Индэр    
2017 оны 6 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Сэрэл, МЭДРЭМЖЭЭ алдсан МАНАН-д зориулав

Зураг

100 айл дахь барилгын материалын худалдагч залуу сонгуулиа өгөх гэж очиход нь 20 мянган төгрөг өгсөн тухай хээв нэг ярьж.

Үргэлжлүүлэн сонсвол 20 мянган төгрөгийг нь авчихаж. Гэхдээ "Би сонго гэснийх нь эсрэг хүнийг сонгочихсон л доо" гэж маазарсан тухай танил маань ярив. 

ГОЁ!

НЭГ. Сонгогчид саналаа ХУДАЛДДАГГҮЙ, ХУДАЛДАХГҮЙ!

2016 оны зургаадугаар сарын 09.  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэдийн 1,072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрээ танилцуулав. Тус шийдвэрээ ноён Ч.Сайханбилэг зарлахдаа "Энэ ажил нь сонгуультай ямар нэгэн холбоогүй. Цэвэр Засгийн газрын хийж буй ажил. Бэлэн мөнгөний амлалт ч биш. Иргэдийн хувьцааг л төлбөр төлж авч буй хэлбэр" гэж гурван настай хүүхэд хуурч байгаа мэт ярив. 

Энэ шийдвэрээс хойш 20 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болсон билээ. Ноён Ч.Сайханбилэгийн гишүүнчлэлтэй Ардчилсан Нам УИХ-ын 76 суудлын ердөө ес буюу 11 хувийг авч чадав. Өөрөөр хэлбэл, иргэд сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг эсэргүүцэв. АН-ын сонгуульд ялагдсан шалтгаан нь маш олон хүчин зүйлээс хамаарсаныг тухайн үед олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчид, ажиглагчид бичиж байв. Энэ бол тусдаа асуудал. Ямар ч байсан сонгогч олон санал өгөхдөө элдэв башир аргад автахгүй болсноо харуулав. 

АН-ын энэхүү алдааг Монгол Ардын Нам ч сая давтав. Өөрөөр хэлбэл тэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд засгийн эрх баригч давуу талаа ашиглан сонгуулийн гэж хэлэхээр олон амлалт өгсөн билээ. Цалин, тэтгэвэр нэмнэ. Сургалтын төлбөр нэмэхгүй, Улаанбаатар хот сайхан болж байна гэж мэдэгдсээр байв. Мөн Сүхбаатарын талбай дээр бүх яамнынхаа нээлттэй хаалганы өдөрлөгийг зарлаж, өөрсдөд байж болох бүх л боломжоо ашиглаж иргэдийн саналд нөлөөлөхийг оролдов. 

Харин иргэд хариуд  мөн л МАН-д зохих дүнг нь тавив. 

Өөрөөр хэлбэл сонгогч олон улстөрчдийн, эрх баригчдын өгч байгаа мөнгийг нь бол авчихдаг юм байна. Харин сонголтоо хийхдээ дороо бодолтой хийж байгааг энэ харалган улстөрчид ойлгохгүй байна.  

МАНАН-ын бүлэглэл өөрсдийн идээ бээрээ дийлэхээ байсан ч бүгдийг мөнгөөр шийднэ гэж муйхарлаж буй нь даанч сэрлээ алдсаны шинж ажээ. 

Та бүхэн бод доо. Эрх баригч нам, намын дарга нь УИХ-д ердөө ганцхан суудалтай МАХН-ын нэр дэвшигчтэй маш ойролцоо дэмжлэгийг авч сонгуулийг дахиулах хэмжээний нөлөөллийг бий болгов. Босоо Ганбаад бол 90 гаруй жилийн түүхт МАН далаараа цэвэр тавиулжээ. Харин тэд минь дахин санал хураалтаар бага ч болов хүний саналаар сонгогдох муйхар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байгаа нь даанч харамсалтай.  Гэхдээ МАХН МАН-тай эн тэнцэхүйц хэмжээний саналыг авсан нь сонгогчид МАХН-ын дур булаамд гэхээсээ илүү МАНАН-д тавьсан дүн байх магадлалтай ч аль тохиолдолд МАНАН-ын хувьд сөрөг үзүүлэлт юм. 

ХОЁР. Олон нийт та нарын БӨӨЛЖСИЙГ ИДЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА!

