Индэр    
2018 оны 3 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ч.Гантөмөр: Төрийн оролцоот зохицуулалт яг одоо л хийхгүй бол шүдний салбар хэт бизнес хөөсөн чиглэл рүү орж байна

Зураг

Өнөөдөр дэлхий дахинаа асар хурдацтай хөгжиж буй салбар бол нүүр, ам судлал юм. 

Гэсэн хэдий ч Монголчуудын шүдний өвчлөл томоохон асуудлуудын нэг болсоор байна. Энэ нь шүдний эмнэлгүүдийн ханш хэт үнэтэй байгаагаас, эсвэл энэ салбар Монгол Улсад хэт бизнес тал руугаа хөгжөөд байна уу гэсэн хардлагыг төрүүлж буй юм.

Тиймээс энэ талаар болон бусад асуудлаар АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн багш, Японы Токушима Их Сургуулийн судлаач Ч.Гантөмөртэй ярилцлаа. Тэрбээр өдгөө Япон Улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа учир онлайнаар холбогдлоо.

 Шүдний эмнэлгийн үйлчилгээг төр засаг огт анхааралгүй гаргуунд нь хаясан

- Монгол Улсын хүн амын дунд шүдний өвчлөл томоохон асуудлын нэг болоод байгааг хэвлэл мэдээлэл болгоноор онцолж байна. Гэсэн хэдий ч энэ асуудал шийдэгдэхгүй байсаар. Энэ тал дээр судлаач хүний хувьд таны байр суурь?

- Судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд тухайн судалгааны чиглэлээр ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх асуудлаа заавал мэдүүлдэг тогтсон журам байдаг. 

Яг тухайн салбарт ажиллаж байгаа, ашиг олох зорилгоор аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүдийн хувьд бас асуудлыг хөндлөнгийн судлаачийн харж байгаа өнцгөөс хатуу тайлбарлах хэцүү гэдгийг энэ салбарт хувь, хувьсгалын ажил хийж 18 жил ажиллаж байгаагийн хувьд би сайн мэднэ.

Тиймээс бүх тайлбарыг би өөрийнхөө судалсан таньж мэдсэн хүрээнд л хийх тул миний тайлбарласнаас өөр ойлголт, үзэл бодол байхыг үгүйсгэхгүй. Бидний үлгэр жишээ авах дуртай хөгжлийн загвар болгодог улс орнуудад судлаачид буюу академик салбарын мэргэжилтнүүд аливаа салбарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс ийнхүү оролцдог туршлага байдаг.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш сүүлийн 28 жил нүүр ам судлалын салбар буюу хүмүүсийн хэлдгээр шүдний эмнэлгийн үйлчилгээг төр засаг огт анхааралгүй гаргуунд нь хаясан гэж хэлэхэд бараг болно. Одоогоор Монгол улсын амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 90 гаруй хувь нь хувийн салбарын нуруун дээр яваа гэдэг нь хэн бүхэнд тодорхой харагдаж байгаа байх. 

Мэдээж хэдэн эмч, мэргэжилтнүүд ажиллуулаад байгууллага удирдаж ачааны хүндийг үүрч яваа эмч нарын хувьд төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй өнөөгийн нөхцөлд ажилчдын цалин, орон байрныхаа түрээсийг төлөөд амьдралаа аваад явахын тулд тодорхой хэмжээний ашигтай ажиллах ёстой. Гэтэл ашиг олох гэсэн тэрхүү тэмүүлэл нь зарим талаар зарим зүйлийг бизнесийн талаас харах, тайлбарлах шалтгаан болдог байж магадгүй. Тэр ч утгаараа өнөөдөр Монгол Улсын салбар бүрт академик салбарын мэргэжилтнүүдийн хөндлөнгийн дуу хоолой, дүгнэлтийг сонсож байх нь зүйтэй санагддаг. 

Энэ чиглэлээр хийгдэж байгаа олон ажлууд нүдэнд харагдаж, танай сайт салбар салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх чиглэлээр илүү санаачилгатай ажилладаг нь сайшаалтай зүйл юм. 

Нэг талаар шүдний эмнэлэг үйлчилгээ бизнес болоод өдөр өдрөөр шинэ технологи нэвтэрч урьд урьдаас илүү хөгжөөд байгаа мэт. Гэтэл нөгөө талд хүн амын дийлэнх хэсэг нь шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. 

Яг одоо энэ асуудлыг эргэж харах, зөв гарц шийдлийг ярилцах цаг нь нэгэнт болж. 90-ээд оноос хойш бүх зүйлийг зах зээл өөрөө зохицуулна гээд хаясан зүйлсийн нэг нь шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ юм. Улс өөрт харьяалалтай улсын эмнэлэг үйлчилгээг л анхаараад амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарт нь даатгаад тэр чигт нь хаясан байдаг. 

Үүний нэг сайн тал нь төрийн оролцоо бага байснаар шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ таны жишээ авсан тэрхүү бизнес утгаараа Монгол улсад хангалттай хөгжөөд байгааг хэлэхэд таатай байна. 

Эмч, эмнэлгүүдийн санал болгож буй үйлчилгээний ханш нь энгийн ард түмний хувьд хэтэрхий үнэтэй

Өнөөдөр манай салбарт дэлхийн хэмжээнд хэрэглэдэг, зарим хөгжингүй улс орнуудад ч тэр бүр газар аваагүй өндөр зэрэглэлийн технологиуд ч нэвтэрсэн байгаа. 30-аад жилийн өмнө зах зээлд шилжиж байхад маш хоцрогдсон байсан энэ салбар өнөөдөр техник технологи, чадварын хувьд Азийн орнууд дотроо гологдохооргүй өндөр түвшинд гарч ирж чадсан гэдгийг Япон улсад суралцаж байгаа хүний хувьд тэдний хийж байгаа зүйлс болон өөрсдийн чадах зүйлсээ харьцуулан харж салбарын хамт олноороо бахархаж байдаг. Төрийн оролцоо сул байсан нь бидний хувьд маш азтай зүйл болжээ гэдгийг эрүүл мэндийн бусад салбарын тулгамдсан асуудлыг хараад баярлаж суух нь ч бий.

Гэтэл шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ техник технологи талаасаа ингэж сайн хөгжөөд байхад хүн амын дийлэнх хэсэг нь яагаад шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй, шүдний өвчин улсын хэмжээнд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдэж томоохон асуудал болоод байна вэ? Энэ асуудал нь ямар нэг тохиргоо зайлшгүй хийх ёстой байсныг, тэр тохиргоог нь цаг алдалгүй хийх ёстойг сануулж буй.

Хувийн салбарт ажиллаж байгаа эмч нар эмнэлэг хэмээх аж ахуйн нэгж авч яваагийн хувьд үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээний ашиг олохын тулд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлийн ханшаар үнэлэх ёстой. Гэтэл эмч, эмнэлгүүдийн санал болгож буй үйлчилгээний ханш нь энгийн ард түмний хувьд хэтэрхий үнэтэй гэсэн ангилалд орж байгаа. Тиймээс хүн бүр шүд эрүүл байхад зайлшгүй хийгдэх ёстой шүдний эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй байна, шүдний эмчид очихоос зайлсхийж, шүдний өвчнөө хүндрүүлж байна. 

Ер нь шүдний эмчилгээ үйлчилгээ хаана ч хямд байдаггүйг гадаадад улс орнуудад зорчсон хэн бүхэн мэдэж байгаа. Шүдний эмчилгээ үйлчилгээ хямд байна гэдэг нь зайлшгүй хийгдэх ёстой зарим нэг эмчилгээ үйлчилгээний зардлыг хасаж, материалын орц найрлагыг багасгаж байж л хямдруулна гэсэн үг юм. 

