Индэр    
2018 оны 5 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Ууганцэцэг: Бид даашинзаар дамжуулж дурсамж үйлдвэрлэдэг

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуримын цагаан даашинз бол эмэгтэй хүний хамгийн нандин гоёл. Амьдралд ганц тохиох энэ баярт өдөр хамгаас онцгой, үзэсгэлэнтэй харагдахыг эмэгтэй хүн бүр хүсдэг болов уу.

Урин дулаан улиралтай зэрэгцэн хуримлах ёслолын тоо нэмэгддэг. Тиймээс ч ирж буй энэ цаг үед бид "Хайрын хурим" салоноор зочилсон юм. Тус салон нь хуримын төдийгүй бүх төрлийн хувцас захиалгыг хийж гүйцэтгэдэг, орчин үеийн загварын хандлагыг Монголдоо нэвтрүүлэхийг зорьж ажиллаж буй юм. Мөн тун удахгүй энэ сарын 25-нд Монголын анхны хуримын даашинзны шоуг зохион байгуулах гэж байгаа аж.

Ингээд "Хайрын Хурим" салоны захирал, дизайнер Б.Ууганцэцэгтэй ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? "Хайрын хурим" салон анх хэзээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? 

-"Хайрын Хурим" салон нь хуримын хувцасны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд 12 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд 2,000 гаруй хуримын даашинз урлаад байна.

Одоо бид зөвхөн хуримын даашинз гэлтгүй бүх төрлийн даашинз, дээл, хувцсыг хийж байна. 

- 12 жил хуримын даашинз урласан гэж байна. Монгол эмэгтэйчүүд ямар хуримын даашинз илүү сонирхож байна вэ?

Хувцас загвар жил бүр хувьсан өөрчлөгддөг шиг хуримын даашинз ч мөн жил бүр өөрчлөгдөж байна. Монгол эмэгтэйчүүдийн хувьд дэрвэгэр даашинзыг илүүд үзэж байгаа нь ажиглагддаг.

Мөн сүүлийн үед хүмүүсийн загварын мэдрэмж, мэдлэг сайжирч, өвөрмөц, содон загваруудыг хүлээж авч чаддаг болсон байна. Энэ нь хуримын хувцсаа сонгож буй хосуудын дунд их ажиглагддаг. Эмэгтэйчүүд хуримын даашинзаа сонгохдоо их ач холбогдол өгч, дахин давтагдашгүй дүр төрхтэй байхыг хүсдэг болсон.

- Монголын анхны хуримын даашинзны шоуг зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

- Тийм ээ. Бид тавдугаар сарын 25-нд Шангрилла зочид буудалд 150 хүн хамарсан "30 даашинз" нэртэй Монголын анхны хуримын хувцасны шоуг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна.

Энэ шоугаараа Монгол хүний онцлогт тохирсон, загвар нь бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, сүүлийн үед тренд болж буй материалаар хийсэн, даашинзны төрлийг бүх талаас нь харуулсан 30 даашинзыг танилцуулах болно. 

- Яагаад энэ шоуг хийх болсон юм бэ?

- Монголчууд хуримаа их сайхан, өргөн дэлгэр хийдэг болсон байна. Мөн жил ирэх тусам хурим хийж буй хосуудын тоо нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байгаа. Үүнийгээ дагаад хувцсандаа их ач холбогдол өгч, анхаардаг болсон. Тиймээс 12 жил хуримын даашинз хийсэн туршлага дээрээ үндэслэн Монголдоо анхны хуримын даашинзны шоуг зохион байгуулахаар болсон.

Энэхүү шоугаа цаашид ч уламжлал болгон жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

 

- Сүүлийн үед ямар загвар, материал тренд болж байна вэ?

-  Хуримын даашинз жил ирэх тусам хөнгөрч, нимгэрч байна. Өмнө нь даашинз их хүнд байдаг байсан бол, одоо материал нь олон сонголттой болж даашинз хөнгөрч байгаа.

Сүүлийн үед хатуу, хатгамалтай, гэрэлтсэн, чимэглэл ихтэй материалууд тренд болж байна. Ер нь загвар нь ч өөрөө задгай, чөлөөтэй тал руугаа чиглэдэг болсон. Ажиглаад байхад бүсгүйчүүд маань ихэвчлэн энгэр нь задгай, биеийнхээ гоо сайхныг илүү тодотгох зориулалтаар хөлөө гаргасан, гэрэлтдэг материалыг сонгож даашинз хийлгэх нь их болсон.

Манай салоны хувьд хуримын даашинзны техник, материалын онцлог, хэлбэр дээр илүү анхаардаг. Хуримын даашинз гэлтгүй өөр хувцсан дээр ч энэ зарчмаа баримтална.

- Шоуны үеэр танилцуулах даашинзууд бүгд өөр өөрийн онцлогтой гэлээ? 

