Индэр    
2018 оны 3 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Улаанбаатарын өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой оршуулгын зан үйл юу вэ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд жилд дунджаар 7,000 гаруй иргэн нас бардаг. Тэдгээр нас барагсдыг ямар зан үйлээр оршуулсан талаар статистик мэдээлэл байхгүй байна.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Тохижилт хог хаягдал, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлд нас барж буй иргэдийн 50 орчим хувь нь чандарлуулдаг” гэсэн  мэдээллийг өгсөн бол чандарлах зан үйл хийдэг Монголдоо ганц компани болох “Улаанбаатар буян” компанид хандан чандарлах үйлчилгээ авсан тоо нь нийт нас барагсдын 20-30 орчим хувь байдаг гэнэ. 

Чандарлах зан үйлийг онцолсны учир нь...

Нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл руу шилжиж “жижигхэн” хотдоо 1.4  саяулаа багтаж ядан амьдарч буй нийслэлчүүдэд тулгамдаж буй маш олон асуудал бий. Эдний нэг нь оршуулгын газрын хүрэлцээ болон зан үйлтэй холбоотой хүндрэлүүд юм. 

Нийслэл хот дотор болон хот орчимд нийт 11 оршуулгын газар байгаагаас 2015 онд НИТХ тогтоол гаргаж газрын нөөцгүй болсон зургаан оршуулгын газрыг хаажээ.

“НИТХ-ын 2014 онд  “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг батлан гаргасан. Уг журмын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй оршуулгын газар оршуулга хийх, талийгаачийн цогцсыг ил тавихыг хориглосон байдаг. Гэсэн ч талийгаачийн цогцсыг ил тавих, хүүхэд гээх гэх мэт оршуулгын зан үйл хийгдсээр байна.  Журмын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг. Журам зөрчиж оршуулах зан үйл үйлдсэн иргэдэд хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй учраас журмын дагуу оршуулах талаар шаардлага тавихаас өөр арга байдаггүй. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт талийгаачийн цогцсыг ил тавихыг хориглосон байдаг.

Суурьшмал соёл иргэншилд шилжчихсэн байгаа одоогийн нөхцөлд орон сууцнаасаа гаргаад, хүний хөлнөөс холдуулаад л ил тавьж байгаа нь байж болшгүй асуудал. Тиймээс оршуулгын зан үйл үйлдэхдээ аль болох одоогийн нөхцөл байдалтайгаа уялдуулах, орчин үеийн чиг хандлага хаашаа явж байгааг харгалзан үзэх шаардлагатай байна” хэмээн Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт хог хаягдал, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн  С.Аригуун хэлэв.

НИТХ-аас 2015 онд гаргасан тогтоолоор шинээр оршуулгын газар нээгээгүй бөгөөд цаашид одоо байгаа газартаа цэгцтэйгээр ил оршуулга хийх, оршуулгын газрыг хумих бодлого барьж байгаа ажээ. 

"Улсын эсвэл хотын эзэмшлийн чандарлах газар хэрэгтэй байна"
 

Манайхтай адил буддын шашинтай Азийн орнууд 80-90 хувьтай чандарлах зан үйл хийдэг байна. 

Газар нутаг багатай орнуудын хувьд бараг 100 хувь чандарладаг.  Өнөөгийн Улаанбаатар хотын нөхцөлд бол чандарлах нь хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Зарим бурхан болоочийн хувьд  галд өргөх тохиромжгүй гэх зүйл бий. Гэхдээ засал номыг нь ёсчлон үйлдээд чандарлахад болохгүй зүйл үгүй” хэмээн Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам  Б.Энхбат ярилаа.

Мөн тэрбээр өнгөрөгсөдийг ил тавьдаг, гээдэг уламжлалт олон зан үйлийн талаар “Биеэрээ амьтан хооллож, биеэ байгальд өргөж байгаа нь маш их буян үйлдэж буй хэрэг. Ингэж оршуулгын зан үйл үйлдэхдээ зүгээр нэг тавиад л орхичихдоггүй. Тарнич лам хуврагууд очиж жод лүүжин тавих, хурал номын зан үйл үйлдэж нутаглуулдаг ба эргээд ар гэр, ойр дотны хүмүүс цэвэрлэдэг байсан уламжлалтай. Хаа хамаагүй газар айлууд дунд бурхан болоочийг тавихгүй. Ер нь аглаг хээр, алс газар амьтан хүн явдаггүй зэлүүд нутагт энэ ёсыг үйлдээд эргээд очиж хээрийн амьтан, шувуу аваагүй үлдсэнийг нь цэвэрлэдэг байсан. 
Бурхан болоочийг усанд өргөж, хөрсөнд оршуулж, ил тавьж, чандарлах гээд олон зан үйлээр оршуулж болно. 

Бурхан болоочийн ар гэрийнхэний зүгээс “Хүний гэдэс дотор удаан шатдаг гэсэн. Талийгаачийн маань гэдэс дотрыг онгичоод хаячих вий” гэсэн хардлага, айдас байдаг учраас чандарлуулахаас цааргалах тохиолдол байдаг. Тиймээс чандарлах зан үйлээ талийгаачийн ар гэрийнхний нүдэн дээр үйлдэж, зуух руу хийж байгааг нь харуулдаг болох хэрэгтэй байна. 