Энэ нь эргээд өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амьдралын чанарт нөлөөлөхүйц таагүй байдал үүсгэх нь гарцаагүй. Тэгэхээр энэ асуудлыг шүдний эмч, шүдний эмнэлэг тэр тусмаа нүүр ам судлалын салбар дангаараа шийдэж чадахгүй юм. Тиймээс асуудалд чиглэсэн төрийн зөв бодлого гаргаж, тэнцвэрийг олох, хадгалах зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байна.

-Таны судлаачийн өнцгөөс ашиг сонирхлын зөрчилгүйгээр тайлбар өгье гэж хэлж байгаа чинь миний хувьд сонирхолтой шинэлэг санагдаж байна. Ер нь судлаач гэж таны бодлоор ямар хүн юм бэ?

-Би судлаач, судлаачийн хувьд гэж ярьж байгаа зүйл маань төдийлөн шинэлэг зүйл биш байх гэж бодож байна. Хэвлэл мэдээллээр явж байгаа ярилцлага мэдээллүүдийг харж байхад манай улсад бүх чиглэлээр маш олон судлаачид ажиллаж байна.

Гео судлаач, био судлаач гээд маш олон хүмүүс ярьж байгаа харагддаг. Миний хувьд докторантурын 4 жилийн сургалтад хамрагдаж, өөрийнхөө ярьж байгаа сэдвийн хүрээнд олон зуун шинжлэх ухааны өгүүлэл, ном товхимол уншиж Япон улсын баруун бүсийн  их сургуулийн эмнэлгүүдийн хамтарсан шүдний имплантын эмчилгээний хүндрэлийн чиглэлийн тандалт судалгаанд хамрагдаж бүтээлээ хэвлүүлээд байгаагийн хувьд өөрийгөө судлаач гэж хэлэхэд буруудахгүй болов уу гэж бодож байна. 

Судлаач гэж хэн бэ гэсэн асуултад хариу өгөхөд судлаач хүн гэдэг өөрийн сонирхон судалж буй сэдвийн хүрээнд хангалттай мэдлэг, судалгааны арга барил эзэмшсэн, асуудлыг задлан шинжилж оюун дүгнэлт гаргах чадвартай, их сургууль болон эрдэм шинжилгээний чиглэлийн академик байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүн гэсэн мэргэжлийн тодорхойлолт байдаг. 

Манайхан дунд өөрийгөө судлаач гээд тодорхой бүтээлгүй зөвхөн яриад байгаа хүн олон харагддаг. Хэвлэл мэдээлэл ч академик байгууллагын судлаач болон бусад судлаачийг ялгадаг байх нь чухал. Судлаач хүн ярих төдийгүй өөрийн судалсан зүйлээ заавал хэвлүүлдэг байх зарчимтай.

Хэвлэгдэн гарч шинжлэх ухааны хүрээлэл дунд хэлэлцүүлэгт ороогүй зөвхөн яриад төдий зүйл бол судалгаа шинжилгээний бүтээл биш л дээ. Бүтээл хэдий чинээ өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлэгдэнэ төдий чинээ тухайн судлаачийн, тухайн судлаачийн ажиллаж байгаа академик байгууллагын нэр хүнд өсөж байдаг.

Хөгжингүй орнуудад судлаачдын ажиллах орчин, академик эрх чөлөөг хууль эрхзүйн хүрээнд хангаж өгсөн байгаа нь маш чухал санагддаг. Академик эрх чөлөө хангагдсан судлаач бол хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүйгээр зөвхөн шинжлэх ухааны нотолгооны хүрээнд тухайн зүйлийг үнэн зөвөөр дүгнэж оюун дүгнэлт гаргах боломжтой болдог. Тэр ч утгаараа өнөөдөр би шүдний эмчилгээний орчинд орж ямар нэгэн үүрэг хариуцлага өөртөө хүлээгээгүй академик эрх чөлөөтэй байгаагийн хувьд асуудлыг хөндлөнгийн ашиг сонирхлын зөрчилгүйгээр тайлбар өгнө гээд байгаа маань энэ юм. 

Хэдийгээр их сургуулийн систем боловсролын салбарт би 18 жил ажиллаж байгаа ч яг судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд бол би өөрийгөө дөнгөж эхэлж байгаа гэдгээ мэднэ. Докторын зэрэг хамгаална гэдэг нь зөвхөн энэ зэргийг аваад зогсчих биш эрдэм шинжилгээний академик хүрээлэл дунд өөрийн явах замын шанг татаж, шавыг тавьж байгаа үйл явдал гэж ойлгодог. Иймд надад сурах, судлах, хийх, хэвлүүлэх зүйл их байгаа. 

- Монгол шүдний эмч нарын чадвар ямар түвшинд байна вэ. Маш олон шүдний эмнэлэг байрны булан тохой бүрт нээгдэж байна. Алийг нь сайн, муу гэдэг дээр үйлчлүүлэгчид их эргэлзээтэй байдаг.

- Шүдний эмч нарын чадварын асуудлыг АШУҮИС-н хэмжээнд 14 жил багшилсан багш хүний хувьд багшийн талаас олж харж байгаа туршлагууд дээрээ үндэслэн тайлбарлая. 
Өнөөдөр монголын эмч нарын чадварын асуудал ямар байна гэдэг дээр хүн болгон янз бүрийн ойлголттой байгаа нь харагддаг. Энэ асуудлыг ойлгохын тулд эхлээд түүхийн талаас нь хөөж харвал зүгээр юм шиг санагддаг. 

Монгол улс орчин үеийн европ анагаах ухааныг хуучин Зөвлөлт Холбоот улс буюу одоогийн Орос ах нараасаа өвлөж авсан байдаг. Тэр уламжлалаар 1961 онд Зөвлөлт Холбоот Улсад анхны 5 шүдний эмч бэлтгэгдэн ирснээр Монголын Нүүр Ам Судлалын салбарын түүх эхэлдэг. 30 орчим жилийн хугацаанд Зөвлөлт Оросын мэргэжилтнүүдийн дэмжлэгээр олон удаа сургагч багш нар ирж үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэж өгсөн байна.

Гэхдээ л техник технологи тийм ч сайн биш байсныг, 80-аад оны үед шүдний эмчлүүлэх гэж юу болдог байсныг зарим хүн санаж байгаа байх. Тэгвэл зах зээлийн системд шилжсэнээс хойш техник технологийн хувьд өнөөдөр энэ байдалтай зүйрлэх аргагүй үсрэнгүй дэвшил гарчээ.

Эмч мэргэжилтнүүд өөрсдийн идэвх санаачилгаар гадаад улс орнуудад суралцаж шинэ шинэ зүйлсийг сурч мэдэж ирснээр салбарын нүүр царай танигдахын аргагүй өөрчлөгдөж байна. Гэвч өнгөц талаасаа техник, технологийн үсрэнгүй дэвшил гараад байгаа боловч яг суурь онол, эмчилгээний зарим аргачлал, сургалтын арга барил хуучны үеийн энерциэ алдаагүй өнөөг хүртэл үргэлжлээд байгаа нь зарим талаар хөгжингүй орнуудын эмч мэргэжилтнүүдтэй үл ойлголцох шалтгаан болдгийг миний бие өөрийн биеэр мэдэрч байлаа.  
Энэ асуудал зөвхөн манай салбарт ч биш анагаах ухааны бусад салбаруудад ч мөн тохиолдож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Шүдний эмч бэлтгэх тогтолцооны хувьд бас асуудал байгааг би гадаад улс орнуудад суралцаж байх хугацаанд ном сурах бичгээс уншиж ойлгож, харж, ажиглаж л байна. 

