Зураг
Зураг
Индэр    
2018 оны 2 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Эмх цэгцтэй хувцаслах урлаг буюу МИНИМАЛИСТ хэв маяг

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагаан даавуун цамц, улаан трико, хар өнгийн богино өмд, гуталтай миний өмнө сууж буй энэ бүсгүйг П.Оюунтөгс гэдэг. Ердөө гурван өөр өнгийн, энгийн загвартай хувцас өмссөн хэдий ч тэр цаанаа л ажил хэрэгч, дэгжин, бас “сонирхолтой” харагдаж байв.

Тэрбээр “Миний хувцасны шүүгээнд 3 өнгийн, дулаан ба хүйтний улиралд өмсдөг 20 хүрэхгүй хувцас л бий. Амьдралынхаа ихэнх цагийг юу өмсөх тухай бодож өнгөрүүлэхгүйн тулд анх минималист хувцаслахаар шийдсэн. Харин хувцасны тухай бодох цагаа өөр бүтээлч зүйл зарцуулах нь илүү үр дүнтэй” гэв.

Оюу бол Монголын хамгийн анхны минималист блоггер, стилист. Түүний Oyuwore блог аль хэдийнэ олон уншигчийн танил болжээ.

Анх минималист хувцаслалтыг амьдралынхаа хэв маягт оруулахаар шийдсэн шалтгаанаа “Минималист амьдралын хэв маягаа минималист хувцаслалтаас эхлэх нь тоо ширхэг болон сэтгэл санааны хувьд үр дүн сайтай байдаг юм билээ. Бид өдөр тутамдаа ширээ сандал, аяга тавагны тухай бодохоосоо илүү өглөө бүр “Юу өмсөх вэ” гэж боддог.

Миний хувьд хувцасны хорхойтой. Их хувцастай хэрнээ юу өмсөхөө шийдэж чадахгүй, хувцасаа сонгочихоод гарахдаа буцаж солих зэргээр маш их цаг алддаг байлаа. Өөрт байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд анх минималист стилийг сонирхож эхэлсэн” хэмээн тайлбарлав.

Хэрхэн минималист хувцасладаг болох вэ?

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ асуултад Оюу “Минималист хувцас гэж тийм зүйлийг хэлнэ гэсэн шинжлэх ухааны юм уу онолын тодорхойлолт байхгүй л дээ.

Гэхдээ хүмүүст тулгардаг нийтлэг асуудал нь зөндөө хувцастай ч өмсөх хувцас олдохгүй байх явдал юм. Үүний шийдэл буюу минималист хувцаслалтын эхний алхам нь хувцасаа цөөлөх. Цөөхөн хувцас нь чанартай, хоорондоо хосолдог /өнгө, загвар/ гэсэн хоёр чухал шинжийг өөртөө агуулсан байх хэрэгтэй.

Харин цөөлж эхлэхээсээ өмнө тухайн хүн өөрийн бүтээх гэж буй дүрийг тодорхойлох алхмыг хэрхэвч орхигдуулж болохгүй. Дүрээ тодорхойлсны дараа түүнийг дэмжих өнгө, загваруудыг сонгоно.

Эхлээд маш сайн төлөвлөсний дараа хувцасаа ялгах, хаях, хандивлах зэрэг алхмуудыг хийх нь чухал юм. Түүнээс биш минималист хувцаслана гээд шууд хувцасаа ялгаж хаях нь тийм ч үр дүн сайтай байдаггүй.

Харин минималист шүүгээнд ямар хувцаснууд байх ёстой вэ гэвэл сонгосон 2-3 өнгийн хувцаснууд. Үүнд гутал, цүнх, аксессорууд орохгүй.

Хувцасны гол шинж чанар бол олон хувцастай зохицдог, олон төрлөөр өмсөгддөг байх ёстой. Миний хувьд хүмүүст ихэнхдээ цулгуй хувцаснууд өмсөхийг зөвлөдөг. Учир нь хэрвээ Nike гэсэн логотой футболк байлаа гэж бодоход түүнийг та жинс эсвэл кеттэй өмсөхөөс өөр сонголтгүй. Харин цулгуй футболк байвал үүн дээр нэмээд савхин юбка ч өмсөж болно шүү дээ.

