Индэр    
2018 оны 5 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Гадаад руу урсаж буй эмчилгээний зардлаас 200 ДАХИН БАГЫГ эмч нараа сургахад зарцуулж байна

Зураг

Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчилгээнд хамрагдсан /Монголд эмчлэгдэх боломжгүй/ иргэдийн дийлэнх нь эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас гадаад улсад эмчилгээнд хамрагджээ.

2015-2016 онд дээрх гурван өвчлөлийн улмаас 198 иргэн гадаадад эмчлүүлсэн нь нийт гадаадад эмчлүүлэгчдийн 71.2 хувийг эзэлж байна. Тэдний эмчилгээндээ зарцуулсан мөнгө нь нийт гадаадад эмчилгээнд зарцуулсан мөнгөний 68.9 хувийг бүрдүүлж байгаа аж.

Иргэд гадаадын аль улсад хэчнээн төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэснийг харвал:

График 1: 

Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн нийт иргэдийг явсан улсаар нь ангилан үзвэл БНСУ-д 41.3 хувь, БНЭУ-д 26.6 хувь, БНХАУ-19 хувь үлдсэн хувийг бусад оронд эмчилгээ хийлгэсэн байна.

График 2:

Гадаад улсад эмчилгээ хийлгэсэн иргэдийн зарцуулсан мөнгөн дүнгээс харахад БНСУ-д 8 тэрбум 155 сая 287 мянган төгрөг, БНЭУ-д 4 тэрбум 408 сая 112 мянган төгрөг, БНХАУ-1 тэрбум 813 сая 044 мянган төгрөг эмчилгээний зорилгоор зарцуулжээ. 2017 онд монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн шалтгаанаар дээрх гурван улсад л гэхэд манай иргэд 14.4 тэрбум төгрөгөө үлдээгээд ирсэн.

Нэг айлаас 75 сая, Монгол Улсаас 103.5 тэрбум төгрөг "гадагшаа урсгана"
 

Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн шалтгаанаар Турк улсыг зорьж эмчлүүлэхээр бэлдэж буй нэгэн хүүгийн ах саяхан манай редакцид хандан тусламж хүссэн юм.

Түүний захидалд "Миний нэрийг Пүрэврагчаагийн Баттулга гэдэг. 

Миний дүү С.Шинэбаяр нь 2018 оны 5-р сарын 5-нд 18 нас хүрнэ. Гэтэл тархины хавдар гэсэн өвчнөөр оношлогдсон. Тархины хавдрын хагалгаа нь хүндрэлтэй хагалгаа бөгөөд дотооддоо хийх боломжгүй гэсэн.

Турк улсын “Liv” эмнэлгийн эмч нар хагалгаа хийж, хүнд өвчнөөс ангижруулах боломжтой гэсэн хариу өгсөн ч тус хагалгааг хийлгэхэд зөвхөн үйлчилгээний зардал нь 30,000 доллар буюу 75 сая төгрөг болох юм байна. Эмчлэх боломжтой гэсэнд нь өөдрөг байгаа ч тус хагалгааны төлбөрт зарцуулах мөнгийг богино хугацаанд бүрдүүлнэ гэдэг  өргөн олон ард түмнийхээ дэмжлэг туслалцаагүйгээр боломжгүй зүйл гэдгийг маш ихээр мэдэрч байна" гэсэн байв.

С.Шинэбаярын ар гэрийнхэнтэй холбогдох, түүнд туслахыг хүсвэл 99799596 утсаар болон  ЭНД дарж мэдээлэл авна уу.

Энэ мэт олон айлд гэнэт их хэмжээний буюу 50, 60, 70 зарим тохиолдолд 100 гаруй сая төгрөгийн хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлага тулгаран ард түмнээс тусламж гуйхад хүрдэг. Нэг өрхөөс л ийм хэмжээний зардал гардаг бол Монголчууд нийтдээ гадаадад эмчлүүлэхдээ хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?

Статистик мэдээллээс харвал:

  • 2017 онд эмхэтгэн гаргасан "Монгол Улсын эрсдэлийн тойм" тайланд дурдсанаар 2016 онд Монголчууд 103.5 тэрбум төгрөгийг гадаад улсад хийлгэсэн эмчилгээндээ зарцуулсанбайна.
  • Мөн 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсруу аялсан хэмээн Монголбанкнаас гаргасан "Гадаад улсад эмчлүүлэгч иргэдийн зардлын судалгаа"-нд онцолжээ.
2018-2019 онд БНСУ, Япон, ХБНГУ, АНУ-д 103 эмч, мэргэжилтнийг сургана

2017 оны байдлаар гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж байсан 39 өвчнөөс 9 өвчнийг эх орондоо эмчилдэг болжээ. Үүнд,

