2017 оны 9 сарын 12
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МОНГОЛЫН “УЛСТӨРД” МЭНДЭЛСЭН ГУРАВДАГЧ ХҮЧНИЙГ ЗАРЛАЯ!

Саяхан даа, ардчиллын тухай нэгэн уулзалтад Ардчилсан Намын нэр бүхий сумын хэсгийн хорооны дарга нэг залуутай хамт сууж таарав. Тэр уулзалтын үеэр Цагаан сонголтын тухай яриа хөндөгдөхөд тэрбээр “Цагаан сонголт бол хэнд ч хэрэггүйн дээр төрийг завхруулах зүйл” хэмээсэн нь намайг цочролд оруулав. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Цагаан сонголтын эсрэг инээдтэй ч гэмээр сөрөг агуулга бүхий үзэл бодлыг олон нийтийн сүлжээнээс хэдэнтээ харсан ч тэр нь цаанаа “эзэнтэй”, захиалгатай зүйл гэдэг нь түвэггүйхэн мэдэгдчихдэг байсан учраас нэг их гайхдаггүй, шаналдаггүй байлаа. Инээдтэй тодорхойлолтуудын оргил нь “Цагаан хуудас бол хятадуудын оршуулга дээрээ хийдэг зан үйл” гэж байсныг хүртэл та бид мартаагүй л... 

Харин тэр АН-ын сумын хэсгийн хорооны дарга чин үнэнээсээ цагаан сонголтыг эсэргүүцэж байсан нь миний сонирхлыг ихээхэн татаж уулзалтын дараа түүнтэй жаахан хөөрөлдөв. Хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү хувь хүний үүднээс сонгуулиар санал өгөхдөө хоосон буюу Цагаан сонголт хийх нь Монгол төрийг сүүлийн 30 жил хослон барьж ирсэн МАН, АН хоёрын дотоод сунгааг эрүүлжүүлэх, цаашлаад эдгээр намыг шинэчлэх, энэ нь нийтийн эрх ашигт нийцэхэд томоохон түлхэц өгөхөд хүчтэй дохио болох боломжтой гэдгийг ойлгосон талаараа тайлбарлахад тэрбээр цөөн хэдэн хормын дараа “Нээрээ тийм юм байна. Цагаан сонголтыг энэ өнцгөөс нь харвал их зөв юм байна” гэж билээ. Бидний ойлголцол их хялбар байсан нь энэ залуу ч АН-ыг шинэчлэхийг хүсч бүр сумаас нь эхлэн өөрчлөн зохион байгуулах зорилго тавьжээ. 

Энэ ярианы дараа миний ойлгосон зүйл Цагаан сонголтыг залуус чадлынхаа хэрээр маш богино хугацаанд сурталчлан таниулахад л Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад  99,494 иргэн хоосон буюу хэнийг нь ч сонгохгүйгээр Цагаан сонголтыг хийсэн. Бид бүр далайцтай ажилласан бол Ерөнхийлөгчийн сонгуулийг дахиулах хэмжээнд хүргэх байсан. Гэхдээ энэ нь ШИНЭ нэр дэвшигч хүсэхээсээ илүү одоогийн бохир улстөрийн тогтолцоог цэвэршүүлэх сонголт байсныг зарим нь одоо хүртэл “ҮНЭН” агуулгаар нь ойлгоогүй байгаад харамсалтай санагдав. Хэрэв Цагаан сонголтыг намуудыг шинэчилж, цэвэрлэх, энэ нь бидний нийтлэг эрх ашигт нийцэх хэрэгсэл гэж харвал 100 мянга хэд болох бол?! 

99,494 дээр нэмэх нь 10 мянган хүн л Цагаан сонголт хийсэн бол бид өдийд Ерөнхийлөгчгүй эсвэл Х.Баттулгаас өөр Ерөнхийлөгчтэй сууж байх нь төр завхрах явдал гэж АН-ын тэр сумын хэсгийн хорооны дарга залуу үзэж байснаа ярив. Гэхдээ бидний ярианы төгсгөлд тэрбээр “Энэ хэмжээнд тулж очоогүй ч та бүхний санаачилсан Цагаан сонголт зорилгодоо хүрчээ” гэж хэлсэн нь сайн мэдээ.

Гэхдээ цагаан сонголтынхон зорилгодоо хүрээгүй л...

100 мянган хүний санал гэдэг “тоглоом” биш. 