Монголын эдийн засгийн хамгийн эмзэг, хөндүүртэй цэг бол яах аргагүй доголон хөлт эдийн засаг буюу уул уурхай. 

Тэгвэл уул уурхай дагаж амьжиргааны хувьд орон нутгуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй (Өрсөлдөх Чадварын индексээр эхний хоёрт ордог аймаг) хоёр аймаг бол Орхон, Өмнөговь. 

Тэгтэл энэ хоёр аймгийн иргэд МАН ч биш, АН ч биш МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарыг (40%-иас илүү) илт давуу байдлаар сонгожээ. 

Хэрэв амьдрал өнөөдрийнхөө ГОЁ байвал тэд МАНАН-аа сонгох байлаа. Тэгвэл нэр дэвшигч С.Ганбаатар уул уурхайн салбарт ямар мөрийн хөтөлбөр боловсруулав. 

“Монгол хүн Монгол эх орныхоо эзэн нь байна. Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.

Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой” гэж тэрбээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 

Үүнээс үзвэл иргэд Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг өнгөрсөн хугацаанд төрийг ээлжлэн барьсан МАНАН хийж өгч чадаагүйн том илрэл аж. 

Гэхдээ нэг сайн мэдээ бол олон нийт газар доорх баялаг бүх ард түмний мэдэлд байна гэдгийг зөвхөн бэлэн мөнгөөр тарааж цацахыг хүсэхгүй байгаагаа өнгөрсөн сонгуулиар харуулжээ. 

Өмнөговьчууд, Эрдэнэтчүүд бэлэн мөнгөний оронд чухам юу хүсч байна вэ. 

Магадгүй тэд өрмийг нь аваад хусмыг нь хүртээдэг буюу МАНАН бүлэглэлийн хамгаалалтан дор баяжиж буй цөөхөн хэдэн дээрэмчдэд өгч буй сануулга биз. Нөгөөтэйгүүр одоогийн Монгол Улсыг тэжээж буй уул уурхайн салбар дахь муу засаглалыг өөрсдийн саналаараа илэрхийлжээ. 

Бас нэг инээдтэй жишээ. МАН-ын засаг, УИХ Орхон аймгийн эдийн засгийн гол баталгаа “Эрдэнэт Үйлдвэр”-ийг төрийн мэдэлд 100 хувь шилжүүлэх шийдвэр гаргасан ч Орхончуудын ердөө 22 хувь нь М.Энхболдод саналаа өгчээ. 

Үүнээс үзвэл “Эрдэнэт Үйлдвэр”-ийг төрд МАН авах шийдвэр гаргасан  нь зөвхөн сонгуулийн шоу байгаад төдийгүй, үнэхээр төр ард түмний мэдэлд аваачих чин зорилготой байсан бол түүнийгээ сонгуулийн өмнө тултал хийх байжээ. Юу гэхээр тус үйлдвэрийн тодорхой хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах гэх мэт эрүүл саруул хувилбарыг олон ч эдийн засагч сануулсан боловч МАН тэгсэнгүй. Тэгээгүйгээсээ ч үүдэж өөрсдийн гаргасан харалган шийдвэрээ сонгуулийн өмнөх шоу байсан гэдгээ нотлов. 

Дээрх хоёр дүгнэлтээс үзвэл Монголчууд нэгдүгээрт, МАНАН-ын бэлэн мөнгө болоод элдэв башир аргад саналаа худалдсангүй, худалдах ч үгүй юм байна. Одоо та бүхэнд хулхидуулж ханаснаа илэрхийлэв. 

Мөн МАНАН-ын өдийг хүртэл явж ирсэн улстөрийн бохир арга заль, шударга бус хуваарилалт зэрэг өнгөрсөн 30 жил явж ирсэн бодлогыг буруушааж, СЭРЭЛ, МЭДРЭЛЭЭ АЛДСАН НАМУУДЫГ НҮДЭНД ХАРАГДАЖ, ГАРТ БАРИГДАХУЙЦ БОДИТ ШИНЭЧЛЭГДЭХИЙГ ХҮСЧ БАЙГААГАА харууллаа. 

Энэ удаагийн СОНГУУЛИЙН ЯЛАГЧ нь МАНАН ч биш, МАХН ч биш МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЙВ.