Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Хүний бие өөрийгөө эрүүл байлгах, хорт бодисыг цэвэрлэх, эд эрхтэнд аюул учрах үед нөөц бүтцүүдийг нээн бие махбодыг тогтворжуулах цогц бүтэцтэй. Бодгалийн цогц бүтцийн мотор нь зүрх, лаборатори нь элэг, хана хэрэм нь их биеийн араг яс юм. Гэвч Монголчууд бидний лаборатори тэсэлгээ дэлбэрэлтэд өртөж ашиглалтаас гарах дөхжээ. Тэнгэрлэг заяат бид элэгний хавдраараа дэлхийд тэргүүлж, элэгний өвчлөлөөрөө наймд бичигдэж байна.
Эх хэлэндээ нямбайлан шигтгэсэн (Элэг зүрхнээс уяатай, элгээ хөштөл инээлээ, Элэг эгших, элэг бүтэн хүүхэд сэргэлэн, эзэн сайтай мал цовоо, тэгээд болохгүй бол элэгдэнэ шүү гэх мэт) Элэг биеэр орж буй хоол хүнсийг задлан, боловсруулж, хадгалж өдөр бүр эрч хүчтэй ажиллах энергийн эх үүсгэвэр болж бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бодисын солилцоог дотор нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давс, витамины солилцоо гэж ангилан үздэг.
Элэг нь өөх тосны бодисын солилцоонд чухал эрхтэн бөгөөд бидний шүдээр бутлагдан, ходоодонд хүчлүүдийн нөлөөгөөр дэвтэн боловсорч цааш нарийн гэдсэнд шимэгдсэн өөх, тосны гаралтай бодисуудыг үүдэн венийн судасны системээр хүлээн авч, боловсруулж, хадгалж дараагийн эрхтэнд хүргүүлэх нарийн тэнцвэрт үүргийг биелүүлдэг.
Хүний бие махбодод энэ метаболизмын тэнцвэр алдагдах үеийн нэг илрэл нь элэгний эс доторх өөх тос төрөл болох триглицеридын (саармаг өөх) хуримтлал юм. Архины бус шалтгаанаар элэгний нийт жингийн 5%-с илүүг саармаг өөх эзэлбэл түүнийг архины бус шалтгаант элэг өөхлөлт гэж үзнэ. Дэлхийн хүн амын 25% нь архины бус шалтгаант элэг өөхлөх өвчинтэй ба үүний голлох шалтгаан нь таргалалт болон чихрийн шижин өвчнүүд байна. Зөвхөн архины бус шалтгаант өвчинд АНУ жил бүр 103 тэрбум ам.долларыг зарцуулдаг. 2016 онд Монгол улс 13.7 мянган элэгний өвчтэй хүнд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Их Британи элэгний өөхлөлттэй 88 хүнийг 10.5 жилийн хугацаанд судлахад 7 хүн элэгний сорвижлоор, 9 хүн элэгний хатуурлаар хүндэрсэн байна.
Хэрвээ танд доорх хүчин зүйлүүд байдаг бол ТА өвчлөх ЭРСДЭЛТЭЙ
Чихрийн шижин хэв шинж хоёр өвчин болон таргалалттай хүмүүсийн 70-90 хувь нь элэг өөхлөлттэй байдаг.
Та эрүүл амьдралын хэв маягийг сонгон элгээ өдөр шөнөгүй хайрласнаар элэг өөхлөх өвчнийг эрт үед нь илаарьшуулах боломжтой.
Дөрвөн долоо хоногийн хугацаанд долоо хоногийн 5 өдөрт 30-60 минут дасгал хөдөлгөөн хийсэн таргалалттай насанд хүрэгчдийн элгэнд хуримтлагдсан өөх 10 хувиар багасжээ.
Өдөрт хэрэглэх илчлэгээ гурван сарын хугацаанд 500 ккал аар бууруулахад, биеийн жин 8 хувиар буурч элэг өөхлөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурчээ.
Та бүхэнд эрүүл энхийг хүсье.