Манай улсын шүдний эмч бэлтгэх тогтолцоо нь хуучин Зөвлөлт Холбоот Улсаас уламжлалтай стоматологи эмч бэлтгэх тогтолцоо юм. Хэдийгээр зах зээлийн системд шилжсэн ч бид өнөөг хүртэл хуучин нийгмийн энэхүү тогтолцоог орхилгүй үргэлжлүүлсээр л байна. 

Стоматологи эмч гэдэг нь шүдний эмчилгээний арга барилыг эзэмшсэн ерөнхий мэргэжлийн эмч гэсэн мэргэжлийн тодорхойлолт байдаг. Энэ нь шүд эмчилдэг дотрын эмч гэсэн үг юм. Тэр ч утгаараа Монголд бэлтгэгдэж байгаа шүдний эмч нар эх барих эмэгтэйчүүдээс авхуулаад, халдварт өвчин, сэтгэцийн өвчин, ерөнхий мэс засал зэрэг төрөл бүрийн хичээлүүдийг зайлшгүй судлах ёстой байдаг. Гэтэл хөгжингүй орнуудад буюу бидний жишээ авах дуртай Америк, Японд бэлтгэгдэж буй шүдний эмч нарт ийм зүйл байхгүй шүү дээ. 

Тэд сургалтын 6 жилийн туршид зөвхөн шүдний салбарын хичээлээ үзэж, бүх салбарыг хамарч гардан дадлагын чиглэлээр маш сайн бэлтгэгдэж гардаг. Иймд бидний хувьд ялангуяа шинэ залуу эсвэл хуучин тогтолцоонд бэлтгэгдсэн эмч нарын дунд сургалтын онцлогоос шалтгаалсан зарим нэг мэдэхгүй, чадахгүй зүйл байгаа гэдгийг нуух юун. 

Иймд би энэ асуудал дээр монгол эмч нар бол чадвартай эсвэл монгол эмч нар бол чадвар муу гэж шууд дүгнэх нь өрөөсгөл. Хувийн салбарт өөртөө хөрөнгө оруулалт хийн, гадаад дотоодод суралцаж өөрийгөө маш сайн дайчлан бэлтгэгдсэн, мэдлэг, чадвар, туршлага сайтай, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваа маш олон эмч нар ажиллаж байгаа гэдгийг би мэднэ.

Нөгөө талд нь харсан үзсэндээ дулдуйдаж хар муйхраар ажиллаж байгаа эмч нар ч цөөнгүй байгаа. Би багш, судлаач хүний хувьд хөгжингүй орнуудын эмч нар болон өөрийн оюутуудын мэдлэг чадварын хооронд байгаа орон зайг яг бодитоор харж байгаа хүний хувьд энэ орон зайг багасгахын тулд эмч нараасаа суралцаж, чадахгүй зүйлийг зааж зөвлөж ажиллахыг чадах чинээгээрээ хичээдэг. 

Үүний жишээ нь дэлхийн хэмжээнд ашигладаг эмнэлзүйн шилдэг ном сурах бичгүүд, практикийн өгүүлэл нийтлэлүүдийг түүвэрлэн монгол хэл дээр орчуулан гаргах зорилгоор эхлүүлсэн “Эмнэлзүйн товхимол” эмхэтгэл, “Shud Magazine” сэтгүүл маань юм. 

- Таны хувьд Япон улсад докторын зэрэг хамгаалж байгаа шүү дээ. Япон улсын шүдний салбарын хөгжил ямар түвшинд байдаг вэ. Мөн бусад гадны улс орнуудын жишээнээс дурдвал?

- Өнөөдөр Монгол эмч нар дэлхийн маш олон улсад сурч бэлтгэгдэж байна. Үүний дотроос Монгол улсад эмч мэргэжилтнүүд бэлтгэх үйлст томоохон хувь нэмэр оруулж байгаа улс бол гарцаа байхгүй Япон улс юм. Миний суралцаж байгаа Токушима Их Сургуульд гэхэд надаас өмнө 47 анагаах ухааны доктор бэлтгэгдэн гарсан нь АШУҮИС-ийн хэмжээнд хамгийн олон доктор судлаач бэлтгэж өгсөн гадаад түнш юм. 

Тэр ч утгаараа Японы эрүүл мэндийн тогтолцооны талаар ойлголттой эмч мэргэжилтнүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Миний хувьд Япон улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн улс орнуудыг тэргүүлэгч шилдэг жишээ гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.

Япон улс нь зөвхөн эрүүл мэндийн тогтоолцоог дангаар нь хөгжүүлэх биш Эрүүл мэнд нийгмийн хамгааллын тогтолцоог хамтад нь цогцоор нь хөгжүүлж чадсан дэлхийн цөөхөн улсын нэг юм. 

Тэр утгаараа ярилцлагын эхэнд дурдсан манай улсын нүүр ам судлалын салбарт үүсээд байгаа тогтолцооны шинжтэй тулгамдсан асуудлыг энд маш сайн шийдэж чадсан байдаг. Японд би оюутан гэсэн статус дээр суралцаж байгаа. Орлогын хувьд энгийн иргэдээс доогуур хангалттай түвшний биш гэж тооцогддог ч  гэсэн үр хүүхэд, гэр бүлээ ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр, хэн нэгнээс царай алдаж танил тал харалгүйгээр эрүүл мэндийн, тэр тусмаа шүдний эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулж чаддагтаа баяртай байдаг. 

Японд хүүхэд л бол ямар ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу эмчид үзүүлэх, оношилгоо хийлгэх, эм тариа бичүүлэх, худалдан авах нь ороод ердөө 600 иэн буюу монгол мөнгөөр 12,000 төгрөгт багтдаг. Энэ нь ямар ч түвшний санхүүгийн орлоготой хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд, шүдний эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдах боломж олгож байна. 

Хүн хэрвээ тогтвортой орлоготой, сар бүр эрүүл мэндийн даатгалаа төлдөг л бол шүдний эмнэлгийн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээ, хиймэл шүдийг өөрийнхөө карманаас бага хувийг гаргаад даатгалаараа үйлчлүүлэх боломжтой байх нь. Түүнчлэн амьжиргааны баталгаат түвшнээс доош орлоготой хүн ч эрүүл мэндийн тогтолцооны гадна орхигддоггүй нь эрүүл мэнд нийгмийн хамгааллын тогтолцоог иж бүрнээр хөгжүүлсний давуу тал нь гэж харагддаг. 

Нөгөө талаас би Япон улсад суралцаж байх хугацаандаа ажигласан зүйл маань энэ улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зарим улс орнуудад хөгжөөд байгаа шиг хэт бизнес хөөсөн харгис систем болгохоос маш сайн сэргийлж чадсан нь таалагддаг.  Манай улсын иргэдийн үйлчлүүлэх дуртай Солонгос улсын жишээг харахад Эрүүл мэндийн үйлчилгээг бизнес утгаар нь маш сайн хөгжүүлсэн байдаг. Харин Япон улсын хэмжээнд маш цөөхөн газруудад эрүүл мэндийн аялал жуулчлалын эрх олгосон байдгаас эмнэлэг бүр гадаад хүмүүсийг уриалан дуудаад эрүүл мэндийн бизнесээр мөнгө олох гээд зүтгээд байдаггүй нь шууд анзаарагддаг. 

Баян, ядуу гэж хэнийг ч ялгалгүй бөхөлзөн үйлчилдэг эрүүл мэндийн систем нь гайхамшигтай. Шүдний эмчилгээний салбарт энэ байдал нь шүдний гажиг засал, имплант эмчилгээн дээр шууд анзаарагддаг. 