Мөн чандарлах үйл үнэтэй, иргэдийн амжиргаанаас давсан өртөгтэй байгаа учраас хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс маань аргаа барахдаа ил тавихад хүртэл хүрч байгааг бас хэлэх хэрэгтэй байх. Жод лүүжин уншдаг лам нараа явуулаад  ядарсан хүмүүст очиж туслах үе гарах л юм. 

Оршуулгын зан үйл хийдэг хувийн компаниуд өндөр үнэтэй багц гаргасан байдаг. Тэр багцынх нь үнийг амжиргааны түвшин доогуур иргэд маань дийлэхгүй байгаа. Улсын эсвэл хотын эзэмшлийн чандарлах газар хэрэгтэй байна. Тус газартаа чандарлах зан үйлийг иргэдийнхээ амжиргаанд таарсан үнэ өртөгөөр үйлдмээр байгаа юм” гэв.

Энэ талаар “Улаанбаатар буян” компанийн маркетинг, олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Түвшинбаяр “Манай компани талийгаачийг чандарлах, газарт оршуулах, төрсөн нутаг руу нь буюу хөдөө орон нутаг руу аваачиж нутаглуулах зан үйлүүд голлон үйлдэж байна. Хотын нөхцөлд тохиромжгүй оршуулах зан үйл бол ил тавих. Ил тавьж байгаа хүмүүс дан ганц санхүүгийн асуудлаас болж ийм зан үйл үйлддэггүй. Талийгаачийн алтан савыг нээсэн зурхайч лам, бөөгийн өгсөн чиглэлийн дагуу л оршуулах зан үйлийг үйлддэг.

Манайхтай адил буддын шашинтай орнууд 90-100 хувь шахуу чандарлах зан үйл үйлдэж байгаа нь суурьшмал соёл иргэншилд хамгийн тохиромжтой оршуулгын зан үйл нь чандарлах гэдгийг харуулж байгаа юм.

Иргэдийн хувьд чандарлах нь хэт өндөр үнэтэй гэсэн ташаа ойлголттой байдаг. Манайхаас үзүүлж байгаа үйлчилгээний сонголтоос хамаараад үнийн хувьд өөр өөр байгаа. Чандарлах үйлчилгээг хамгийн багадаа 1,700,000 төгрөгөөр үзүүлдэг. Энэ үнэд чандарлах зан үйлийг эхнээс нь авхуулаад дуусах хүртэл буюу бурхан болоочийг тээвэрлэх, бурхан болоочтой танхимд салах ёс хийх,  чандарлах, бунханд залах үйл явцын зардал багтана” хэмээн ярилаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрладаг оршуулгын газрууд
 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод нийт 11 оршуулгын газар байгаагаас зургаа нь талбайн нөөцгүй болж НИТХ-ын тогтоолоор тус оршуулгын газруудад оршуулга хийхийг хоригложээ. Үүнд,

  1. ЧД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар /73.9 га/
  2. БЗД 22-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан давааны оршуулгын газар /51.2 га/
  3. ХУД 16-р хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаагийн буюу Нисэхийн оршуулгын газар /3.7 га/
  4. БЗД 20-р хорооны нутаг дэвсгэрт Гачууртын Баяндөхөмд Мянган лантын оршуулгын газар /30.6 га/
  5. БЗД 5-р хорооны нутаг дэвсгэрт Оросын оршуулгын газар /9 га/
  6. СБД 17-р хорооны нутаг дэвсгэрт Японы оршуулгын газар /15.2 га

Харин нийслэлийн иргэд дараах оршуулгын газруудад далд хэлбэрийн/газарт булах/ оршуулгын зан үйл үйлдэх боломжтой.

  1. СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн оршуулгын газар /297.3 га/ ,
  2. Нарангийн энгэрт Исламын шашинтны оршуулгын газар /2.3 га/,
  3. Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн оршуулгын газар 6.2 га,
  4. ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын оршуулгын газар /52.6/ ,
  5. СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гармын баруун урд хэсэгт байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2” /50.2га/

Мөн чандарлаж оршуулах хэлбэрийн оршуулгын зан үйл үйлдэх оршуулгын хоёр газар үйл ажиллагаа явуулж байна.

  1. Хотын баруун хэсэгт орших СХД-ийн 32-р хороонд байрладаг “Буяны төв цогцолбор-1”/17.3га/,  
  2. Хотын зүүн хэсэгт буюу БЗД-ийн 20-р хороо Гачууртын Баянтөхөмд оршдог “Буяны төв цогцолбор-2” /2.0 га/

Хамгийн ихдээ 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөгдөж байсан Улаанбаатар өдгөө 1.4 сая хүн амтай болж гэр хороолол нь оршуулгын газартайгаа "хөрш" болчихсон. Гадны орнуудад хот дотроо оршуулгын газар байх тохиолдол байдаг ч цэцэрлэгжүүлэлт хийж байнгын харуул хамгаалалтай байдаг. Харин манай оршуулгын газрууд цэцэрлэгжүүлэлт байтугай битүү хашаа ч үгүй байна. Тиймээс одоогийн Улаанбаатар хотын нөхцөлд чандарлах нь хамгийн зөв шийдэл гэдгийг тал талын мэргэжилтнүүд хэлж, шашны талаас ч болохгүй зүйл үгүй хэмээн үзэж байна.