Зураг
Зураг
Индэр    
2018 оны 5 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тамхичдын дундаж наслалт ЕРДӨӨ Л 52

-Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр-

 

"Би 30 жил тамхи татсан. Тамхийг биед хортойг мэддэг атлаа гарч чадахгүй явсаар 30 жил болчихсон. Гэхдээ нэг л өдөр шийдээд эргэлт буцалтгүйгээр гарчихсан. Дахин хэзээ ч тамхи худалдаж аваагүй" хэмээн өдгөө 50 насыг зооглож буй иргэн Б.Батбаяр гуай ярилаа. Тэрбээр 17 настайдаа анх тамхийг сонирхон татаж үзжээ. Тамхи түүнд тайвшрал өгөх шиг санагддаг байсан гэнэ. Гарчихвал дахин тэр тайвшралаа мэдэрч чадахгүй болно гэж айдаг байсан талаараа ярьсан юм. 

Тэрбээр тамхийг эрүүл мэндэд муу гэдгийг мэддэг атлаа өөрийн биед нь өөрчлөлт гартал тоохгүй явсаар байж. Тэр богино зайд гүйсэн ч их хэмжээгээр амьсгаадаж, нүд нь харанхуйлдаг болсноо нэг л өдөр анзаарчээ. Ингээд л тамхинаас гарахаар шийдсэн гэнэ.

Түүнтэй адил олон мянган хүмүүс тамхины хор уршгийг мэддэг атлаа өдөр бүр утаагаа уушгилсаар л байдаг нь тогтоогджээ.

Тодруулбал, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2010 онд хийсэн судалгаагаар хүн амын дийлэнх хувь нь тамхи эрүүл мэндэд хортойг мэддэг гэж гарчээ. Тэдний 7.7 хувь нь хоногт нэг хайрцгаас олныг татвал, 8.5 хувь нь өдөр бүр тамхи хэрэглэвэл эрүүл мэндэд хор нөлөө үзүүлнэ гэж ойлгодог байна. 

Гэвч судалгаагаар, Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг гэжээ. Өөрөөр хэлбэл бид тамхины хайрцаг дээрх "Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэсэн сануулга бүхий аймшигтай зургийг хардаг, хортой гэдгийг мэддэг ч татсаар л байна. 

НЭГ. Яагаад тамхи гэгч хор нь хүнийг тэгтэл нь донтуулж, гарч чадахгүйд хүргэдэг вэ?
 
Гэрэл зургийг mpa.mn

Тамхины найрлагад орсон никотин гэгч бодис хүнийг донтуулдаг бөгөөд тамхийг нэг л удаа татах тэр мөчөөс эхлэн өөрийнхөө эрүүл мэндээ донгоор сольсон гэсэн үг юм. Никотин бол тамхины гол бодис. Нэг янжуурт 0.1-1.5мг хэмжээний никотин агуулагдана. 60 мг никотин насанд хүрсэн хүнийг хордуулан амь насыг хохироох хэмжээ.

Тамхи татахад никотин нь утаагаар дамжин уушгинд орж, цусанд тархана. Тархинд очсон никотин нь эхлээд сэтгэл санааг сэргээх мэт санагдуулдаг. Зарим хүнд тамхи татахаар тайвшрах шиг санагддаг байна. Энэ дон нь хүнийг дахин кайф авах дуртай болгодог байна. 

Тамхины утаагаар орсон никотин эхлээд хүний тархинд тайвшрах эсвэл сэргээж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Харамсалтай нь, тамхичин хүн тамхи татаад ч сэтгэл тайвшрах тэр кайфаа удалгүй авч чадахгүй болдог ажээ. Анх татахдаа авсан сэтгэгдлээ санан, тийм тайвшралыг бодон дахин татдаг. Энэ бол никотины гол үйлчилгээ. Өөрөөр хэлбэл хүн тамхи татах донтой болсон гэсэн үг аж.

ХОЁР. эрчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин 
 

Манай улсын тамхи татах донтой хүмүүсийн 49 хувийг эрчүүд, таван хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг.

