртахууныг нойрноос нь сэрээцгээе.