2017 оны 6 сарын 23
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Хүчирхийлүүлсэн ИРГЭД ийм хариу барьдаг юм. ЗА ЮУ!

Гэрэл зургийг Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"

Энэ сонгуулийг жигшиж, нүдэн дээр нь "өөрчлөгдөж" буй найз нөхдөө харан ганцаардан, гайхаж балмагдсан СОНГОГЧДОД зориулав

Хэнд саналаа өгөх вэ гэсэн асуултад "Ёстой сонгох хүн алга. Гэхдээ нэг нь л гарах хойно ... тэрэнд л саналаа өгдөг байх даа" гэсэн олон хүнтэй таарав. 

Үгүй дээ, бид ингэж хүчээр саналаа өгөх ёстой гэж үү. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль сонголтгүй иргэдийг хэрхэн хамгаалж, ямар боломжийг олгосон бэ. Та уншсан уу, судалсан уу?!

Улстөрчид иргэдийн сонгох эрхийг хэрхэн боож, хавчив?

 Монгол Улс хэдийгээр хүн ам бага ч 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-рт жагсдаг.  Ийм өргөн уудам газар нутагт тархан суурьшин амьдарч буй Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцдог. 

Харамсалтай нь сонгууль ирэх бүрт нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа багассаар байна. 

Ердөө 18 хоногийн дотор нэр дэвшигчид ийм өргөн уудам газар нутгийг туулан иргэд, сонгогчидтой төдийлөн хүртээмжтэй уулзалтуудыг хийх боломж огт байхгүй.

Бараг л сонгуулийн жил бүрийн эхэнд эрх барьж байгаа нам Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг нь гэм биш зан болоод байна. 

Монголын төрийг ээлжлэн, хамтран, үгсэн, бүлэглэн хуваалцан барьж байгаа МАНАН бүлэглэл нь явсаар явсаар сонгуулийн сурталчилгааны хугацаа буюу өөрсдийгөө танигдах хугацааг ердөө 18 хоног болгоод байна. (68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана)

Сонгуулийн сурталчилгааны хугацааг ийм богино хоногт явуулах олон сөрөг үр дагаврыг дагуулж байгааг бид нүдээрээ харж, чихээрээ сонсож байна. 

Нэгдүгээрт, УИХ, Ерөнхийлөгчид ч хамгийн их мөнгөтэй, хамгийн их танигдсан хүн л сонгуульд өрсөлдөх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр иргэд, сонгогчид тухайн нэр дэвшигчийн замнал, бодлогыг танъя гэхээсээ илүү "Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр" гэх харанхуй сонголтод хүчээр түлхэж, төрийн эрхэнд өөрсдөө удаан суух муйхар оролдлогоо хуульчлаад буй нь энэ. 

Хоёрдугаарт, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчид нэгэнт хугацаа богино учир бодлогоор бус байж болох хорон муу сөрөг агуулгаар нэгнээ гутаан доромжлох хандлагыг ашиглаж байна. Сөрөг муу мэдээлэл олон нийтэд хамгийн хурдан тархдаг учраас сонгуулийн энэ богино хугацаанд ийм аргаар л пиарчид нь ажиллаж байна.  Гэхдээ энэ сонгуулийн технологиос иргэдийн ойлгож байгаа зүйл нь бид ямар гээчийн олигархуудыг өөрсдөө өнгөрсөн хугацаанд бэлдээ вэ гэдгийг харж болно. 

Мөн жилээс жилд багасч буй сонгуулийн ирцийг эрх баригчид дахин бууруулах арга чаргыг хайсаар байгаа нь бүр хачирхалтай. Тэд уламжлал ёсоор Лхагва гараг буюу олон нийтийн ажил, амьдралын идэвх дунд явуулдаг сонгуулийг энэ удаад албаар ДАВАА гарагт зохион байгуулсан нь иргэдийн сонгох эрхэд шууд бусаар халдаж байна. 

Угаас сонголт хийх боломжийг олгоогүй төрд,  олигархуудад тэгвэл иргэд ямар хариу барьж болох вэ. 

ДӨРӨВ дэх НЭР ДЭВШИГЧ НЬ ИРГЭН ТА ЮМ шүү!

Нэгэнт бодлогын бус сөрөг мэдээллийн "дайн"-ыг сонгож хамаг булайгаа дэлгүүлж буй улстөрчдөөс бид сонголт хийх нь утгагүй байгаа бол ТАНД ДӨРӨВ дэх сонголт бий гэдгийг сануулах гэсэн юм. 

Дөрөв дэх сонголт бол ӨӨРИЙГӨӨ ХҮНДЭТГЭЖ буй иргэн ТА ӨӨРӨӨ юм. 

Танд аль ч улстөрийн нам, бас Сонгуулийн Ерөнхий Хороо ч өгөхгүй байгаа мэдээллийг өгье. 