Америк тэргүүтэй эрүүл мэндийн бизнес хөгжсөн улс орнуудын хувьд захын эмч имплант, гажиг заслын эмчилгээ хийхээр улайран дайрдаг бол Япон улсад энэ тал дээр маш хатуу хяналт тавьж урт хугацааны сургалтыг дүүргэсэн, чадвартай маш цөөхөн эмч нарт эрхийг нь олгодог байх жишээтэй. Энэ нь шүдний эмч нар зөвхөн ашиг орлого ихтэй үнэтэй эмчилгээг сонгож, баян иргэдэд үйлчилж энгийн ард иргэдэд үйлчлэх ёстой үүргээ умартахаас сэргийлсэн маш сайн зохицуулалт юм.

Япон бол шүдний өвчнийг бүрэн ялан дийлсэн дэлхийн цөөхөн улс орнуудын нэг. Тэр утгаараа шүдний өвчинтэй яаж системтэй тэмцдэгийн үлгэр жишээг бодитоор харж болохоор улс. Хүүхдийг балчир наснаас нь шүд угааж сургах, шүдний өвчнөөс өөрийгөө сэргийлж чаддаг болох дадал хэвшил сургахад нь маш сайн анхаардаг. 

Япон арга барил, сургалтын тогтолцоо бол хүүхдийг гоц ухаантан болгоход биш өөрийгөө авч явах амьдралын зөв дадал хэвшил суулгахад зориулагдсан байдгийг би өөрийн хүүхэд дээрээ бодитоор харж мэдэрч байдаг юм. Тиймээс бид дугуйг шинээр зохиох хэрэггүй гэдэг шиг эрүүл мэндийн тогтолцоог баян ядуу гэж ялгалгүй бүх хүн ард түмнийхээ хэрэглээнд бүрэн зориулж чадсан энэ улсын туршлагыг зүгээр хуулаад тавьчихад л болмоор санагддагаа нуулгүй хэлье. 

Тэд ч өөрсдийн арга туршлагыг биднээс нуудаггүй бөгөөд манай улс оронд чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй нь олон зүйл дээр харагддаг. Япон хүмүүс Азийн бусад орны хүмүүсээс илүү Монголчуудад хайртай. Гол нь бид итгэлийг нь алдахгүй хичээх хэрэгтэй.  

Өөр бусад улс орнуудын жишээ гэснээс шүдний тусламж үйлчилгээний салбарын тааруу жишээг бид нарын үлгэрлэн дуурайх дуртай Америкаас харж болно. Америкт амьдарч байгаа хүмүүс тэндээ шүдээ эмчлүүлснээс Монголдоо нисэж ирээд иж бүрэн үйлчилгээ хийлгээд буцах нь илүү хямд гэдэг. 

Америкийн эрүүл мэндийн тогтолцооны бодлогын алдаанаас шүдний тусламж үйлчилгээний салбар хэт бизнес зарчмаар ажилладаг болсныг анхааруулан The Atlantic сэтгүүлд гарсан “Why Dentistry Is Separate From Medicine” нийтлэлийг орчуулан Shud.mn сайтад нийтэлж байлаа. 

Харамсалтай нь манай улсад яг одоо хийгдэх ёстой төрийн оролцоот зохицуулалт тохиргоог хийж амжихгүй л бол шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ хэт бизнес хөөсөн Америк чиглэл рүү орох нь нэгэнт тодорхой болчхоод байгааг энэ салбарт ажилладаг хүний хувьд харж эмзэглэж явдгаа хэлэхийг хүсэж байна.

Салбарын дотор үүсэж байгаа хэвийн бус бизнесийн гэмээр галзуу ширүүн өрсөлдөөн нь олон эмч нарын хувьд ямар нэгэн шинэ зүйл л өвчтөн үйлчлүүлэгчдэдээ амлахгүй бол ажил мэргэжлээ алдах айдаст автуулж, сэтгэлзүйн дарамт болоод байна. Бид энэ алдааг засах ёстой. 

Ямар ч сайн хиймэл шүд ямар ч муу өөрийн шүдийг гүйцэхгүй

- Хиймэл шүд олон янзын сонголттой байдаг. Шүд хийлгэх гэж буй хүн алийг нь сонгохоо мэдэхгүй байх шиг байдаг. Таны хувьд алийг нь зөвлөх вэ?

- Энэ асуудалд “ямар ч сайн хиймэл шүд ямар ч муу өөрийн шүдийг гүйцэхгүй” гэсэн зүйр үгийг эхлээд сануулъя. Угтаа бол та ганц ч гэсэн шүдээ цаг хугацаанд нь арчилж гамнаад эмчлүүлээд явсан бол хиймэл шүд хийлгэхийн төлөө илүү зардал гаргаж, хиймэл шүдэлбэр зүүхийн зовлонг эдлэхгүй гэсэн үг юм.

Энэ асуудал дээр ч би бас ашиг сонирхлын зөрчилгүйгээр судлаачийн өнцгөөс хариу өгье. Хэрэв та өөрийн шүдийг арчилж гамнаж, цаг хугацаанд нь эмчлүүлж эрүүл байлгаж байсан бол таны шүд таныг хэд насалсан ч байж байх магадлалтай. 

Япон улсад 80 нас хүртлээ 20 эрүүл шүдтэй байх гэсэн үндэсний 20/80 гэсэн концепц хэрэгждэг. Би яг өөрийн гараар 93 настай 20/80 концепц бүрэн утгаараа хэрэгжсэн эмээд үзлэг хийж байсан. Гэтэл ямар ч хиймэл шүд энэ хэмжээнд удаан оршин байх боломжгүй юм. 

Хэдийгээр өнөө үед материалын шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжөөд байгаа ч амны хөндийн зүгээс ирэх төрөл бүрийн ачаалал, шүлсний химийн орчин, нян бактерийн нөлөөг тэсвэрлэж удаан оршин байна гэдэг ямар ч материалын хувьд маш том сорилт юм. 

Энэ утгаараа хэрэв хэн нэгэн танд энэ хиймэл шүдийг та насан туршдаа зүүнэ гэж байгаа бол түүнд итгэх хэрэггүй. Хиймэл шүд болгонд survival rate буюу амьдрах чадварын үзүүлэлт харилцан ялгаатай. Гэхдээ хүний өөрийн шүдийг гүйцэх хэмжээний амьдрах чадвартай хиймэл шүдийг одоо болтол бүтээж чадаагүй л байна. 

Иймд хиймэл шүд гэдэг бол хиймэл зүйл юм. Гэхдээ та шүдээ нэгэнт авхуулсан бол хиймэл шүдийг цаг хугацаанд нь зүүхгүй бол түүнээс шалтгаалсан бүтцийн, үйл ажиллагааны, гоо сайхны алдагдалд хүрч удах тусам эдийн засгаараа улам хохирох болно гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Та юу ч бодолгүй хэдхэн мянган төгрөгөөр авхуулсан шүдээ хожмын нэгэн өдөр хэдэн мянган доллараар буцааж хийлгэнэ гэдгээ байнга санаж байгаарай. Нөгөө талаас ямар шүд хийлгэх вэ гэдэг нь хувь хүний эдийн засгийн чадамжтай холбоотой санхүүгийн л асуудал юм. 

Манай улсын хиймэл шүдний тусламж үйлчилгээний салбар хувь хүний санхүүгийн чадамжид тааруулан жирийн хуванцар авагддаг шүдэлбэрээс ясанд суулгадаг имплант суулгац хүртэл шүдэлбэрийн маш олон хувилбарыг өргөн сонголттойгоор санал болгож байгаа. Ямар ч сайн хиймэл шүд ямар ч муу өөрийн шүдийг гүйцэхгүй тул шүдээ авхуулахаасаа өмнө авхуулахгүй байх арга замыг судалж үзээрэй гэж зөвлөе. 