Бүр хамгийн “эгдүүтэй” нь “2017 оны долоодугаар сарын 7-нд Цагаан сонголт хийсэн 100 мянган хүн өнөөдөр 300 мянгад ч хүрч байхыг үгүйсгэх аргагүй. 2016 онд АН-ыг дотроо талцаад засгаа унагаад эхлэхээр нь МАН-ыг арай илүү юм болов уу гээд сонгосон. Тэгтэл МАН өнөөдөр “задарч” байна. АН нь ч чадахгүй, МАН нь ч чадахгүй юм байна гэдгийг бид өнөөдөр харлаа. Тэгэхээр Цагаан сонгогчид л бүр томорч байна” гэж "Legal Window" өмгөөллийн нөхөрлөлийн хуульч Л.Нинжбат “Цагаан зөвлөл”-ийн ээлжит нэгэн уулзалтын үеэр ярив. 

НЭГ. СЭТГЭЛ ДУНДУУРХАН МОНГОЛЧУУД

Нэг талаар жилжингээ сонгуулийн уур амьсгал дунд амьдарна гэдэг манайх шиг жижиг эдийн засагтай оронд түвэгтэй ч бидний яг одоо явж буй БУРУУ ЗАМЫГ шинэчлэхэд энэ бол багахан хугацаа юм. 

Буруу замаар будаа тээж буйг гэрчлэх судалгаануудын ердөө зах зухаас нь танилцуулъя. 

Нэг. МЭК ХХК-ийн 2017 оны долоодугаар сарын сүүлээр хийсэн судалгааны “УИХ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуулгад иргэд 10 онооноос дунджаар 3.4 оноо өгчээ.
 
Харин Засгийн газрын үйл ажиллагаанд 3.9 оноо өгсөн байх юм. Монголчууд одоогийн УИХ, Засгийн газрын (огцорсон) үйл ажиллагааг 50 хувьд ч хүрэхгүйгээр үнэлж байна. Сурагчдын сурлагын үнэлэмжээр бол “–F” үнэлгээ. 

Хоёр. Бүгд Найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнгийн (БНОУХ) энэ оны дөрвөөс тавдугаар сард хийсэн судалгааны “Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв чиглэл рүү явж байна уу эсвэл буруу чиглэл рүү явж байна уу?” гэсэн асуулгад судалгаанд оролцогчдын 61 хувь нь “Буруу чиглэлд явж байна” гэж хариулжээ. Ердөө 20 хувь нь л “Зөв чиглэлд” гэж хариулсан байна.

График 1,  БНОУХ-ийн судалгаан дахь “Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв чиглэл рүү явж байна уу эсвэл буруу чиглэл рүү явж байна уу?” асуулгын дүн, 

Гурав. “Сант Марал”-ын 2017 оны ээлжит Улстөрийн барометр судалгаа #16. 

Асуулт нь “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу?”. 

Хариулт нь иргэдийн 81.3 хувь буюу ихэнх нь “Илэрхийлдэггүй” гэжээ. “Илэрхийлдэг” гэж үзсэн нь ердөө 11.3 хувь. 

“Мэдэхгүй” гэснийг нь нэмбэл үндсэндээ Монголчуудын 90 хувь нь одоогийн улстөрийн намууд өнөөгийн Монголчуудын үзэл санаа, аж байдлын, зорилго, тэмүүллийн төлөөлөл байж чадахгүй болжээ. 

График 2, “Сант Марал”-ын Улстөрийн барометр судалгаа #16, “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу?” асуулгын дүн,

Суурь логик нь намууд бидний төлөөлөл болж чадахгүй байгаа учраас тэднээс бүрдсэн УИХ, Засгийн газар нь муу ажиллаж бид буруу замаар будаа тээсээр... 

Иргэд одоогийн түвшнээс тэс өөр зүйлийг хүсч байгааг дээрх гурван судалгааны үр дүн батлах аж. 

“Өөр үр дүнг хүсч байвал өөр сонголт хийх хэрэгтэй болно. Түүнийгээ хийхгүй бол бусад нь хоосон яриа, хэрүүл, ямар ч үр дүнгүй сэтгэл хөдлөл...” гэж Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн тэргүүн Д.Энхбат гуай твиттердээ бичсэнтэй таарав. 

Харин бидэнд өөр СОНГОЛТ байсан уу гэдэг олон салаа хариулттай асуулт.

Гэхдээ цаг хугацааны эцэст гурав дахь сонголт нь аль нэг нам ч биш, бие даагч ч биш ердөө уншигч та өөрөө юм гэдгийг бид энэ сонгуулиас хойш бичиж ирлээ. Бүр тодруулбал, сонгуулийн саналын хуудсанд таныг төлөөлж чадах хэн нэгэн үгүй бол дахин өөр хувилбар нэхэх Цагаан сонголт бол бидний язгуур эрх ажээ. 

