Индэр    
2018 оны 4 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

380 жилийн настай нийслэл УЛААНБААТАР Архитектурын тухай хуульгүй!

Улаанбаатар хотын төлөвлөлт Монгол гэрийн зарчим дээр суурилсан гэдгийг та мэдэх үү?

Ардын хувьсгалаас өмнө амьдарч байсан урчууд, лам нар тухайн үеийн Өргөө хотыг гэр хэлбэрийн зохион байгуулалттайгаар барьжээ. Энэ нь 1911 онд Богд хааны зарлигаар 1911 онд Жүгдэр гэдэг зураач хүрээг зурсан байдаг. Монгол зургийн аргаар зурсан уг зургаас Хүрээ монгол гэрийн зарчмаар баригдсан нь харагдана. 

Гэрийн голд гал, галын хойно бурхан тахил буюу хамгийн хүндэтгэлтэй зүйлс байрлаж урагшаа харах бөгөөд урт тал бүхэлдээ нүдэнд торох зүйлгүй чөлөөтэй байгаа нь 1911 оны зурагт үлджээ.

 

Ингээд хувьсгал ялж их барилгын ажил эхэлсэн байна. Монгол Улсын анхны барилгын инженер н.Мото 1938 онд сургуулиа төгсөж ирээд тухайн үед хотыг цаашид хэрхэн барилгажуулах талаар анхны төлөвлөгөөг гаргажээ. 

Харин анхны ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын анхны архитектор Н.Чимэд 1953 онд хийж, гэр дээр суурилсан хотын ерөнхий зарчмыг хэвээр хадгалсан байна.

"Гэрээр дүрсэлбэл гал байх газар Д.Сүхбаатарын хөшөө, хойморт нь Төрийн ордон байрлах бөгөөд урагшаа онгорхой орхисон. Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт элдэв барилга барихгүй, зөвхөн амралт зугаалгын бүс байна гэж төлөвлөсөн байдаг. Дараа дараагийн төлөвлөгөөнүүд ч гэсэн энэ зарчмыг баримталсаар ирсэн. 

Харин 1990 онд улс орон маань шинэ нийгэмд шилжсэн. Нэг талаас юм чөлөөтэй болсон ч нөгөө талаас замбараагүй байдал газар авч аажмаар хотын ерөнхий төлөвлөгөө эвдэрсэн. Ингээд зогсохгүй болзошгүй гай гамшгийн үед түргэний, галын  машин орох аргагүй шахцалдсан байдалтай. Газар хөдөллөө гэхэд толгой хоргодох талбай байхгүй болсон. 

Хүмүүс санаж байгаа байх 40 мянгатын байшингууд дундаа том зайтай байсан. Монгол ахуй, хүмүүсийн чөлөөт цагаа гэрийнхээ гадаа сууж өнгөрүүлдэг хэвшилтэй холбогдуулан төлөвлөснийг сүүлийн үед нягтрал муутай баригдсан гэх мэтээр худлаа шүүмжлэн зальтай хүмүүс газрыг нь булааж авахаар хөөцөлдөж байна” хэмээн  Монголын Архитекторуудын Эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Бат ярилаа.

Тэгвэл бие биенээсээ үл хамаарагдах буюу ямар ч зохицолгүй, эмх замбараагүй барилгажилтыг хэрхэн зогсоох вэ?

Хэчнээн сайхан ерөнхий төлөвлөгөө хийгээд ч нэмэргүй буюу хэрэгждэггүй төлөвлөгөө
 
Гэрэл зургийг MPA.mn

Шинээр барилга барьж буй компаниуд барилгынхаа загварыг хэрхэн гаргадаг, орчин тойрны бусад барилгатай зохицол ямар байх талаар хууль журам бий эсэхийг тодруулахад, 

Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар:

Барилга барих зөвшөөрөл өгөхдөө тухайн орчинд хэдэн давхар барилга барих, ямар зай талбайтай байхыг тодорхой зааж өгдөг ч барилга нь ямар загвартай байх талаар тогтсон зүйл байхгүй орчинтойгоо зохицуулах ёстой гэсэн чиглэл л өгдөг байна.  Ингээд өгсөн чиглэлийн дагуу барилгын зураг төслөө хийлгээд ирсэн компаниудад зураг төсөл нь барилгын норм дүрмийг хангаж байгаа эсэхийг шалгаж зөвлөмж өгнө.

Тус газраас барилгын ажлын явцад хяналт шалгалтууд тогтмол явуулдаг ч зураг төслөөсөө өөрөөр барилга барих тохиолдлууд гардаг. Ингэсэн тохиолдолд ямар хариуцлага тооцохыг барилгыг хүлээж авах улсын комисс шийднэ гэв.

Барилгын хөгжлийн төв:

Тус төвийн Норм, нормативын хэлтсээс барилгад яг ямар тодорхой шаардлагууд тавигддаг талаар тодруулахад “Ямар зориулалтын барилга гэхээс хамаараад өөр өөр байдаг. Тус бүрээр нь гарган эмхэтгэх ажил хийгдэж байгаа" гээд өөр мэдээлэл өгсөнгүй.