- Таны докторын зэрэг хамгаалах судалгааны ажил "Имплант эмчилгээний хүндрэл" сэдэв дээр тулгуурласан гэлээ. Имплант эмчилгээний талаар та арай дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу. Иргэдийн хувьд Имплант шүдийг хамгийн сайн хиймэл шүд гэсэн ойлголттой болсон байгаа.

-Имплант эмчилгээ гэдэг нь гарцаа байхгүй шүдний эмчилгээний салбарт өнгөрсөн зуунд гарсан маш том дэвшил юм. Өнөө үед хүний үүдэл эсээс шүд ургуулах, шүдний эх үүсвэрийг зохиомол орчинд ургуулаад буйланд суулгах зэрэг төрөл бүрийн аргууд туршиж байгаа ч хараахан эмнэлзүйн практикт нэвтрэх болоогүй байна. 

Ер нь анагаах ухааны салбарт аливаа шинэ технологи, эмчилгээний аргачлал эмнэлзүйн салбарт нэвтэртэл урт удаан хугацааны туршилт судалгааг туулдаг. Энэ ч утгаараа 1950-аад оны дундуур титанан суулгац хүний биед суулгахад үүсэх эд эсийн хариу урвалын асуудлыг судлах зорилгоор эхэлсэн Шведийн эрдэмтэн Брэнмаркийн судалгааны төсөл 60-аад оны дундуур шүдний имлант суулгац эмчилгээнд шилжиж 10 жилийн туршилт судалгааны үр дүн 70-аад оны сүүлээр шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдэж 80-аад оны дунд үеэс л албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж эмнэлзүйн практикт нэвтэрсэн байдаг. 

 Хэн нэгэн танд имплантыг суулгаснаас хойш үлдсэн амьдралын тань туршид ямар ч асуудалгүй гэсэн бол итгэхээсээ өмнө бодож үзэх хэрэгтэй. 

90-ээд оны үеэс хөгжингүй орнуудад имплант эмчилгээний том тэсрэлт болж эмч болгон энэ шинэ технологийн гайхамшгийг шагшиж байсан ч 2000-аад оны эхэн үеэс энэ эмчилгээний зарим нэг сөрөг тал мэдрэгдэж эхэлсэн нь имплант эмчилгээний дараах үрэвсэлт өвчин буюу пери-имплантитын асуудал юм. 

Имплант эмчилгээний амьдрах чадвар болон үр дүнгийн судалгааг хийхдээ ихэнхдээ 10 жилээр авч үздэг нь ийнхүү 2000 оны үе болж таарч байна. Би энд бас ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй цэвэр судлаачийн өнцгөөс хандаж хэлэхэд хэн нэгэн танд имплантыг суулгаснаас хойш үлдсэн амьдралын тань туршид ямар ч асуудалгүй гэсэн бол итгэхээсээ өмнө бодож үзэх хэрэгтэй. 

Хүний амны хөндий бол нян бактериар хамгийн баялаг хүний биеийн хэсэг юм. Энэ их нян бактерийн довтолгоог тэсвэрлэж удаан хугацаанд оршин тогтнох нь өнөөдөр ямар ч имплантын суулгацын хувьд маш том сорилт болсон хэвээр байна. Шүдний имплант суулгацын материал технологи хөгжихийн хэрээр урт удаан хугацаанд оршин тогтнох боломжтой шинжлэх ухааны нотолгоонууд хүрээгээ тэлсээр. 

Гэхдээ энд маш чухал асуудал нь эмчилгээний төлөвлөгөөг зөв боловсруулж амны хөндийн нөхцөл байдлыг зөв тооцоолж, зөв арга барилаар суулгасан имплант, эмчилгээний дараа зайлшгүй хийгдэх шаардлагатай хяналт, эрүүл ахуйн арчилгааг зөв, цаг тухайд нь хийлгэсэн тохиолдолд 10 жилийн хугацаанд амьдрах чадварын үзүүлэлт 98 хувь байгааг тогтоосон байдаг. 

Энд би зайлшгүй хийгдэх ёстой хяналт, эрүүл ахуйн арчилгаа гэдгийг зориуд цохон дурдъя. Манай иргэдийн дунд имплант шүдэлбэрийг суулгуулаал ахиж хэзээ ч шүдний эмнэлэгт очихгүй гэсэн буруу ойлголт байгаад байдаг. Эмч нар өвчтөнд сануулсан ч ирэхгүй алга болчихдог нь их. 

Бас гадаадын улс орнуудад имплант суулгуулсан хүмүүс ахиж тэр улсдаа, тэр эмч дээрээ очихгүй байх нь элбэг. Энэ бол том алдаа юм. Та маш үнэтэйгээр суулгуулсан хиймэл шүдээ анхаарал тавиагүйгээсээ болж алдах эрсдэлд орж байна гэсэн үг. 

Имплантан дээр наалдсан өнгөр, нян бактерийг тодорхой хугацааны давтамжтайгаар эмнэлэгт очиж байнга хянуулж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэж байх хэрэгтэй. Түүнээс гадна имплант суулгасан ясны эдийн төлөв байдлыг рентген зургийн хяналт хийлгэж шалгуулж, шаардлагатай бол зарим тохиргоог хийлгүүлж байх нь чухал. 

Имплантын хэсгүүдийг өөр хооронд нь боолтоор боож байгааг та бүхэн мэднэ. Хол аян замд гарахдаа машиныхаа дугуйн боолтыг шалгадгийн нэгэн адил маш өндөр үнээр суулгуулсан амьдралын чинь туршид ашиглагдах хиймэл шүдэндээ анхаарал тавьж байнга шалгуулж, тохиргоо хийлгэж байх нь чухал шүү. 

Хэрэв та цаг хугацаанд нь эмч дээрээ очиж арчилгаа, тохиргоог зүй зохистой хийлгээд байгаа бол дээр дурдсан 93 настай япон эмээ шиг хэдэн нас хүртлээ ч имплантаа хадгалж, ашиглах боломжтой. Ингэж чадвал имплант хамгийн сайн хиймэл шүд гэдэг нь үнэн.

Үгүй бол та пери-имплантитын үрэвсэлд автаж имплант суулгацын тулгуур яс уусаж хайлснаар имплант өөрөө унах, эсвэл авхуулахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Япон улс имплант эмчилгээнд маш хатуу хяналт тавьдаг тул бидний судалгаагаар пери-имплантит үрэвслийн тархалт харьцангуй бага байгаа. Гэсэн ч бусад улс орнуудад хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар нийт суулгасан имплантын 25-56 хувь хүртэл ихсэж аюулын харанга дэлдээд байгааг өнөөдөр имплантын чиглэлээр болдог их хурал болгон дээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж байгаагаас харж болно.  

- Сүүлийн үед ribbond хэмээх залгадаг хиймэл шүд гарах боллоо. Энэ шүд нь хэр сайн бэ. Удаан тогтож чадах уу?

 

- Ribbond-ын сурталчилгаа хүчтэй явж байгааг би зарим нэг сонин сэтгүүл, веб сайтуудаас харж л байна. Нэг талаас манай шүдний эмнэлгүүдийн маркетинг сайжирч олон нийтэд шүдний тусламж үйлчилгээний хувилбаруудыг өөр хооронд нь ялгаж төрөл ангиллаар нь хүргэж чадаж байгааг хараад бахархаж сууна. 