"Ардчилал нь сонгодог зарчмаар хөгжиж буй оронд хэнийг ч сонгохгүй буюу надад таалагдахгүй хүн нэр дэвшүүлбэл сонгохгүй байх эрх нь саналын хуудаст тусгагдсан байдгийг бид мэддэг боллоо. 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд бид хоёр муу хувилбарын аль нэг мууг нь сонгож ирэв. Энэ нь залуусын, нийгмийн бусад олон бүлгийн улстөрийн оролцоо, идэвхийг мохоосоор байсан.
 
Намууд сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх үйл явц хаалттай, олон нийтийн санал бодолд нийцэхгүй байгаа энэ үед хамгийн зөв сонголт бол “Protest vote” буюу эсэргүүцсэн санал Цагаан сонголт юм. Энэ бол улстөрийн хамгийн эрүүл акц юм. 

Австралийг хар. Францын сонгууль юу болов. 2020, 2021 оны сонгуулиудаас өмнө хэнийг ч сонгохгүй байх хувилбарыг саналын хуудаст оруулах хэрэгтэй” гэж "Монгол ТВ"-ийн Мэдээний албаны Ерөнхий продюсер Э.Лхагва “Цагаан зөвлөл”-ийн уулзалтын үеэр саналаа хэлсэн юм. 

ХОЁР.  МОНГОЛЫН МАКРОН?

 
`Цагаан Зөвлөл` уулзалтын үеэрх зураг, Баруун гар талаас Л.Нинжбат, Б.Мөнхдөл, Ч.Болортуяа, Б.Булганчимэг нар ...

Франц 67 сая хүн амтай, дэлхийн долоо дахь том эдийн засагтай орон. Цөмийн зэвсэгтэй, бас цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээвэрлэгчтэй нь Францаас гадна ганцхан Америкт л байдаг зэвсэг. Европоос гадна Өмнөд Америк, Карибын тэнгис, Африкт өөрийн газар нутагтай.

Энэ бүх хүч чадлыг тэгвэл 40 хүрээгүй залуу жолоодохоор болсон нь дэлхийн улстөрд сонин содон, шинэ үзэгдэл байж олон жилийн ноёрхолт уламжлалт нам, нэр дэвшигчдийг нэг л өдөр “өшиглөж” болохыг гэрчилсэн сонгууль байлаа. 

Франц, Монгол Улсыг харьцуулах цаашлаад улстөрийн сонгуулийн соёл, боловсролыг дэнслэх нь дэндүү гэнэн мэт танд санагдаж магадгүй. 

Гэхдээ яагаад болохгүй гэж. Монголын сонгогчид, иргэд жил ирэх бүр улам хэрсүүжиж, өгсөн мөнгийг нь авчихдаг ч саналаа худалддаггүйг, төр самарч байгаа нөхдөд хатуу хариу барьж чаддаг болсныг сонгуулиас сонгуульд харуулж буйг өмнө нь бичсэн билээ. 

Ингээд хартал, Францын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулийн санал хураалтад өгсөн Цагаан саналын хувь 8.52 байв.  Танил тоо биш гэж үү. Энэ сонгуулиас яг хоёр сарын дараа болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөн л хоёр дахь шатны санал хураалтын саналын дүнгээр Цагаан сонголт 8.2 хувь гарч ирсэн. Сонин биз. Франц, Монголын Цагаан сонгогчдын саналын хувь бараг тэнцүү. Харин бидэнд "ШИНЭ" нэр дэвшигч байсан бол бараг л Монгол Макроныг төрүүлэх байж. Зөв үү. Харин өнгөрсөн хугацаанд эрх барьсан хэсэг бүлэг хүн Монгол Макронуудад сонгогдох боломжийг хуулиар олгоогүйг бид өмнө нь хөндөж бичсэнийг унших боломжтой. 

Тиймээс ч бидэнд гурав дахь сонголт “байсангүй”. 

 
Б.Булганчимэг,

“Аливаа нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, хувьсгал гэдэг ганц хүний үзэл бодол, уриалга, лоозонгоор хийгддэггүй. Нэгэнтээ нийгэмд өөрчлөлтийн хүлээлт үүсчихсэн байхад ганцхан санаачлага л гарах юм бол энэ нь хувьсгал болдог гэж ярьдаг. Тэгэхээр Цагаан сонголтын хувьд мухардалд орсон олон сонгогчдын санамсаргүй нэгдэл байлаа. Маш богинохон хугацаанд хүчээ авсан нь нийгэмд нэгэнт өөрчлөлтийн хүлээлт бий болсныг гэрчилж байна. Нөгөөтэйгүүр Цагаан сонголт уриалгыг санаачлагчид одоогийн улс төрд бий болсон идээ бээрийг шахах ганцхан удаагийн л оролдлого хийснийг хэлэх хэрэгтэй” гэж Цагаан сонголт уриалгыг санаачлагчдын нэг Б.Булганчимэг “Цагаан Зөвлөл”-ийн уулзалтын үеэр онцолж байв.