Тиймдээ ч Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ богино насалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тамхичдын дундаж наслалт ердөө л 52 гэнэ. 

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин.

Зүрх судасны тогтолцоонд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн хамгийн эхэнд тамхидалт орно гэдгийг эмч, мэргэжилтнүүд байнга хэлдэг. Тиймээс дийлэнх эрчүүд эл өвчнөөр нас барах нь олонтоо тохиолддог аж. Гэхдээ тамхи бол өөрчилж болох эрсдэлт хүчин зүйл юм. 

Тамхинаас гарснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй эмчилгээ болдог гэнэ. Тамхинаас гараад 1 жил болоход зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь буурч, 3-5 жилийн дараа тухайн хүний бие тамхи татдаггүй хүнийхтэй адил эрүүлждэг талаар Сонгдо эмнэлгийн Зүрх судасны эмч Т.Баярмаа зөвлөж байна.

Түүнээс гадна, тамхи нь зөвхөн зүрх судасны өвчний үндэс суурь биш юм. Тамхи нь бүх төрлийн өвчин үүсгэгч.  Дэлхий даяар тамхины улмаас долоон сая хүн амь насаа алдаж байна гэсэн тооцоолол гарчээ.

Тамхины найрлагад хорт хавдар үүсгэх 4,800 төрлийн химийн бодис агуулагддаг байна. Өдөрт 1-9 тамхи татдаг хүн татдаггүй хүнээс хорт хавдар тусах нөхцөл нь 4 дахин их байдаг.

 

Харин өдөрт 10-19 тамхи татдаг хүн хавдар тусах нь 7 дахин их магадлалтай гэнэ. Тамхинаас үүдэлтэй хорт хавдар нь биеийн бүх эрхтнүүдээр тардаг талаар эмч нар ярьж байна.

Хэдийгээр тамхичин хүн хорт хавдраар өвчлөх нь түүний өдөрт хэчнээн тамхи татдаг байсан болон хэдэн жил тамхи татаж байгаагаас шалтгаалах ч, харин тамхинаас гарсан тэр өдрөөс эхлэн хорт хавдраар өвчлөх магадлал буурдаг байна.
 
Тамхинаас гараад 10 жил болоход хорт хавдраар өвчлөх магадлал татдаггүй хүнийхтэй адилхан болно гэж эрдэмтэд тогтоожээ. 

ГУРАВ. Эмэгтэй хүн эрчүүдээс илүү хорддог
 

"Тамхи татах нь тураадаг" гэх буруу ойлголт эмэгтэйчүүдийн дунд бий. Харин зарим нь "Энгийн үед татдаггүй. Зөвхөн наргиж, цэнгэх үедээ, заримдаа л татдаг" гэж хэлээд л санаанд оромгүй байдлаар бүгд л татдаг болчихно. Хэдийгээр тэд "заримдаа л" гэж байгаа боловч энэ нь яваандаа "тогтмол" болж хувирна. Ингээд тамхичин бүсгүйчүүдийн тоо өссөөр. 

Гэтэл судалгаагаар тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг аж. Тамхичин эмэгтэйн бие организмд хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг бөгөөд төрөлтийн хувьд ч ямар нэг байдлаар хүндрэл дагуулах эрсдэл дагалдаж байдаг аж. 

Тамхи татаж байх үед нарийн хялгасан судаснуудад агшилт үүсдэг. Эмч нар нүүрний арьс илүү түргэн хөгширдөг учир тамхинаас түргэн гар хэмээн зөвлөдөг. “Идэвхгүй тамхидалт” ч мөн дутахгүй хор хөнөөлтэй аж. Эргэн тойронд цуг байгаа нь тамхи татдаг бол эмэгтэйчүүдийн арьс хоёр дахин түргэн хөгширч, эрүүл харагдахаа байж, цонхийн сааралдуу туяатай болдог хэмээн эмч нар баталж байна. Тиймээс тамхичдаас холхон байх хэрэгтэй.