Нөгөө талаас яг энэ асуудлаар одоо Канад улсад энэ чиглэлээр ажиллаж байгаа шүдний эмчтэй ярилцаж зарим зүйл дээр монгол эмч нарынхаа тайлбарыг сонсоод маш гайхсан. Тэр хүн маань өөрөө энэ чиглэлээр дагнан ажилладаг хүн шүү дээ. 

Хүний шүд зажлуурын булчин гэдэг маш хүчтэй даралт учруулдаг. Энгийн үед хиймэл шүдэнд ирэх зуултын хүч 50-100 N байдаг бол хүн айсан сандарсан болон ямар нэгэн зүйлд хүч гаргах үед хэд дахин нэмэгдэж 800 N хүрдэг. 

Физикийн хуулийн хувьд аливаа механик холбоо тууш тэнхлэгийн дагуу ирэх шахах, татах хүчийг сайн тэсвэрлэдэг ч тэнхлэгийн хөндлөн чиглэлд ирэх ширвэх хүчний нөлөөг тэсвэрлэхдээ муу байдгийг биомеханикийн салбарт тайлбарласан байдаг. 

Шүдний эмчилгээний салбар буюу dentistry нь нэг талаас анагаах ухааны салбар боловч ашиглаж байгаа материал, технологиосоо шалтгаалан инженерийн салбарын мэдлэг мэдээлэл маш чухал зүйл юм. 

Иймд Ribbond хэдийгээр сайн технологи хэдий ч түүнийг ямар тохиолдолд хэрэглэх заалтыг хатуу баримталж, өвчтөн үйлчлүүлэгчдэдээ сайтар тайлбарлаж өгөх нь чухал. Мөн материалын худалдаалагчдын аман тайлбарт итгэхээсээ илүү тухайн материалын чиглэлээр хийгдсэн шинжлэх ухааны туршилт судалгаануудын үр дүнг нягтлан харах нь чухал шүү гэдгийг анхааруулан хэлье.  

- Сүүлийн үед шүдний салбарт нэвтэрч буй ямар шинэ технологиуд байна вэ?

-Шүдний эмчилгээний салбар хөгжингүй улс орнуудад эрүүл мэндийн салбарын бизнесийн хувьд тэргүүлэх салбаруудын нэг байдаг. Тэр ч утгаараа энэ салбарт хамгийн сүүлийн үеийн техник, технологиуд маш хурдтайгаар нэвтэрдэг. 

Шүдний эмчилгээний салбарт сүүлийн үед гарч буй трэнд хэлбэрийн өөрчлөлт хувьсал гэвэл digital dentistry буюу тоон технологийн хувьсал байна. Өнөөдөр шүдний эмчилгээний ажилбаруудын нэлээдгүй хэсэг нь тоон технологи буюу дижитал орчинд бүрэн шилжээд байна. 

Урьд нь материал зуурч шүдний хэв авдаг байсан бол одоо амны хөндийн иж бүрэн сканнераар хэв авахгүйгээр шууд сканнердаад буулгачихдаг боллоо. Таны дээр дурдаж байсны адил хиймэл шүдийг компьютерээр иж бүрэн загваржуулалт хийж CAD/CAM системээр ямар ч гарын оролцоогүйгээр үйлдвэрлэдэг боллоо. 

Шүдний имплантын эмчилгээг ч мөн компьютерийн тусламжтайгаар Computer guided surgery-н программ хангамж ашиглан иж бүрэн тооцоолол гаргаж, ямар ч алдаа мадаггүйгээр хүссэн орон зайд суулгадаг болсон байна.  

3D printing буюу гурван хэмжээст хэвлэлийн технологи шүдний эмчилгээний салбарын хиймэл шүд үйлдвэрлэхэд өргөн хүрээнд ашиглагдаж байна. Сүүлийн үед аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хиймэл оюун ухаан гэж дэлхийн хэмжээнд яригдаж байгаа зүйлс манай салбарын хүрээнд ч нэвтэрч хиймэл оюун ухаанаар эмчилгээний төлөвлөгөө боловсруулж робот мэс засал хийгдэж байна. 

Манай салбарын эмч мэргэжилтнүүд өргөн хүрээний мэдлэг мэдээлэлтэй байдгийн хувьд эдгээр гайхамшигтай технологиуд Монгол Улсад тодорхой хүрээнд нэвтэрч байгаа нь сайшаалтай. 

 Эрүүл, цэвэр шүд сая сая долларын үнэтэй гоо сайхны эмчилгээнээс илүү гоё сайхан харагддаг

- Хүүхнүүд гэлтгүй эрчүүд ч шүднийхээ гоо сайханд анхаардаг болсон. Ялангуяа шүд цайруулах талын аргуудыг туршиж үзэх болжээ. Өнгөлөх, пааландах, холливүд смайл зэргийн ялгаа болон үр дагавруудыг хэлж өгнө үү?

-Сайхан инээмсэглэл, сайхан шүд тухайн хүний амжилтыг илэрхийлж харилцааны маш чухал үзүүлэлт болдог гэсэн ойлголт барууны хөгжингүй орнуудад олон нийтийн дунд түгээмэл байдаг. 

Холлиувуд смайл хэмээх шүдний гоо сайхны эмчилгээний гол брэнд болсон бүтээгдэхүүнийг өнгөрсөн зууны 50-аад оны үед Чарльз Пинкс эмч Беверли Хиллст шүдний эмнэлгээ нээж ажиллуулснаар кино жүжигчдийн дунд нэвтрүүлсэн байдаг. 

Ширли Тэмпл, Жуди Гарленд зэрэг олон жүжигчид энэ бүтээгдэхүүний нүүр царай болж дэлхий нийтэд сая сая долларын инээмсэглэлийг танилцуулсан хүмүүс юм. Тэр ч утгаараа шүдний гоо сайхны эмчилгээний салбар нь Америкт л гэхэд жил 20 тэрбум долларын орлого олж байдаг маш том бизнес

Маш олон долларын саятан эмч нар ч энэ салбараас төрөн гарсан байх. Судлаачийн өнцгөөс дахин хэлэхэд бодит эмнэлзүйн тохиолдлууд дээр хийсэн дүгнэлтүүдэд үндэслэн Холливуд смайл брэнд бүтээгдэхүүнийг миний хувьд зөвхөн бизнес гэсэн утгаар хардаг болоод байгаа. 

Мэдээж шүдний зарим нэг өнгөний засаж болохгүй өөрчлөлт, зарим нэг бүтэц, хэлбэрийн гажгийг гоо сайхны үүднээс зайлшгүй шаазан нүүрэвч нааж мэдэгдэхгүй болгох заалт бийг үгүйсгэхгүй. Харин бусдаар бол эрүүл, цэвэр сайхан шүд сая сая долларын үнэтэй гоо сайхны эмчилгээнээс илүү гоё сайхан харагддаг гэдэгт итгэдэг. 

Нэг удаа өнгөлөн далдлалт хийж маш өндөр үнээр гоо сайхны эмчилгээ хийлгэснээс урт хугацаанд бага багаар шүдээ арчилж, гамнаж, цэвэр, эрүүлээр нь авч үлдэх нь бүтцийн ч үйл зүйн хувьд ч хамгийн сайн зүйл юмаа гэдэг дүгнэлтэд л хүрээд байна. Гэхдээ шүдээ илүү гоё хэлбэртэй гялалзсан цагаан болгох гэж байгаа хувь хүний сонголтыг үгүйсгэхгүй.

Танд төлбөрийн чадамж нь байгаад Холливудын одод шиг харагдахыг хүсэж байгаа бол таны л сонголт. Гэхдээ гоо сайханд золиос байдаг гэдэг шиг таны эрүүл шүдийг заавал өөлж өрөмдөж байж гоё сайхан болгодог гэдгийг анхаараарай. Яг одоо миний амьдарч байгаа Япон улсад Холливуд смайл бол тийм ч алдартай зүйл биш. 

