Зураг
Зураг
Индэр    
2018 оны 4 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хятадын авахаа больсон 20 мянган тонн хуванцрыг МОНГОЛЧУУД ХААНАА ШИНГЭЭХ ВЭ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хятад улс 2018 оны нэгдүгээр сараас зарим хог хаягдлыг хүлээж авахаас татгалзсан нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Тэгвэл манай улсад энэ шийдвэр ямар нөлөө үзүүлж байна вэ. Ер нь манай улсад хог хаягдлын менежмэнт хэрхэн явагддаг вэ?

Хятад руу жилд дунджаар 20,000 тонн хуванцар экспортолдог байв

PETE/PET төрлийн буюу манайд нийтлэг хэрэглэгддэг хуванцар савыг боловсруулах явц нь байгаль орчин, эрүүл мэндэд хортой гэж үзсэн учраас БНХАУ гаднаас импортлох боломжгүй хаягдлын жагсаалтад оруулжээ. Энэ төрлийн хуванцарт ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнууд багтдаг. 

 
Экспортлохоор хэрчиж бэлтгэсэн PETE/PET төрлийн хуванцар.

Манай улсын хувьд жилд 20,000 орчим тонн PETE/PET төрлийн хуванцрыг хэрчиж жижиглэн БНХАУ руу гаргадаг байсан.

Жижиглэн хэрчиж, экспортлох үйл ажиллагаа явуулдаг дөрвөн үйлдвэр байдаг бөгөөд тэдгээр үйлдвэр технологио шинэчилж, PETE/PET төрлийн хуванцрыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байгаа ч үйлдвэрлэлийн үйл явц хараахан эхлээгүй байна. Нөхцөл байдал тийм ч тодорхой бус байна.  

Үүнээс шалтгаалан PETE/PET төрлийн хуванцар хог цуглуулдаг гурван мянга (Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос гаргасан тоо) орчим иргэний сонирхлыг татахаа больж, шууд хогийн цэг рүү ачигдаж байна. Мөн түүхий эд худалдан авдаг цэгүүд дээр ч энэ төрлийн хуванцар их хэмжээгээр хуримтлагдсан байдалтай байгаа юм.

Хөрсөнд задартлаа 180-200 жил болдог гэх энэ төрлийн хуванцрыг хог цуглуулагчид түүхээ больсон нь байгаль орчинд ямар сөрөг үр дагавар дагуулах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, хог хаягдлаа ангилан ялгадаггүй Монголчуудад тус дэм болдог хог түүдэг гэх хүмүүсийн "бизнесийн сүлжээ" нураад байна. 

Хогийг мөнгө болгож буй бусад жишээ

Манай улсын хувьд хог ямар ч ангилан ялгалтгүйгээр хогийн “пүнкр”-т ирдэг.

Үүнийг хог цуглуулагчид, ТҮК-ийн ажилтнууд, орцны жижүүрүүд, ААН-үүдийн үйлчилгээний ажилтнууд эх үүсвэр дээр нь ангилан ялгаад "мөнгө болгодог".

Мөнгө болох боломжтой хог нь зөвхөн хуванцар сав биш. Хөнгөн цагаан лааз, зэс, гууль, хайлш, архины шил гэх мэт боловсруулах, дахин ашиглах боломжтой хаягдлууд мөнгө болно. 

Тэдгээр хаягдлыг Улаанбаатар хотын 206 түүхий эд худалдан авах цэг мөнгө болгон хувиргадаг.

2017 оны судалгаагаар Улаанбаатар хотод түүхий эд худалдан авдаг 206 цэг ажиллаж байжээ. Эдгээр цэг нийслэлийн дүүргүүд болон орон нутгаас хог хаягдлыг татан төвлөрүүлээд дахин боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлдэг байна. 

Нийт хог хаягдлыг ангилан харвал,

  • Шилний хаягдал 319 мянган тонн,
  • Хоол хүнсний хаягдал 304 мянган тонн,
  • Хаягдал төмөр болон өнгөт металл 134 мянган тонн,
  • Цаас болон картоны хаягдал 104 мянган тонн,
  • Аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал 86 мянган тонн,
  • Малын гаралтай хог хаягдал 72 мянган тонн,
  • Хуванцарын хаягдал 69 мянган тонн,
  • Бусад булагдсан хог хаягдлын хэмжээ 485 мянган тонн байдаг.

Хог хаягдлыг дахин боловсруулж ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

Дахин боловсруулж хийсэн түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнүүд, /Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

Бусад төрлийн хуванцрууд тухайлбал шингэн саван, шампунь, кетчуп, моторын тосны сав гэх мэт/ хуванцрыг үйлдвэрүүд нэг кг-ыг нь 500-700 төгрөгөөр худалдан авдаг байна.

Энэ төрлийн хуванцрыг боловсруулан үрэл хэлбэрээр экспортолдог, эцсийн бүтээгдэхүүн буюу хогийн уут, барилгын хэв хашмал, арматур хөндийрүүлэгч гэх мэтийг хийдэг үйлдвэрүүд ч байгаа.

Мөн хаягдал гялгар уутыг боловсруулан сандал, төмөр таг, авто машины эвүүр, шон, хайс хашаа, бохирын хоолой хийдэг бол вакум цонхны хүрээг боловсруулж PVC хоолой үйлдвэрлэж байна.