Хоёрдугаарт загвар нь энгийн байх хэрэгтэй. Хувцас өөр дээрээ онцгойлсон загвартай байх хэрэггүй. Харин хувцасны загваруудыг бусад зүйлс тодотгож байх нь илүү зохимжтой байдаг” гэв.

"Хувцаслалтад тодорхой хэмжээгээр нэг этгээд өнгө, сонирхолтой деталь оруулах нь минималист стилиэс гажиж байгаа хэрэг биш"

Оюугийн хувцасны шүүгээг сонирхвол цагаан, хар, саарал өнгийн өмд, цамц, пальто, пиджак байлаа. Мөн тод улаан өнгийн ороолт, саатай гутал зэрэг ганц хоёрхон чамин зүйл шүүгээг нь чимнэ.

Хэрэв та нийтлэлийн эхлэл хэсгийг санаж байгаа бол тэрбээр ярилцаж байх үед улаан өнгийн трико өмссөн байсан юм. Ярилцаж байхад миний анхаарлыг улаан өнгө татаад байв.

Хувцаслалтынх нь энэ сонирхолтой шийдлийг асуухад “Хувцаслалтад тодорхой хэмжээгээр нэг этгээд өнгө, сонирхолтой деталь оруулах нь минималист стилиэс гажиж байгаа хэрэг биш. Энэ өнгийг хаанаа өгөх вэ гэдгээ тухайн хүн шийднэ. Миний хувьд трикондоо улаан өнгө өгсөн нь өвөрмөц шийдэл юм. Хэрэв хумс юм уу урууландаа улаан өнгө өгсөн байвал байдаг л нэг хувилбар.

Улаан өнгийг сонгосон шалтгаан нь энэ өнгө эмэгтэйлэг, дотно мэдрэмжийг төрүүлдэг. Хар, цагаан өнгөний хослол нь хурц, хэвшмэл харагдуулдаг бол улаан өнгө нэмснээр илүү дээр харагдуулж байгаа биз дээ” гэв.

Минималист хувцаслалтад трэндийг хэрхэн шингээх вэ?

Минималист хувцаслана гэдэг нь даруухан, уйтгартай хувцаслах хэрэг биш ажээ. Ялангуяа дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн тухайн жилийн тодорхойлсон загваруулыг өмсөхийг хүсэж буй бүсгүйчүүддээ зориулан энэ талаар асуусан юм. 

Тэрбээр "Трэндтэй хөл нийлүүлж байвал их сайн. Гол нь тухайн трэндийг олноор нь өмсөхгүй. Өнгөрсөн хавар, намар хүн бүрийн хувцасны шүүгээнд хатгамалтай срочка, савхи, загасан хээтэй трико байлаа. Заавал хатгамалтай срочка, савхи, загасан хээтэй триког нэг дор өмсөх шаардлагагүй. Трэнд болж буй зүйлс хувцаслалтанд ганцаараа тодорч байх ёстой. Тиймээс трэндийг минималист хувцаслалтад олноор нь биш ганцаар нь оруулах тун зохимжтой байдаг" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Ярилцлагын төгсгөлд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн "Би юу өмсөх, юу идэхдээ анхаарал хандуулахыг хүсдэггүй. Учир нь надад анхаарах маш олон зүйл бий" гэсэн эшлэлийг онцлоод "Анхаарал гэдэг бол хүний энерги, эрч хүчийг хамгийн ихээр иддэг. Юу өмсөх вэ гэдэг бодлоосоо ангижирч чадсан маань хамгийн том давуу тал. Цөөхөн хувцастай учраас юу өмсөх нь ойлгомжтой, амар байдаг. Өмсөх зүйлдээ анхаарал хандуулахын оронд өглөө эрт ажлаа төлөвлөх, хэрэгтэй зүйл унших зэргээр цагаа үр дүнтэй зарцуулж байна" гэв. 

Монголчуудад минималист хувцаслалтын тухай цэгцтэй мэдээлэл мэдлэг өгч байдаг Oyuwore блог, фэйсбүүк хуудас хэдийнэ энэ чиглэлийн анхдагч, том брэнд болжээ. Өдгөө түүний оффист олон бүсгүйчүүд шүүгээгээ эмхэлж цэгцлэх, цаашлаад амьдрал, бодол санаагаа ч эмх цэгцтэй болгохыг хүсэж, зорьж ирсээр байна.