  1. Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал - УГТЭ
  2. Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай мальформац - УГТЭ
  3. Ретинобластомийн улмаас нүд авахуулсны дараах нөхөн сэргээх мэс засал - УГТЭ
  4. Абляци эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний хэм алдагдал - УГТЭ
  5. Улаанхоолой-цагаан мөгөөрсөн хоолойн фистул - ХСҮТ
  6. Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй, том мөчид болон цээжний хэлбэр алдагдсан сорив-ГССҮТ
  7. Төрөлхийн адреногениталь хам шинж - ЭХЭМҮТ
  8. Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл - Хувийн эмнэлгүүд
  9. Эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдэл - Хувийн эмнэлгүүд

 Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад есөн чиглэлийн 26 өвчин багтаж байна. 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Төгсөлтийн дараах гадаад сургалтын 2017-2020 оны тэргүүлэх чиглэл”-ийг баталж, гадаад улсад эмчлүүлж байгаа өвчнийг эмчилгээний технологийг сурч, эх орондоо нутагшуулах зорилгоор 28 сургалтын чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах  ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Д.Бямбасүрэн "Эрүүл мэндийн яамнаас гадаад оронд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа, дотоодод зайлшгүй хийх шаарлагатай эмчилгээ, үйлчилгээний жагсаалтыг гаргаж, тэр чиглэлээрээ эмч, мэргэжилтнүүдээ гадаадад мэргэжил дээшлүүлэх чиглэл барьж байна.

Эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургахад жилд 400-500 сая орчим төгрөг зарцуулдаг.

Эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургахад жилд 400-500 сая орчим төгрөг зарцуулдаг. 2018-2019 оны хичээлийн жилд БНСУ, Япон, ХБНГУ, АНУ-д 103 эмч, мэргэжилтнийг сургаж дадлагажуулна. Тухайлбал, БНСУ-ын Самсунг эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх, мэдэрлийн мэс заслын чиглэлээр зургаан эмч, мэргэжилтэн сургахаар болоод байна.

Эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс засал, аутизмын эмгэгийн оношилгоо, эмчилгээ, хиймэл үе суулгах гэх мэт чиглэлээр гадаадад мэргэжил дээшлүүлж байгаа. 

Эдгээр эмч, мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлж ирээд Монголдоо эмчилж чадахгүй байгаа өвчнүүдийг эмчлэх гадаад руу урсах мөнгөн урсгалыг багасгах юм.

Мэргэжил дээшлүүлээд ирсэн эмч, мэргэжилтнүүд өмнө хийж байгаагүй эмчилгээ мэс засал хийхэд тоног төхөөрөмжийн асуудал мэдээж тулгарна. Гэхдээ ямар ч байсан боломжоороо шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр ЭМЯ ажиллана" гэв.

Иргэд хоёр шалтгаанаар гадаад улсад эмчлүүлдэг

Уг нь бид нийтээрээ эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг хэдий ч зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн тохиолдолд л оношилгоо, эмчилгээнд зарцуулсан мөнгөн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг улсаас авдаг.  Хэзээ ч тохиолдож болох эрсдэл  буюу хүнд өвчний улмаас гадаад улсад эмчлүүлэх шаардлага тулгарахад бид эрүүл мэндийн даатгалаас дэмжлэг авч чадахгүй нөхцөлд байгаа.

Хэдийгээр сайн дурын хувийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг ч үүнд хүн болгон хамрагдах боломж тун бага. 

Иргэд Монголд эмчлэгдэх боломжгүй эсвэл илүү чанартай эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн гэсэн хоёр шалтгаанаар гадаад орныг зорьж эмчлүүлж байна. 

2017 онд Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар БНСУ, БНЭУ, БНХАУ-д манай иргэд 14.4 тэрбум төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Харин 2016 онд зайлшгүй гадаадад эмчлүүлэх ёстой болон илүү чанартай эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн иргэд нийлээд гадаад орнуудад 103.5 тэрбум төгрөгийн эмчилгээ хийлгэжээ.

Салбарын яамны зүгээс Монголд эмчлүүлэх боломжгүй өвчнүүдийг багасгах зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургах ажлыг хэрэгжүүлж байгаа ч үүнд зарцуулж буй мөнгө нь Монголчуудын гадны эмнэлэгт үлдээгээд ирсэн мөнгөтэй харьцуулахад маш бага буюу 2018-2019 онд эмч нарыг гадаадад сургахад зориулан 500 сая төгрөг төсөвлөсөн.

Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн дийлэнх нь эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс засал хийлгэсэн гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр эхний ээлжинд ядаж хамгийн олон тохиолдол бүхий эмчилгээ, хагалгааг эх орондоо эмчлэх боломжтой болохын төлөө дорвитой хөрөнгө оруулалт хийх нь нийтээрээ эрүүл мэнд, амь нас, санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх алхам болохоор.