Зураг
Зураг
Индэр    
2018 оны 5 сарын 17
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

Цус ихтэй Монголчууд

Зураг

2018 оны 5 сарын 17 өдөрт ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР тохиодог. Манай гараг дээр цусны даралт ихсэх өвчинтэй 1.1 тэрбум хүн амьдардаг. Өөрөөр хэлбэл 100 хүн тутмын 22 нь уг эмгэгтэй байна (ДЭМБ, 2018 он). 

Цусны даралт ихсэх өвчний гол хүндрэл бол ТАРХИНД ЦУС ХАРВАХ ЭМГЭГ билээ. Монгол орон тархинд цус харвах эмгэгээр Дэлхийн 210 гаруй орноос 1-2 БАЙР-ыг эзэлдэг (ДЭМБ, 2017 он). Цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг бол хоол хүнсэндээ ДАВС-ыг хэтрүүлэн хэрэглэх дадал зуршил юм. 

Хүн өдөрт давсыг 6 гр-аас дээш хэмжээгээр хоол хүнсэндээ хэрэглэхэд цусны даралт ихэсдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Монгол хүн хоол хүнсэндээ өдөрт дундажаар 10-12 гр давс хэрэглэж байна (ЭМЯ, 2014). Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс (6 гр-аас ихгүй) 2 дахин их үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 8 нь давсыг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг.

Давсыг хэтрүүлэн хэрэглэхэд яагаад цусны даралт ихэсдэг вэ?

Артерийн судсаар урсаж буй цус ханандаа үзүүлэх даралтыг бид цусны даралт хэмээн ойлгоно. Хэвийн үед артерийн судсанд агуулагдаж буй цус ханандаа үзүүлэх даралт 120/80 мм.муб байдаг. Бид хөл гараа гэмтээх үед үрэвслийн улмаас эд эс завсар шингэн хуримтлагдан хавагнаж хавддаг. Энэ үед давстай хар цайгаар боолт хийхэд хаван буурдаг. Яагаад гэвэл давс ихтэй уусмал усыг өөртөө татах шинж чанартай учраас тэр юм.

Хоол хүнсэндээ давс ихээр хэрэглэхэд цусанд агуулагдах давсны хэмжээ нэмэгдэнэ. Цусанд агуулагдах давсны агууламж их байвал усыг өөртөө татаж эргэлдэх цусны хэмжээ ихэсдэг. Улмаар судасны хананд үзүүлэх даралт нэмэгдэж цусны даралт ихэсч эхэлнэ. Цусны даралт тогтмол ихэссэнээр цусны даралт ихсэх өвчин бий болдог.

Монгол хүн давсыг яагаад хэтрүүлэн хэрэглэх хандлагатай болов?

Биеийн хүчний ажил хөдөлмөрийн үед давстай хар цай уухад ядарч тамирдах нь бага хэмээн зарим хүмүүс зөвлөдөг болохыг сонссон байх. Энэ үг үнэн магадлал тун өндөр. Биеийн хүчний хүнд ажил хөдөлмөр хийхэд хүн ус болон эрдэс бодисоо хөлөрч гадагшлуулна. Үүний үр дүнд эргэлдэх цусны хэмжээ багасч бодисын солилцоо тэр бүр эрчимтэй явагдаж чаддаггүй. Хэрвээ хүнд ажлын үед давстай цай уухад бие организм усаа хөлөрч гадагшлуулах үйл явц багасна. Хүний биед ус баригдаж эргэлдэх цусны хэмжээ нэмэгдсэнээр бодисын солилцоо сайн явагдах боломж бүрдэж ядарч сульдах нь багасдаг байж болох юм. 

Монгол орон эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1,500м өндөр, агаарын чийгшил бага зэрэг онцлог нь бие организм хөлөрч усаа гадагшлуулах хандлагатай байхыг үгүйсгэхгүй. Бие организмд ус баригдахгүй гадагшлах нь үл ялиг цусны даралт буурах, ядарч сульдах, тамирдах хандлага их байж болох юм. Энэ онцлогт Монгол хүн дасан зохицохын тулд давсыг хэтрүүлэн хэрэглэх дадал зуршил бий болох магадлалтай юм.

Тэгвэл бид яавал зохилтой вэ?

Магадгүй, Монгол хүн дээрх онцлогт зохицохын тулд давсыг хэтрүүлэн хэрэглэх дадал зуршлаасаа шалтгаалж цусны даралт ихсэх хандлагатай байж болох юм. Судалгаагаар хүн өдөрт давсыг 6 гр-аас дээш хэрэглэхэд цусны даралт ихэсч тархинд цус харвах, зүрхний зүүн ховдол томрох, зүрхний дутагдал үүсэх, хавагнах, яс сийрэгжих эрсдэл нэмэгддэг болохыг баталжээ. Иймд бид хоол хүнсэндээ давсыг хэвийн хэмжээнд хэрэглэж сурах нь маш чухал.

Тухайлбал, өдөрт хэрэглэх давсны хэмжээг 10 граммаас 6 гр бууруулахад тархинд цус харвах эмгэгээр нас барах эрсдэл 16%, зүрхний ишеми өвчнөөр нас барах эрсдэл 12% буурдаг болохыг тогтоосон.  Ийм учраас бид эргэлдэж буй цусны хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн давсыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Харин давсыг хэтрүүлж биш зохистой хэвийн хэмжээнд хэрэглэхийг урьтал болгох ёстой