Энэ талаар Монголын Архитекторуудын Эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Бат “Улаанбаатарт ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй байна. Бусад оронд ерөнхий төлөвлөгөө батлагдсан л бол энд тэдэн давхар, тийм өнгөтэй, ийм загвартай байшин барина гээд заагаад өгчихдөг. Гудамжаараа, хорооллоороо нэг загвартай байдаг. 

Ямар ч баян байсан хотод амьдармаар байгаа бол хотын соёлд захирагдах ёстой

Харин манайд хувийн өмч л бол яасан ч болно гэсэн ойлголттой. Өнөөдөр ямар ч баян байсан хотод амьдармаар байгаа бол хотын соёлд захирагдах ёстой. Гэтэл эсрэгээрээ мөнгөтэйгөөрөө бардаад норм, дүрмийг мөрддөггүй. Таван давхар барилга барих зөвшөөрөл аваад, 10 давхар болгоод барьчихна. Ингээд хариуцлага тооцох гэхээр авлига өгөөд аргалаад өөрийнхөө талд шийдвэр гаргуулчихдаг.

Улаанбаатарт ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй байгааг Энхтайваны өргөн чөлөөнөөс харж болно. Алхам тутамд цайны газар, ресторан байгаа. Гэтэл нэг газар нь таван алхам тутамд эмийн сан байх жишээтэй. Ерөнхий төлөвлөгөөгөөр бол ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний газрууд тодорхой зааж өгсөн зайтай байрлах ёстой. Энэ мэтчилэн томоохон барилга байгууламжаас авхуулаад бүх үйлчилгээг хаана байрлахыг архитектор хүн бодож тооцоолж, зураг төсөл гаргаж өгдөг” гэв.

“Улаанбаатарыг хот шиг байлгая л гэж байгаа бол Архитектурын тухай хууль батлах, ерөнхий төлөвлөгөөгөө мөрддөг болох ёстой"

Мөн тэрбээр хотын архитектурын талаар “Архитектур гэдэг зүйлийг манайхан ойлгохгүй байна. Барилгыг архитектур гэж ойлгодог. Гэтэл барилга бол архитектурын зөвхөн нэг л элемент.

Барилга байшин, цэцэрлэг, сургууль, амралт чөлөөт цаг өнгөрөөх амраах талбай, эднийг чимэглэсэн баримал хөшөө дурсгалууд, зам харгуй, машины зогсоол гээд бүгдээрээ нийлээд архитектур.
 
УИХ-ын гишүүд энэ ялгааг ойлгодоггүй учраас архитектурын тухай хууль биш барилгын тухай хууль гаргадаг.  Архитектурын тухай хуультай болох гэж олон жил хөөцөлдөж байгаа ч батлаж өгөхгүй байна. Уг нь хуультай болчихвол хуучны барилгуудаа хамгаалах, шинээр баригдах барилгуудыг хэрхэн орчинтой нь зохицуулах юм гээд олон асуудал шийдэгдэнэ. 

Цаашид Улаанбаатарыг хот шиг хот байлгая л гэж байгаа бол Архитектурын тухай хууль батлах, ерөнхий төлөвлөгөөгөө ягштал мөрддөг байх ёстой. Архитектур гэдэг бол зохицол. Хүнээр бодоход нэг чих нь жижигхээн нөгөө чих нь далбайсан юм байхад ямар харагдах вэ гэдэгтэй адил. Гэтэл өндөр байшин баривал л гоё гээд байгаа юм.

Бас шилэн барилга гоё гэж хэн хэлчихсэн юм бүү мэд. Шилэн барилга “моодноос гарчихсан” шүү дээ. 

 Шилэн барилга гоё гэж хэн хэлчихсэн юм бүү мэд

Төрийн ордны нүүрэнд шил наачихсан. Өмнө нь байсан багануудаар энд хамгийн хүчирхэг, хүндэтгэн үзэх зүйл байгаа гэдгийг илтгэж байсан. Гэтэл наанаас нь шил наагаад л тэрэн дээгүүрээ элдвийн юм сараачаад хаячихсан" хэмээн ярилаа.

Ашигтай л байвал бусад нь яах вэ...
 
Гэрэл зургийг mpa.mn

Хотын төвд баригдаж байгаа барилгуудыг дараах ерөнхий төрөлд хувааж болохоор байна. 

Тоочвол:

  • орон сууц,
  • зочид буудал, 
  • дэлгүүр,
  • оффисын барилга.

Энэ төрлийн барилгыг барихдаа ойр орчимд нь сургууль, цэцэрлэг, үйлчилгээний барилга барих зай  үлдээдэггүй. Төлөвлөгөө ч байхгүй. Төр засгийн удирдлагууд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг  барих гэж үнэтэй газар худалдаж авахдаа тулна... 

Зарим нэг нь дур мэдэн замын голд баар, дэлгүүр барина.  Үүнээс үүдэж нийслэлчүүдийн чөлөөтэй зорчих урсгалд хүндрэл учруулж буй жишээтэй бид нүүр тулаад буй.  Энэ мэт төлөвлөгөөгүй,  дүрэмгүй, ёс зүйгүй ширэнгийн хуулийн зарчмыг Улаанбаатарт амьдарч буй Улаанбаатарчууд бид өөрсдөө л бий болгож байна.