Зураг
Зураг
Индэр    
2018 оны 5 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

С.Молор-Эрдэнэ: Өнөөдрийн Монгол Улс Чингист биш Маркст баярлах хэрэгтэй

Зураг

Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой энэ оны тавдугаар сарын 5-нд буюу маргааш тохиож буй юм.

Тиймээс бид Марксын 200 жилийн ойг тохиолдуулан философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

- Юун түрүүнд яриагаа энэ хүний талаар эхлүүлье. Одоогийн залуу үе сайн мэдэхгүй байх.

- Карл Маркс нь Германы иргэн, философич. Маркс дэлхийг өөрчлөх том том онол гаргаж “Капитал” нэртэй улстөржсөн эдийн засгийн тухай сонгодог ном бичсэн. Мөн найз Энгельстэйгээ хамтарч дэлхийд алдартай "Коммунизмын тунхаг" гэж ном бичсэн. Энэ түүний хоёр чухал ном.

Капитал номд эдийн засаг, улс төр хоёр салшгүй холбоотой гэсэн байдаг. Эдийн засгийг улс төрөөр зохицуулахгүй бол эдийн засаг бие дааж болохгүй. Бие даачихвал ашгийн төлөө явчихна, хөрөнгөтнүүд үүснэ. Хөрөнгөтнүүд нэмэгдсэнээр ядуурал ихэснэ гэх мэт давхар асуудлуудад орно. Тиймээс улстөрийн зохицуулалтаар эдийн засгийг зөв чигт нь барьж явахгүй бол болохгүй нь гэсэн агуулгатай ном.

Харин "Коммунизмын тунхаг бичиг" номон дээр одоо яг яах ёстой талаар бичсэн байдаг. Зүгээр нэг онолдоод суулгүй, үйл ажиллагаа руу нь орсон. Юу гэхээр орон бүхний пролетари нар нэгд, тэмц, учир нь баячууд хэзээ ч ханахгүй гэж 150 жилийн өмнө ярьж байсан байна.

- Марксын тухай ярих нь өнөөдөр яагаад чухал вэ?

- 2008 онд АНУ-д эдийн засгийн хямрал болоход Марксын хэлсэн үнэн байж гэдгийг тэд ухаарсан. Капиталистууд, хөрөнгөтнүүд, либерализмынхан улс орныг цөлмөөд, баяжаад л явах юм байна гэдгийг Америкчууд ухаарсан. 

Ашгийн төлөө хөрөнгөтний нийгмийг зогсоохгүй бол дэлхийг сөнөөнө шүү гэдгийг Маркс хэлсэн байдаг. Яг л хэлснээр нь болж, дэлхийг баллаж байна. Монгол Улсад ч капиталистууд байна, хэдэн сайд, дарга нар нь баяжаад эхэлчихсэн.

- Капитализм яагаад буруу гэж?

- Капитализм бол ашгийн төлөө нийгэм. Ашиг гэдэг шунал. Шунал хязгааргүй. Нэг хүн шуналтай байхад заавал нөгөө талын хүн мөлжих шаардлага гарч байна. 

"Өнөөдөр бид орчин үеийн нийгэм рүү орж ирсэн нь Орос, Хятад хоёрын гавьяа"

- Марксизм-Ленинизмын талаар тайлбарлахгүй юу?

- Ленин Марксын номыг уншаад Орос улсыг хэрхэн барууны хөрөнгөтнүүдээс аварч, Оросыг шинэ замд гаргах уу гэж бодсон. Орос чинь тэр үед тариачны орон байсан, маш том газар нутагтай, баян улс байсан. Тиймээс барууны капиталистууд орж ирж эзэлчих гээд байдаг байсан. Ингээд Ленин үүний эсрэг арга хэмжээ авч, социализмыг Орос улсад байгуулсан. 1917 онд Орос хүн ноёны боол, баяны зарц биш, бүгд адил тэгш эрхтэй болохын төлөө хувьсгал хийж, ноёд, феодал, баячуудын эрхийг хязгаарласан. Заримынх нь хөрөнгийг хурааж авсан. Ингээд Марксизм-Ленинизмын онол гарсан.

Хятадад Маоизм гэж бий.  Хятадын Мао Зэдун Маркс-Ленины номыг уншаад иргэд, тариачдаа баячууд, хөрөнгөтнүүдээс салгахын тулд мөн л хувьсгал хийсэн. Тухайн үед баяны хүүхэд л дээд сургуульд сурдаг байсан. Хувьсгал хийгээд тариачны хүүхэд сургуульд сурдаг болсон. 

Манайд болохоор 1940-өөд оноос хойш нийгмээ социализмжуулж эхэлсэн. Социализмжуулна гэдэг нь нийгмээ бичиг үсэгтэй болгохыг хэлж байгаа юм. Ардын хувьсгалаас өмнө нийтээрээ бичиг үсэггүй байсан. Мөн маш хожуу бид байшинд амьдарч эхэлсэн. Тэрнээс өмнө эсгий гэрт л амьдарч байсан шүү дээ. 