Зөвхөн хуванцар дахин боловсруулах төдийгүй моторын ажилласан тосыг боловсруулж мазот, евро 4 стандартын дизель түлш, хаягдал аккумляторыг боловсруулалтад оруулж хар тугалга, хөнгөн цагаан, хүхрийн хүчил зэргийг ялгаж заримыг нь дотоодын үйлдвэрлэлд ашиглаж, заримыг нь экспортолж байгаа аж.

Мөн хийжүүлсэн ундааны хөнгөн цагаан лаазаар бүх төрлийн сав, усан онгоцны жин тэнцвэржүүлэгч хийж Япон, Солонгос орон руу экспортолж байна.

Энэ мэтээр бүртгэлтэй 16 аж ахуйн нэгж хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна.

Нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой

Нийслэл хотоос л гэхэд жилд 1 сая 433 тонн хог хаягдал гардаг.

Үүнээс дөнгж 24 хувийг нь буюу 344 тонн хог хаягдлыг дахин боловсруулдаг байна.

Гэтэл нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг албаныхан хэлж байгаа юм. 1.2 сая тонн хогийг дахин боолвсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэсэн үг. Энэ чиглэлээр хэрэгжиж байгаа томоохон төсөл бол  “Эко–Парк” байгуулах төсөл юм.

2017 оны тавдугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо (МХХДБҮХ) ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл, технологийн “Эко–Парк” байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.

Гэрээ ёсоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн “Эко–Парк” төслийг 2017-2032 он хүртэл 4 үе шаттайгаар хэрэгжих аж. 

"Эко-Парк"-ын төсөл нийтдээ 247 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүний 53.4 тэрбумыг нь нийслэлийн төсвөөс гаргаж, дэд бүтцэд нь зарцуулах бол үлдсэнийг нь олон улсын байгууллага, хувийн хэвшлээс бүрдүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 9.2 жил гэж үзэж байгаа юм байна.

 

МХХДБҮХ-ны Гүйцэтгэх захирал П.Цэндмаа “Эко-Парк”-ын барилгын зураг төсөл батлагдсан. Эхний ээлжийн хөрөнгө оруулалт ороод ирсэн. Барилгын ажлаа эхлэхээр бэлтгэж байна. Төслийн хүрээнд 28 аж ахуйн нэгжийн, 13 нэр төрлийн 25 үйлдвэр баригдана. 

Үндсэндээ таван шинэ үйлдвэрлэлийн технологи орж ирнэ. Үүнд, Органик хог хаягдлыг дахин боловсруулан эрчим хүч гаргах, цахилгаан электрон хог хаягдлыг боловсруулах, хаягдал шил боловсруулах, барилгын хог хаягдал боловсруулах, мөн хоёр байршилд ангилан ялгалт хийх үйлдвэр баригдана” гэв. 

Нэг үеэ бодоход хогоо хаа сайгүй хаядаг байдал буурсан ч ангилан ялгаж хаях дадал хэвшил Монголчуудад огт байхгүй гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Хогийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хамгийн эхэнд хийх ажил бол хогоо ангилан ялгаж хаях явдал юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн үр өгөөжтэйгөөс гадна байгаль орчноо хамгаалахад чухал ач холбогдолтой.

Нэг хэсэг хогийн ногоон уут гэж нийслэлээс тарааж байсан уут нь яваандаа иргэдийг хогоо ангилан ялгадаг уут болгон төрөлжих ёстой төсөл байсныг тухайн үеийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарладаг. Харамсалтай нь энэ төслийг иргэд өөрсдөө эсэргүүцсээр зогсоосон байдаг. 

2017 онд шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хаях, хог хаягдлын талаарх мэдлэг ойлголтыг хүүхдүүдэд багаас нь олгох болон эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг тусгасан нэмэлт өөрчлөлтүүд орсон байна. 

Зөвхөн төрийн ажлыг хараад, хүлээгээд суухыг хүсээгүй залуус НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-тэй хамтран нэгэн сошиал хөдөлгөөнийг эхлүүлээд буй.

#NoPlasticChallenge-ийн хүрээнд залуус хуванцар эд хэрэгслүүдээс татгалзаж байгаагаа харуулсан, бусдыг уриалсан, бүтээлч агуулгатай гэрэл зургуудаа олон нийтийн сүлжээнд оруулж, дэмжин ажиллаж буй байгууллагууд тухайлбал, зарим кофе шопууд өөрийн аягатайгаа үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн кофены үнийг хөнгөлж байна. 

Хятадууд хуванцар савны хог хаягдал авахаа больсон нь Монголчуудын жил бүр "үйлдвэрлэдэг" 20 мянган тонн хуванцар саван хаягдлыг хаана шингээх вэ гэдэг асуудал шийдлээ хүлээсээр... 

Яг үнэндээ хог гэдэг зүйлийг иргэн хүн бүр үйлдвэрлэж буй. Төр засгийн зүгээс үүн дээр тоймтой анхаарах ёстой ч иргэд, бизнес эрхлэгчид дор бүрнээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэрэглээнээсээ татгалзах хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлж, бусаддаа уриалсаар...

Уншигч та ч бас эко амьдралын төлөө ямар алхмууд хийж байгаагаа нэг бодоод үзээрэй.