Энд хүмүүс шүдээ эрүүл цэвэр байлгахыг л анхаарахаас заавал гялалзсан цагаан, нүд гялбуулж байхыг тоодоггүй юм байна гэдэг нь их сургуулийн эмнэлэгт ирж буй өвчтөнүүдээс харагддаг. Япон жүжигчид нь бас амьдралд ойр,  хүний дүр бүтээхээс солонгос, холливуд драма шиг гял цал харагдаад хүмүүсийг хошууруулаад байдаггүй юм шиг санагддаг. 

Би буруу бодож ч байж магадгүй. Шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрэн утгаараа нэгдсэн тогтолцоонд ороогүй манай орны өнөөгийн нөхцөлд хэт хэлбэр хөөсөн буруу ойлголт, төөрөгдөл нь хүмүүсийг амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал тавихаас илүү өнгөлөн далдлалт хийж гоё харагдуулахад анхаарах буруу жишиг тогтоогоод байгаа юм биш байгаа гэж боддогоо нуух юун. 

Хүүхдийнхээ шүдийг та бага балчир наснаас нь шүдний эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл ахуйн үйлчилгээг цаг тухайд нь авч шүдний өнгө хувиргадаг хүнсний зүйлсийг хязгаартай хэрэглэж сайн угааж цэвэрлээд байвал заавал гадуур нь юм наахгүйгээр шүд тань илүү гоё эрүүл сайхан харагдана шүү дээ. 

Шүдээ гадуур нь шаазан нүүрэвч нааж өнгөлөн далдлахаас шүдээ өөрөөр нь авч үлдэж дотроос нь цайруулах аргыг би арай илүү боломжит хувилбар гэж зөвлөх байна. Энэ ч утгаараа шүд цайруулах эмчилгээний хувьд энэ эмчилгээнд буруутгах сөрөг үр нөлөө байхгүй. 

Европ соёлын нөлөөн дор кофены соёл өргөн хүрээнд нэвтэрч байгаа энэ цаг үед шүдээ аль болох угааж цэвэрлээд ч өнгөө алдаад байх нь бий. Бас хэн бүхний хаяхад хэцүү хорт зуршил тамхи таталт шүдний өнгө хувирахад их нөлөөлнө. Шүд цайруулах материалууд нь гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөлд цайруулах гэсэн төрөлтэй байгаа.
Гэрийн нөхцөлд цайруулах эмчилгээ хийж байгаа бол материалын зааврыг сайтар харж зааврын дагуу ашиглалтын хугацааг баримтлах нь чухал. Шүд цайруулах эмчилгээний дараа шүд эмзэгшиж, хага ташиж өвдөх нь бий. Хүнээсээ шалтгаалаад өвдөлтийн эрчим харилцан адилгүй байдлаар илэрч болно. Энэ бол шүд цайруулагчаас болж шүд гэмтэж бүтцээ алдаж өвдөж байгаа явдал биш бөгөөд цайруулах бодисын нөлөөгөөр түр зуурын хугацаанд үүсэх физиологийн хэвийн процесс юм. 

Шүд цайруулалтын асуудлыг хөндсөн дээр нэг зүйлийг анхааруулахад сүүлийн үед шүдний эмнэлэг биш гоо сайны салонууд шүд цайруулах эмчилгээг санал болгодог болсон нь дэлхий жишгээс гажсан маш буруу зүйл юм.

Шүдний бүтэц, үйл ажиллагаа, материал судлал, гоо сайхны эмчилгээний сөрөг нөлөөний талаар бүрэн ойлголтгүй мэргэжлийн бус хүн энэ үйлчилгээг гүйцэтгэх нь өвчтөн үйлчлүүлэгчээ томоохон эрсдэлд оруулж байгаа зүйл шүү. Энэ асуудлыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар болон бусад хяналт шалгалтын байгууллагууд анхааралдаа авах цаг болсон гэж бодож байна.  Гоо сайхны салонуудад хийгдсэн шүд цайруулах бодисын тунг хэтрүүлсэн, хүндэрсэн тохиолдлууд шүдний эмнэлэгт их хандах болсон нь хэн бүхэн болгоомжлох ёстой зүйл юм.  

- Хүүхдийн шүдний эмчилгээний талаар ярихгүй юу. Хорхойтохоос сэргийлсэн янз бүрийн түрхлэгүүд их байдаг?

-Миний мэргэшсэн үндсэн чиглэл маань хиймэл шүдний технологи, имплант, гоо сайхны эмчилгээг хамруулсан нүүр амны согог заслын салбар юм. Энгийн хүмүүсийн нүдээр бол ганц шүд эмчлэхэд ямар олон мэргэжил байдаг юм гэж хэлж магадгүй. Гэхдээ олон улсын жишиг нь тэр юм. 

Энийг урьдчилан анхааруулж хэлж байгаа нь би хүүхдийн шүдний чиглэлээр мэргэшсэн эмч биш тул энэ чиглэлээр илүү гүнзгий мэдээлэл өгөхөд бэрхшээлтэй гэсэн үг. Гэхдээ мэдээж шүдний эмч хүний хувьд, шүдний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл бэлтгэдэг судлаач хүний хувьд таны асуусан асуултад зарим нэг баримтууд дээр тулгуурлан хариулъя. 

Манай улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн асуудал ДЭМБ-ын шалгуураар нэн аюултай түвшинд хүрээд байна.  5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 89 хувь хүрээд байгаа нь бидний шүдний тусламж үйлчилгээний өнөөгийн энэ загварчлал хүн амд, нэн ялангуяа хүүхэд залуучуудад огт хүрч чадахгүй ямар ч бодит үр дүнгүй байгааг харуулж байна. 

Хүүхдийн шүдний эмчилгээний салбар эмчилгээний арга барил, техник технологи, багаж материалын хувьд шүдний эмчилгээний бусад салбарын нэгэн адил өндөр түвшинд хүрээд байгаа ч нөгөө талд төрийн оролцоот ямар нэгэн зөв тохиргоо хийхгүй л бол зорилтот хэрэглэгчдээ хүрч чадахгүй байна. Манай салбарын эмч мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд гар хумхин зүгээр хараад суугаагүй бөгөөд өөрсдийнхөө нөөц боломжоор сургууль цэцэрлэгээр сайн дураараа очиж амны хөндийн эрүүл мэндийн хяналт, эрүүлжүүлэлт явуулдаг эмч нар олон бий. 

Тэглээ гээд нэгдсэн зохион байгуулалттай иж бүрэн арга хэмжээ авахаас нааш хэдэн эмч нарын хүчин чармайлт хаанаа ч хүрэхгүй байгаа нь жилээс жилд хүүхдийн шүдний өвчлөл улам өсөн нэмэгдээд байгааг Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн тайлан мэдээнүүдэд тодорхой харагдаж байна. 

Гэхдээ энэ асуудал миний ойлгож байгаагаар сүүлийн үед азаар олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа бөгөөд үнэхээр болохгүй болчхоод байна гэдгийг бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч шийдвэрлэх зөв гарц хайж олох талаар төрийн захиргааны байгууллагууд Эрүүл Мэндийн Яам, мэргэжлийн хамт олон шат шатандаа хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь сайшаалтай зүйл юм. Асуудлыг ийнхүү олон нийтийн анхаарлын төвд аваачихад манай мэргэжлийн хамт олон тухайлан багш нар маань маш их хичээл зүтгэл гаргасныг хэлэх нь зүйтэй. 