Сонгууль хэрхэн өрнөх вэ. 2017 оны зургаадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн зөвхөн олонхийн (50%+) санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ.  (Үндсэн хууль. 31.4, Сонгуулийн тухай хууль. 147.1)

Гэтэл:

  • А нэр дэвшигчийн төлөөх санал –  39%
  • Б нэр дэвшигчийн төлөөх санал –  34% 
  • В нэр дэвшигчийн төлөөх санал - 10% 
  • Мөн хэний ч дэмжээгүй буюу саналын хуудсаа хоосон өгсөн санал –  17%  буюу нэр дэвшигчдийн хэн нь ч нийт санал өгсөн сонгогчдын 50+ санал аваагүй бол хоёр дахь санал хураалт буюу дахин санал хураалт явуулах юм. 

Ингэхдээ анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг буюу А, Б нарын дахин санал хураалтад оруулна. (Үндсэн хууль. 31.5, Сонгуулийн тухай хууль. 105.1). Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.

Хоёр дахь санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн мөн олонхийн буюу 50+ санал авсан нэр дэвшигчийг сонгогдсон гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэр: 

  • А нэр дэвшигч – 47%
  • Б нэр дэвшигч – 43% 
  • Мөн хэний ч дэмжээгүй буюу саналын хуудсаа хоосон өгсөн санал – 10% буюу дахин аль нэг нь  50+ санал аваагүй бол ДАХИН СОНГУУЛЬ явуулна. (Үндсэн хууль. 31.6, Сонгуулийн хуулийн 148.2)

ДАХИН СОНГУУЛЬ гэдэг нь юу гэсэн үг вэ. Анхны болон дахин санал хураалтаар аль ч нэр дэвшигч олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулах бөгөөд энэ сонгуульд намууд өмнөхөөс ӨӨР ХҮНИЙГ нэр дэвшүүлэх үүрэгтэй.  (Сонгуулийн тухай хууль. 13.2)

Тэгэхээр дахин сонгууль явуулахын тулд иргэд бид хэрхэн санал өгөх вэ? 

  1. 2017 оны зургаадугаар сарын 26-нд болох Сонгуулийн анхны санал хураалтад заавал очиж ирцээ бүртгүүлэн оролцох,  
     
  2. Аль нэг нэр дэвшигчийг тэмдэглэлгүй,  хоосон саналын хуудсыг төхөөрөмжид  уншуулах, Учир нь Сонгуулийн хуульд зааснаар Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэх бөгөөд тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно. (Сонгуулийн хууль.97.9, 99.2). Өөрөөр хэлбэл та сонгуулийн ирцэндээ орж, аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа саналын хуудсандаа хэнийг ч тэмдэглэхгүй байдлаар төхөөрөмжид хийн илэрхийлж болох бөгөөд таны энэ санал нь хүчинтэй санал юм. 
  3. Ингэснээр аль нэг нэр дэвшигч нийт сонгогчдын олонх буюу 50 хувиас илүү санал авах магадлалыг буруулж, дөрөв дэх сонголтыг хийж байна гэсэн үг. 
  4.  Дахин санал хураалт болвол мөн заавал оролцон, ирцээ бүртгүүлэх,
  5. Саналаа өгөхдөө өмнөхийн адил аль нэг нэр дэвшигчийг тэмдэглэлгүй,  хоосон саналын хуудсыг төхөөрөмжид  уншуулах. Харин саналын хуудас дээр 2 ба 3 хүний нэрийг тэмдэглэж болохгүй бөгөөд ингэвэл санал тоолох төхөөрөмж таны саналын хуудсыг уншихгүй юм. 

Ийнхүү хоёр дахь санал хураалтын дараа аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа бид тууштайгаар илэрхийлсэнээр шинэ нэр дэвшигч бүхий дахин сонгууль явуулах нөхцөл бүрдэх юм.

Хэнийг ч дэмжихгүй байх нь ардчилсан Монгол Улсын иргэн танд Үндсэн хууль, Сонгуулийн хуулиар олгогдсон эрх мөн юм.

ДАХИН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ТА БИДНИЙ НИЙТЛЭГ НЭГ ТОМ ЭРХ АШГААС ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ?

Сонгууль дахивал төсвийн үргүй зардал нэмэгдэнэ. Төчнөөн тэрбум төгрөг дахин зарлагдана гэх. Тийм ээ. Бид тийм баян тансаг улс биш. Гэхдээ дахин сонгуулийн ... тэрбум байтугай мөнгийг идэж, ууж, цусалж дуусч байгаа энэ олигархуудад АРД ТҮМЭН ганц удаа ч болтугай жагсаж, босч биш Ардчилсан улсын Үндсэн хуулиар олгосон  СОНГОДОГ ЭРХЭЭРЭЭ ДОХИО өгөх нь өөрөө тооцоолох боломжгүй үнэтэй зүйл юм. 

Төсвийн мөнгө гэж ер нь юу юм. Тэр улстөрчдийн мөнгө лав биш. Та бидний төлж буй татвар. 

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм шүү дээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x