Харин одоо Цагаан сонголт давалгааг эхлүүлсэн “Цагаан Зөвлөл”-ийнхөн төрийн бус байгууллага байгуулж хуульд өөрчлөлт оруулах зорилго тавиад байна.

 
Б.Мөнхдөл,

Яагаад заавал ТББ болох ёстой талаар Cover Mongolia компанийн гүйцэтгэх захирал, “Цагаан Сонголт” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг  Б.Мөнхдөл “Бид албан ёсны байгууллагын статустай болж зохион байгуулалтад орох эхний шаардлага маань энэ Цагаан сонголт гэдэг зүйлийг хамгаалж үлдэх. Хоёрдугаарт хэсэг бүлэг хүний санаачлага маань ихэвчлэн хувь хүмүүсийн санхүүжилт, хандиваар ажлаа урагшлуулж байсан. Харин одоо байгууллага болсноор бид ардчиллын ижил төрөл байгууллагуудтай туршлага солилцох, санхүүжилт босгох үндсэн эрх маань үүсч байгааг хэлэх хэрэгтэй” гэв.

Тус ТББ-ын гол зорилго бол Цагаан сонголтыг сонгуулийн саналын хуудаст оруулах явдал бөгөөд энэ явцдаа мөн цаашдаа сонгогчдын боловсролыг дээшлүүлэх агуулгад нэгдэх юм. 

 
Л.Нинжбат,

Цагаан сонголт хөдөлгөөний санаачлагчдын нэг хуульч Л.Нинжбат Цагаан сонголтыг сонгуулийн саналын хуудаст оруулах үндсэн агуулгыг тайлбарлахдаа “Нэгдүгээрт, сонгох эрх гэдэг бидний сонгосон ардчиллын язгуур эрх юм. Өөрөөр хэлбэл аль нь ч таалагдахгүй байхад би алийг нь ч сонгохгүй байх нь бидний язгуур эрх. Тиймээс ч нэгэнт хуульд тусгачихсан энэ сонголтыг саналын хуудаст оруулах нь хууль өөрөө хүчин төгөлдөр хэрэгжих боломж юм. Хоёрдугаарт, Цагаан сонголт ямар нэгэн байдлаар шүүлтүүр бий болгож байна. Бохь зажилдаг, хүчин хийдэг, авлига авдаг, төрөө худалддаг хүмүүсийг сонгохгүй байх боломж нь өөрөө Цагаан сонголт юм” гэв.

 
Э.Лхагва,

Нэгэнт Цагаан сонгогчид одоо ухрахгүй болсон. Цагаан сонгогчдын тоо улам бүр нэмэгдэх магадлалтай болж буй энэ үед  уламжлалт намууд юу хийх ёстой вэ мөн энэ дунд олон нийтэд манлайлал үзүүлэх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажиллах шаардлагатай талаарх Э.Лхагваагийн саналыг сонсоход “Саналаа өгөөд аль хэдийнээ биежсэн энэ 100 мянган Цагаан сонгогч хэн байв гэдгийг намуудын тинк танкууд судлахгүйгээр дараагийн сонгуульдаа оролцвол энэ хүч улам бүр нэмэгдэх магадлалтай. Энэ жилийн сонгуулиар Цагаан сонголтыг таниулсан залуусын ажил нь гурван намын сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан мөнгөний мянганы нэгд ч хүрэхгүй кампани хийсэн. Тэгэхэд ийм хүчтэй давалгаа бий болж байгаа юм чинь дараагийн удаа энэ хүч зохион байгуулалтад орвол ямар хэмжээнд хүрэхийг хэлж мэдэхгүй. Энэ санал хураалтын дүнгээс Монголд гуравдагч улстөрийн хүчний орон зай маш том байгааг Цагаан зөвлөл багийнхан ярилцаж байлаа. Тэгэхээр улстөрийн намуудын судалгааны байгууллагууд энэ хэсгийг сайтар судлах хэрэгтэй. Бидний хөвөгч гэж ярьдаг хаашаа ч савах магадлалтай сонгогчид бүгдээрээ ч Цагаан сонгогчид болох магадлал байхыг үгүйсгэхгүй.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд энэ бол олон ургальч үзэл бодлыг ижил тэгш дамжуулах шаардлагыг л хангах явдал. Өөрөөр хэлбэл энэ 100 мянган хүний эрх ашгийг төлөөлөх цаашлаад эдгээр хүнд зориулсан медиа сувгийн зах зээл байхыг ч үгүйсгэхгүй. Хэвлэл мэдээлэл гэдэг цагаан хоолой барьсан хүнтэй адил. Тэгэхээр цагаан хоолой барьсан хүмүүс урд гараад манлайлах л шаардлагатай. 