Өнөөдөр бид орчин үеийн нийгэм рүү орж ирсэн нь Орос, Хятад хоёрын гавьяа. Монгол Улсын газар нутаг чинь Чингисийн үлдээсэн газар нутаг биш. Хиагтын гэрээгээр Орос, Хятад хоёр энэ газар нутгийг Монголыг эзэмшихийг зөвшөөрсөн юм.

Тиймээс биднийг орчин үеийн тав тухтай, цэвэрхэн, бүдүүлэг биш энэ амьдрал руу Маркс л оруулж өгсөн. Өнөөдрийн Монгол Улс Чингист биш Маркст баярлах хэрэгтэй. 

- Таныхаар Монголчууд Марксыг ойлгосон уу?

- Монголчууд Марксыг ойлгоогүй. Ойлгож байсан хэдэн хүмүүс байсан. Гэхдээ 1990 оны Ардчилсан хувьсгалаар феодализм болгох гэсэн хүмүүс баллачихсан.

Бидний амьдралын бүх үе шатад Марксын онол байна. Гэр бүлийн амьдрал, сургуулийн боловсрол бүгд л Маркстай холбоотой. Бид Марксыг ярих ёстой.

Чингисийн үед төртэй, хуультай байсан л гэдэг. Энэ бол худлаа. Тэр үед төр ч, хууль ч аль нь ч байгаагүй, нэг ширхэг байшин ч байгаагүй. Бид социализмын үед л байшинтай болсон. Монгол Улс ардын хувьсгалаас өмнө төргүй байсан.

Анх социализм бүтээе, байгуулъя гэж хүн төрөлхтөнд хэлсэн хүн бол Маркс. Баячууд, ноёдуудаас салж, бүгд адилхан тэгш эрхтэй больё гэж тэр хэлсэн. 

Тэгш эрх байхгүй бол зөвхөн баячууд, ноёдуудад л бүх зүйл боломжтой. Энгийн иргэнд сурах, аз жаргалтайгаар амьдрах, ямар ч боломж, эрх чөлөө байхгүй. Тэгш эрх байхгүй цагт эрх чөлөө ярих ямар ч боломжгүй. 

Нүүдэлчин хүн маш эрх чөлөөтэй л гэдэг. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Эрх чөлөө нийгмийн амьдралд л яригдана, тэрнээс гадаа хээр морьтой давхиж буйгаа эрх чөлөө гэж хэлж болохгүй. 

Өнөөдрийн Монголын нийгэмд сэхээтнүүд төрөхгүй байна

Эрх чөлөө гэр бүлийн амьдрал, ээж, аав, хүүхэд хоорондын тэгш эрх, харилцаанд яригдана. Хувь хүний эрх чөлөө, хүн өөрийн гэсэн эрхтэй байх ёстой гэдэг онол Марксаас л гаралтай. Социализм гэдэг ийм л нийгэм байсан. Харин Монголчууд социализмыг ойлгоогүй. 

Тухайн үед философийн мэдлэг байхгүй байсан учраас Марксын "Капитал", "Тунхаг бичиг" зэрэг номнуудыг их алдаатай орчуулсан байдаг. Хамгийн том алдаатай орчуулга бол “Ахуй анхдагч ухамсар хоёрдогч”. Энэ бол 100 хувь буруу орчуулга. Яг үнэндээ тэр юу гэж хэлсэн гэвэл "Чиний хэрхэн амьдарч, оршин тогтнож байгаа нь л чиний ухааныг тодорхойлно. Боловсролтой бол. Боловсролгүй бол чиний ухаан хөгжихгүй" гэсэн байдаг.

Хэчнээн мундаг хүний хүүхэд байгаад өөрөө боловсролгүй бол яах вэ. Манайд "мундаг хүний хүүхэд мундаг байдаг" гэсэн сэтгэхүй байдаг. Яг үнэндээ тийм зүйл байхгүй. Аваргын хүүхэд аварга биш. Монголын нийгэмд тэгш эрх яригдахгүй байна. 

Тиймээс л социализмын үед Монголчуудыг сүм хийд, эсгий гэрээсээ гарч боловсролтой бол гэж байсан. Гэтэл бид өнөөдөр ямар байна вэ. Аймаг, сум болгонд сүм хийд, дуган барьж байна. Ерөнхий боловсролын сургууль, номын сан барьж байгаа сургууль хаана байна вэ.  Яагаад бид хүн төрөлхтний мэдлэг боловсролтой социализмын үед уулзаж, учирчхаад өнөөдөр мухар сүсэгтээд байгаа юм. Энэ л миний хувьд том асуулт болчихоод байна. 

- Нийгэм гэж юу вэ. Таны тодорхойлолтыг сонсоё?