Хэрэв эмэгтэйчүүд жирэмсэн үедээ тамхи татдаг байсан бол дутуу төрөлт болох магадлал өндөр. Тамхичин эхээс төрсөн хүүхэд жин багатай, сэтгэл санаа тайван бус байдаг байна.

Түүнчлэн,  гэрт нь тамхи татдаг эцэг, эхтэй хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь элбэг. Үүнд астма, чихний үрэвсэл, бронхит, уушгины үрэвслүүд орно. Багадаа тамхины утаагаар амьсгалсан хүүхэд том болоод хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг гэж эрдэмтэд судалжээ. Мөн тамхичны хажууд өссөн хүүхэд тамхинд амархан ордог. Тиймээс эцэг эх та хүүхэддээ зөв үлгэр дууриал болохоо цаг ямагт анхаараарай.

ДӨРӨВ. Тамхины хэрэглээг яаж бууруулах вэ?
 

Дэлхий дахинд тамхины хэрэглээг бууруулах хамгийн түгээмэл, үр дүнтэй арга нь тамхины татварыг нэмэх байдаг ажээ. 

Манай улсад 100 ширхэг янжуур тамхинд ногдох онцгой албан татвар 2.4 ам.доллар байдаг бөгөөд татварын хэмжээгээрээ манай улс тамхины татвар багатай улс орны тоонд багтаж байна.

Хүүхэд залуучууд, дундаас доош орлоготой иргэдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад тамхины татварыг нэмэгдүүлэх замаар тамхины үнийг өндөр болгож хэрэглээг амжилттай бууруулдаг олон улсын туршлага байдаг ажээ.

Энэ талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн зөвлөх Анагаах ухааны доктор Г.Цэцэгдарь “Тамхины хяналтад хамгийн гол асуудал бол татвар байдаг. Тамхины онцгой албан татварыг нэмснээр тамхины үнэ өсөж, өсвөр насны хүүхдүүд тамхинд орох эрсдэлийг багасгадаг.

Бас нэг үр дүнтэй арга бол тамхины ширхэглэн худалдааг зогсоох юм. Хуулиар тамхи ширхэглэн худалдах нь хориотой хэдий ч нууцаар тамхины ширхэглэн худалдаа байсаар байна. 

Энэ нь хүүхдүүдийг тамхийг сонирхож татаж үзэх, ганц нэгээр нь авч татах, яваандаа тогтмол татдаг болох үйл явцыг дэмжээд байгаа юм” хэмээн ярьж байсан юм.

Тиймээс тамхины онцгой албан татварыг нэмснээр тамхины хэрэглээг бууруулах, улсад нэмэлт сан үүсгэх, олон хүний амь насыг аврах боломжтой болох нь ээ.

Түүнчлэн нийтлэлийн эхэнд дурдсан Б.Батбаярын адилаар иргэн та ч бас яг одоо шийдээд хорт утааг уушгилахаа зогсоож, бүрмөсөн тамхинаас гарах боломжтой юм. Б.Батбаярын ярьснаар тамхинаас алгуурхнаар гарах гэж оролдохоос илүүтэй шийдвэр гарган, шууд болих нь үр дүнтэй байсан гэв. Тэрбээр одоо хорт зуршлаасаа салаад 3 жил болж байгаа бөгөөд биеийн эрүүл мэнд нь сайжирч, амьсгаадахаа больсон байна. Түүнд одоо тамхи татах хүсэл ердөө ч төрдөггүй, үнэрт нь хүртэл дургүй болсон гэнэ. 

Б.Батбаярын тамхинаас гарсан аргыг Оксфордын их сургуулийн судлаачид ч баталжээ. Тэдний хийсэн судалгаагаар хорт утаанаас аажмаар гарна гэж боддог хүмүүсээс шууд хаяна гэж бодоод эрс шийддэг хүмүүс 25 хувиар илүү үр дүнд хүрдэг нь тогтоогдсон байна.

“Тамхиа хаях тохиромжтой өдрийг сонгоод өөртөө амлалт өг. Тэгээд ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүй шууд хая” гэж судалгааг удирдсан профессор зөвлөсөн байна.