Түүнээс өндөр цамхагт суугаад би ингэж бодож байна. Эсвэл дарга нар ингэж бодож байна гэдгийг л дамжуулдаг медиа мөхөж байгааг бид харж байна. Нөгөөтэйгүүр нийгмийн ийм бүлгүүдэд гэрэл тусгаж өгснөөр жишээ нь Хонконгт гэхэд Жошуа Вонгийн хөдөлгөөнд долоон сая Хонконгчуудыг нэгтгэж чадсан. Тэгэхээр нийгэмд ийм эрүүл мессеж тарааж байгаа хэсэгт илүү гэрлээ тусгах нь, тэднийг сонсох нь редакц удирдаж байгаа хүний хувьд ч, сэтгүүлч хүний хувьд ч хамгийн чухал чанар гэж бодож байна” гэв.  

Одоо Цагаан зөвлөлийн хийх гол ажил хэнийг ч сонгохгүй гэдэг сонголтыг сонгуулийн саналын хуудаст нэмүүлэх явдал. Түүнээс улстөрийн хүчин болж нам байгуулах зорилго, санал байхгүйг "Нам гэхээр Монголчууд бид яагаад ч юм сөрөг утгаар хүлээгээд авчихдаг болж. Харин одоогийн Цагаан сонголт багийнхан сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, хуулийг таниулах, улмаар сонгогч өөрөө боловсролтой байхыг сурталчилж дээрээс нь аль нэг нэр дэвшигчдийг муулаагүй гээд хэнд ч гай болоогүй ажилласан. Өөрөөр хэлбэл залуусын шал өөр хэл, шинэ соёл байгааг анзаарах хэрэгтэй" гэж Б.Булганчимэг онцолж байлаа. 

Өнгөрсөн сонгуулийн богинохон хугацаанд Цагаан сонголтыг зарим нам эзэмших гэж, зарим нэг хэсэг нь сөрөг хүчний нэр дэвшигчдийгээ намнахад ашиглах гэж хөөрхөн жүжиг тавьцгаасан. Харин тэдний орилолдооноор энэ сонголт улам бүр биежсээр байгаад талархууштай. 

“Намдаа, даргадаа таалагдах гэж цүнх барьж, эсвэл авлига өгдөг нь биш олон нийтийн төлөө, боловсролтой, ёс зүйтэй улстөрчид өнгөрсөн хугацаанд ч одоо ч цөөн тоогоор бий гэдэгт миний бие итгэдэг. Тэгэхээр ийм улстөрчид одоо  л бидний ярьж буй Цагаан сонголтыг дэмжээд явах байх. Бид хамтдаа энэ боломжийг бий болгоно” гэж Б.Мөнхдөл хэлж байв.  Өөрөөр хэлбэл энэ санаачлагыг авч явсан, дэмжсэн улстөрчид угаасаа нийгмээс оноо авах нь тодорхой болжээ.  Ямартай ч тэдэнд 100 мянган хүний санал байна. 

Бидэнд сонголт хийх боломж өгөөгүй, хар бараан мэдээллээр бөмбөгдсөн, нэр дэвших үйл явц хаалттай, шударга бус, төрийн албыг арилждаг, бүх л эрх ашгийн дээр нам, хувийнхан сандайх болсны эсрэг тавих бидний дүн бол Цагаан сонголт. Энэ талаар нэг их гоё хэлсэн нь Д.Энхбат гуайн  “Цагаан хуудас өгснөөр шууд хүссэндээ хүрэхгүй байж болох ч тэр бол өөрийн сонголт хийх эрх чөлөөгөө эдэлж, түүгээрээ амьдрах зам шүү дээ” гэсэн үг байх. 

Цагаан сонгогчдын тоог, хүчийг улам бүр нэмэгдүүлж буй одоогийн намчдад баярлах уу, гомдох уу гэдэг харин их сонин асуулт. Гэхдээ л хамгийн тодорхой хариулт бол Цагаан сонгогчид нэмэгдэх нь хуурамч “эх орончдод” АШИГ ҮГҮЙ.    

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x