- Бид нэг нийгэм болж чадахгүй байна. Нийгэм гэдэг тэгш эрхтэй хүмүүсийг хэлнэ. Бид нийгэм болохын тулд хэн хэндээ саад болохгүй, нэгнээ залилахгүй, нэгэнтэйгээ бүдүүлэг харьцахгүй,  хэний хүүхэд байх хамаагүй, тэгш эрхтэй харьцах ёстой.

Гэтэл бид нийгэм болж чадахгүй, феодализмаараа л яваад байна. Хүний ямар гар утастай, ямар найзтай байх нь л чухал болсон. Хүнтэй зүгээр гэр бүл болоод, хурим хийгээд амьдарч чадахгүй, заавал ламаас очиж асууж байна. Жил тааруулж, заяаны ханьтайгаа сууна ч гэх шиг. Өнөөдөр 21 дүгээр зуунд бид жил таарсан хүнтэйгээ сууна гэчихсэн ийм доод түвшинд явж байж болохгүй. 

Уг нь 1940-өөд оны үед Марксын онолоор бүгд эсгий гэрээсээ гараад Улаанбаатар хот руу орж ирсэн юм. Ингээд бүгдээрээ мэргэжилтэй, ажилтай болсон. Гэтэл 1990 онд хувьчлал гэдэг гайгаар үүнийг устгасан. Тэр үед Улаанбаатар луу хоёр дахь том нүүдэл орж ирсэн. Гэхдээ аймаг, суманд нь үйлдвэр нь устчихсан, ажилгүй болчихсон хүмүүс ирсэн. Ингээд эсгий гэртэйгээ ирээд Улаанбаатараа тойроод суурьшчихсан.

Тэд Улаанбаатарт ажил олдох байх гэж ирсэн боловч хамгийн доод түвшний ажлуудыг л хийж байна. Тиймээс бид баларч, бид дүүрч гээд хүүхдүүдээ сайн боловсролтой болог гээд Улаанбаатарын бүтэхгүй хэдэн их сургуулиудад мөнгө төлөөд оруулж байна. Нөгөөдүүл нь бүгд мөнгө авдаг бизнесийн байгууллага болчихсон. Тэрийг төгсөөд олигтой сэхээтэн болох ч үгүй. Социализмын үед МУИС-ийг төгссөн хүн сэхээтэн болдог байсан, гэтэл өнөөдөр чи сэхээтэн болохгүй. 

Өнөөдөр Монголын нийгэмд сэхээтнүүд төрөхгүй байна. Марксын хамгийн гол онол нь сэхээтнүүд төрөх. Сэхээтнүүд гэдэг нь нийгмийг бүтээж босгож буй цалингаараа амьдардаг хүмүүс юм. Эмч, багш гэх мэт.

Тиймээс манай оронд шинэ үеийн "шинэ феодализм" ирчихсэн. Монгол Улс эргээд "феодалын" орон болчихоод байна. Энэ талаар би "Тэгш эрх, Тэгш боломж" номон дээрээ ч бичсэн байгаа. 

- Тэгвэл бид феодалын нийгмээсээ яаж гарах вэ?

- Өнөөдөр хүн ядуу явах, зовж явахыг мэдээжийн асуудал, хувь заяа гээд байна. 21 дүгээр зуунд хувь заяа байж болохгүй.

Яаж энэ баян, ядуугаар ялгаварласан, дандаа мөнгө ярьсан заваан нийгмээс салах вэ. Мөнгө хэзээ ч аз жаргал авчрахгүй. Нэгнээ хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх нь л аз жаргал авчирна шүү дээ. Монгол тулгатны зуун эрхэм гэж балай нэвтрүүлэг байна. Хэдэн феодалууд суучихаад нэгнээ магтаад л.

Тэгэхээр бид Марксын онолыг хэрэгжүүлж байж л энэ феодалын нийгмээс сална. Гэвч манайд феодалын нийгмээс салгаж орчин үеийн нийгэм рүү аваачих шинжлэх ухааны хүрээлэн алга, улс төрийн байгууллага байхгүй, их сургуулиудад лекцүүд ч орохгүй байна. Учир дутагдалтай байна. 

Бид шинэ феодалын нийгмээсээ салахын тулд мэдээж хувьсгал хийж болохгүй. Тиймээс боловсролоор, эв нэгдлээр, нэгнээ хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байж л орчин үетэйгээ хөл нийлүүлнэ. 

-"Тэгш эрх, Тэгш боломж" ном Марксын 200 жилийн ойтой давхацсан байна. 

- Ном маань сарын өмнө хэвлэгдэн, яг цаг үеэ олж, амжиж гарсанд баяртай байна. "Тэгш эрх, Тэгш боломж" ном нь шинэ феодализмаас салгах зориулалттай.

Өнөөдрийн Марксын яриад байгаа хамгийн том ойлголт бол тэгш эрх. Хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Хэн ч удам угсаа, баян тансаг байдал, эрх мэдлээрээ илүү эрх эдэлж болохгүй. Үүнийг л Маркс хэлээд байгаа юм.