- Тийм ээ. Жишээ нь, хуримын үеэр оройдоо хүйтэрдэг шүү дээ. Өдөржин дан даашинзтайгаа яваад байна гэж байхгүй. Өмнө нь энэ тохиолдолд даашинзныхаа гадуур шуба, пиджак, цамц өмсдөг байсан. Тиймээс үүнийг шийдэж бомбер куртканууд хийж өгсөн. Энэ куртканууд нь ч мөн даашинзныхаа загвар, материалуудтай уялдуулсан өөрийн онцлогтой.

 

- Даашинзны үнэ хэд байдаг вэ?

- Бид жилд 100 гаруй даашинз хийдэг. Үнийн хувьд материал, хийцлэлээсээ шалтгаалаад нэг сая төгрөгөөс эхэлж байгаа. Хамгийн үнэтэй даашинз нь 10 сая төгрөгөөр хийгдэж байсан.

- Нэг даашинз хэд хоногт гардаг вэ? Энэ жил захиалга ихтэй байна уу?

- Зун цаг ирж, хуримын сезон ч эхэлж байна. Энэ жилийн хувьд хуримын даашинзны захиалга харьцангуй их байна. 8-9 дүгээр сард болох хуримын захиалгууд их байгаа.

Даашинз ажиллагаа, хийцлэл, загвараасаа хамаарч хугацаа нь өөр байдаг. Хамгийн багадаа нэг сарын дотор хийдэг. Хуримын даашинз өөрөө их үнэ цэнэтэй хувцас учраас бид олон дахин задалж, эсгэж, машинаар оёхыг хүсдэггүй. Энэ зарчмаа бариад үйлчлүүлэгчийн хүсэл, сонирхлыг сонсож, зөвлөж, сайтар ярилцаж, зөвшилцөж байж хийж эхэлдэг.

- Та загвар зохион бүтээгчээр ажиллаад хэр удаж байна вэ? Яагаад заавал хуримын даашинз хийх болсон юм бэ?

- Миний хувьд 18 жил дизайнераар ажиллаж байна. Манай салон 2005 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үед хуримын хувцасны дэлгүүр байхгүй, хуримын хувцасны захиалга авдаг газар ч байдаггүй байсан. Гэхдээ одоо бол хуримын хувцасны маш олон брэндүүд, оёдог, захиалга авдаг газрууд байна. 

Тиймээс энэ хэрэгцээ, шаардлагыг харж хуримын хувцасны салонтой болох зорилго тавьж, өөрийн найз Туултайгаа хамтран "Хайрын хурим" салоноо байгуулсан.

Эмэгтэй хүнийг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулж чадах даашинзыг хийх нь надад их сайхан байдаг. Бид даашинзаар дамжуулж дурсамж үйлдвэрлэдэг.

 

Түүнчлэн, даашинзаа урлахдаа би хийцлэл, техникдээ илүү анхаардаг. Ганган, гоё байлгах гэж элдэв зүйл наахаас илүүтэй тухайн хүнд ямар даашинз зохиж, сайхан харагдах вэ гэдгийг чухалчилдаг. Манай даашинзуудыг харвал тийм ч их чимэглэл, ганган зүйл байхгүй. Гэхдээ тухайн даашинзанд өмсөх хүнийхээ мөрийг, хөлийг, чээжийг гоё харагдуулах гэсэн текник шингэсэн байдаг. 

- Хуримын даашинз сонгохдоо юуг голчилж анхаарах хэрэгтэй вэ? Та бүсгүйчүүддээ хандан зөвлөмж өгөөч.

- Би үйлчлүүлэгчидтэйгээ юун түрүүнд маш сайн ярилцдаг. Даашинз бэлэн болсны дараа үсээ, гутлаа ингэж сонговол зүгээр гэх зэргээр зөвлөгөө өгдөг. 

Миний хамгийн гол хэлдэг зүйл бол "Чи өөрөө л гоё. Өөрийгөө илэрхийлэх гоё загварыг гаргах нь чухал. Тэрнээс үсэндээ 10 чимэглэл тавьж, даашинзаа олон өнгөөр солонгоруулж, элдэв зүйл наалаа гээд гоё харагдахгүй". Одоо бүх зүйл маш энгийн, минималист, хөнгөн гоё болсон шүү дээ. Энгийн байх тусмаа л сайхан, ихдүүлж, хэтрүүлж болохгүй. 

- Хуримын даашинз зөвхөн цагаан өнгөтэй байдаг гэсэн ойлголт байхаа болиод уджээ. Энэ талаар таны бодол?

- Бүсгүйчүүд маань гоёлын даашинзыг хүссэн үедээ бүх төрлийн өнгөөр нь өмсөж болно. Тиймээс шинээр гэр бүл болж буй Монгол хосууд амьдралын замаа сүүн цагаан замаар эхлүүлэх хэрэгтэй гэж би боддог.

Тэр утгаараа хуримын даашинз цагаан л байх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд даашинзны чимэглэлийг өөр өнгөөр хийж өгвөл гоё харагддаг.