Эрүүл Мэндийн Яамнаас ойрын хугацаанд Хүүхдийн шүдний эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр ажилдаа орсон байгаа нь Монгол Улсын хэмжээнд хүүхэд залуусынхаа эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа цагаа олсон маш чухал үйл явдал гэж харж байна. 

Энэ асуудлыг анхааралдаа авч дэмжиж, шинэ болон хуучин сайдын ажлын албыг үргэлжлүүлэн яваа ЭМЯ-ы төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч, Нийгмийн эрүүл мэндийн газрын Д.Ганцэцэг дарга болон ажлыг нугалж байгаа хамт олонд салбарын хамт олны өмнөөс талархлаа илэрхийлмээр байна. 

Хүүхдийн шүдний цоорлоос сэргийлэх түрхлэг, наалт зэргийн тухайд шүдний цоорлын үндсэн шалтгаан болох шүдний өнгөр тогтолт, өнгөрт нян бактери үржих асуудлыг таслан зогсоох, цооролд өртсөн шүдийг дахин эрдэсжүүлэхэд чиглэгдсэн байдаг.  Япон тэргүүтэй хөгжингүй орнуудад хүүхдийн шүдний цоорол, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр хийгдсэн судалгаануудын тайлан мэдээг уншиж байхад цоорлоос сэргийлэх түрхлэг, наалт зэрэг нь хүн амын орлого багатай хэсгийн хүүхдийн шүдний эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь тодорхой харагдаж байна.

Манай улсад ч тодорхой хүрээнд үүргээ гүйцэтгэж байгаа гэж таамаглаж байгаа ч яг энэ чиглэлээр монголын нөхцөлд хийгдсэн судалгааны материалыг харамсалтай нь олж үзээгүй л байна. Хүн амын дундах шүд цоорох өвчний тархалтыг бууруулах энэ мэтчилэн олон арга байгаагаас манай улсын хэмжээнд огт хийгдэж байгаагүй ч шүдний цоорлын тархалтыг бууруулахад Америк тэргүүтэй улс орнуудын хэмжээнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн нийгмийн эрүүл мэндийн томоохон арга хэмжээ нь шинжлэх ухааны олон судалгааны баримтаар нотлогдсон өргөн хэрэглээний ундны усны фторжуулалт юм.

Монгол Улсын хүүхдийн шүдний өвчлөл ДЭМБ-ын шалгуураар нэн аюултай түвшинд байна.

АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн байгууллагаас ундны усны фторжуулалтыг Америк улсад өнгөрсөн зуунд хэрэгжсэн нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг гэж онцгойлон дурдсан байх нь бий. Мэдээж ундны усны фторжуулалтыг дагасан олон маргаан, үзэл бодлын зөрчилдөөн байдаг ч нэгэнт аюулын харанга дэлдээд байгаа манай орны нөхцөл байдалд энэ аюулт байдлыг таслан зогсооход чиглэгдсэн нэгэн хувилбар арга хэмжээ байх эсэхийг мэргэжлийн хамт олны хүрээнд хэлэлцүүлэхэд буруудахгүй болов уу гэж хувийн зүгээс үзэж байна. Төрийн захиргааны байгууллагууд олон улс орнуудад хэрэгжсэн бодит үр дүнгээ өгсөн аргачлалуудыг харьцуулан судалж хамгийн зөв хувилбарыг сонгон хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  

- Шүдээ өвтгөхгүй, хамгаалах хамгийн шилдэг аргуудаас хуваалцаач. Мэдээж шүдээ байнга угаахыг хүн бүр мэддэг.

- Шүдээ угаах ёстой гэдгийг хүн бүхэн мэддэгийн адил шүд яагаад цоордгийг, шүдний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг ч танай сайтын уншигчид бараг бүгдээрээ надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Мэдээллийн эрин зуун болсон өнөөгийн цаг үед шүдний өвчний тухай эрүүл мэндийн мэдээлэл огт аваагүй, үзээгүй, хараагүй хүн хөдөөгийн бөглүү булан тохойг эс тооцвол бараг байхгүй байхаа. Гэхдээ би буруу бодож байж ч болох юм. Асуудлын гол нь юундаа байна гэхээр өнөөг хүртэл миний олж харснаар хүн амын дийлэнх хэсэгт эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл дутмагтаа биш харин олж авсан мэдээллээ амьдралд хэрэгжүүлэх, дадал хэвшил болгох явдал нь дутмаг байна. 

Ер нь хүний амьдралын дийлэнх үйл ажиллагаа амьдралын дадал хэвшлээр зохицуулагддаг бөгөөд нэгэнт аминд тулсан зүйл л биш бол дадал хэвшил болоогүй зүйлийг хүн ухамсраараа зохицуулж чадах нь маш хэцүү гэдгийг энэ чиглэлээр хийгдсэн олон судалгааны баримтад дурдсан байдаг. 

Хүний амьдралын дадал хэвшлийн дийлэнх хэсэг нь хүүхэд насанд тавигддаг. Хүүхэд насандаа амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшилд суралцаагүй хүн насанд хүрсэн хойноо энэ дадал хэвшлийг өөртөө суулгах нь тийм ч амар зүйл биш гэдгийг та өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээс хялбархан олж харах боломжтой. 

Иймдээ ч Япон тэргүүтэй хөгжингүй орнууд цэцэрлэг, бага сургуулийн насны хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшил олгох чиглэлээр маш идэвхтэй ажилладаг юм байна. Сургууль цэцэрлэгийн барилгын төлөвлөгөөнд ч эрүүл ахуйн шаардлагыг тусгайлан төлөвлөж хүүхэд хэзээ ч шүдээ угаах боломжтой орчныг бүрдүүлж өгч байна. 

Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох чиглэлд цаг заваа зориулан өдөр тутам мэдээлэл бэлтгэж байдаг хүний хувьд хүүхэд насанд дадал хэвшил олгох нь маш чухал зүйл гэдэг дээр онцгойлон анхаардаг болоод байна. 

Шүдний эмнэлэгт очиж шүдээ үзүүлж хянуулах гэдэг нь орчин үеийн соёлт хүн сар бүр үсчинд очиж үсээ засуулдагтай адил амьдралын өдөр тутмын чухал зүйлсийн нэг юм. Энэ ч утгаараа хөгжингүй орнуудад хүүхдийг 1 ойтойгоос нь эхлэн шүдний эмнэлгийн хяналтад авч шүдний эмнэлэгт очих дадал хэвшилд суралцуулж байна. 

Шүдний өвчнийг зөвхөн шүдний өвчин гэж өрөөсгөлөөр ойлгох явдал элбэг байгаа нь анзаарагддаг. Гэтэл шүдний өвчин нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, оюун ухаан, ой тогтоолтод сөргөөр нөлөөлж байдаг бол насанд хүрэгчдийн хувьд зүрх судасны өвчин, бодисын солилцооны эмгэг, таргалалт, хорт хавдар үүсэхэд хүртэл нөлөөлж байдаг нян бактери, үрэвслийн голомт болсон архаг явцтай хөнөөлт өвчин юм. 

Иймд та шүдээ өвтгөхгүй, шүдээ хамгаалъя гэж бодож байгаа бол амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр авсан мэдлэг мэдээллээ дадал хэвшил болтол байнга олон удаагийн давтамжтайгаар хичээн гүйцэтгэх, үсээ засуулах гэж үсчинд очдогтойгоо адил орцны буланд байдаг шүдний эмнэлэгтээ 6 сар тутамд ядаж нэг удаа очиж шүдний эмнэлэгт үзүүлдэг дадлыг өөртөө суулгах нь чухал юмаа гэдгийг хэлэх байна.