Индэр    
2017 оны 9 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Л.Наранбаатар: Монголчууд нүүрсний өрсөлдөөнд ЯЛАГДСАН, ГЭХДЭЭ...

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын нүүрсний салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эрдэс баялгийн эдийн засагч, “Coal Mongolia” чуулганыг зохион байгуулагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Есдүгээр сарын 7-9-нд болох “Сoal Mongolia”-д ямар онцлогтой зочид ирэх вэ?

-Хөрөнгө оруулагчид гэхээсээ илүү нүүрсний худалдаа, тээвэр ложистик хийх, технологи нийлүүлэх сонирхолтой компаниуд түлхүү оролцож байна. Мөн нүүрсний салбарт ханган нийлүүлэлт хийхээр сонирхож буй компаниуд оролцож байгаагаараа онцлогтой.

-Жил бүр ийм төрлийн хурал чуулган, арга хэмжээ их болдог. Гэхдээ үр дүн нь сайн харагдахгүй байна гэсэн шүүмжлэл байна?

-“Coal Mongolia” долоо дахь жилдээ болох гэж байна. Өнгөрсөн зургаан жилийн хуралдаа бид дүгнэлт хийсэн. Эхний хоёр хурал маш сайн болсон юм. Учир нь гадаадын зочдын тоо их, Монголын нүүрсний салбар “моодонд” ороод байсан үе. Түүнээс хойш нүүрсний салбарын уналтын үе таарч хөрөнгө оруулагчдын сонирхол эрс буурсан. Сүүлийн гурван жил “Coal Mongolia” нэлээн хүнд үеийг давсан гэж хэлж болно.

Ингээд дүгнэлт хийхэд бид зөвхөн хөрөнгө оруулалт татах, нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг нэмэхэд анхаарч иржээ. Энэ зорилго маань ч тодорхой хэмжээнд биелсэн байна.

Экспортод гаргах хүчин чадалтай уурхайнуудын нийт хүчин чадлын хэмжээ 60 сая тоннд хүрсэн бол 2016 онд Монгол Улс 25.6 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээ юм. Тэгэхээр нийт хүчин чадлынхаа 40 хувийг л бид ашиглажээ. Үлдсэн 60 хувийг ашиглаж чадахгүй байгаагаа дүгнэхэд бид худалдаагаа хийж чадахгүй байна.  Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Тухайлбал тээвэр ложистикийн хамгийн бүдүүлэг системтэй  /авто зам/, хил гаалийн асуудлаа шийдэж чадаагүй /гаалийн нэвтрүүлэх чадвар сул/, нүүрсээ эцсийн хэрэглэгчид өндөр үнээр зарахад бэрхшээлтэй зэрэг асуудлууд юм. Энэ жилийн “Coal Mongolia”-д энэ асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн хөрөнгө оруулалтаа дэмжих биш худалдаагаа дэмжих асуудлыг шинэ зорилго, зорилт болгож байна.

-Хоёр улсын төрийн өндөр дээд хэмжээнд шийдэх шаардлагатай хил гаалийн асуудлууд бий. Энэ асуудлыг хэрхэн хөндөх вэ?

-Бид анх Гашуунсухайтын боомтын авто тээврийн зам дээр 30 км түгжрэл үүслээ гэхэд цочирдон хүлээж авч байсан. Одоо 150 км түгжрэл үүссэн байна. Хилээр үндсэндээ нүүрс гарахгүй байна гэсэн үг. 2,000 машин өдөртөө гардаг байсан бол 400 машин л чадан ядан гарч байна гэсэн мэдээлэл бий. 150 км түгжрэлийг 90 км болгож чадлаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Бид 30 км түгжрэлд цочирддог байсан бол 90 км болсон гэж бараг баярлах гээд байгаа юм уу даа.

Монголын талаас энэ асуудлыг шийдэх бүх чармайлтыг гаргаж, тээвэр ложистикийн оновчтой хувилбаруудыг гаргах гэж хичээж байх шиг байна.

Гэхдээ цаад талдаа очоод хумигдаад байгаа. “Coal Mongolia” чуулганд Гашуунсухайтын боомтын БНХАУ-ын талын засаг захиргааныхныг оролцуулахаар урьсан. Тэд бүр “Гашуунсухайтын боомтын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавих гэж байсан. Гэтэл хоёр хоногийн өмнө тэд оролцож чадахгүй болсон тухайгаа мэдэгдсэн. Чуулганыг зохион байгуулагчдын зүгээс бүх зардлыг даахаар бэлтгэсэн байсан ч харамсалтай нь ирэхгүй боллоо. Шалтгаанаа “Манай Засгийн газар биднийг Монгол руу явахыг зөвшөөрсөнгүй” гэж тайлбарласан. Чухам юунаас болоод ийм нөхцөл байдалд хүрснийг тайлбарлаж мэдэхгүй ч хоёр орны улс төрийн харилцааны асуудал байгаа юм байна гэж ойлгосон.

"Бид Зүүн Азийн зах зээл ч биш дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний том нийлүүлэгч болох бүрэн боломжтой"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Төмөр замаа барьж чадахгүй байгаа нь Монголчуудын асуудал. Энэ талаар чуулган дээр ярилцах байх?

-Энэ асуудал 7,8 жил яригдаад бүр улиг болж байна.

Төмөр зам яагаад хэрэгтэй вэ. Одоо бид авто тээврээр нэг тонн нүүрсийг Таван толгойгоос Гашуунсухайт руу 28 ам.доллараар тээвэрлэж байгаа юм. Төмөр зам баригдчих юм бол 6 ам.доллараар тээвэрлэх боломжтой. 22 ам.долларын хэмнэлт Монголын эдийн засагт нөлөөллөө үзүүлэх хэмжээний их мөнгө шүү дээ.

Төмөр зам баригдчих юм бол 6 ам.доллараар тээвэрлэх боломжтой. 22 ам.долларын хэмнэлт Монголын эдийн засагт нөлөөллөө үзүүлэх хэмжээний их мөнгө шүү дээ.

Төмөр зам баригдчих юм бол Гашуунсухайтын боомт олон улсын шинж чанартай боомт болно. Гол эрэлт Гашуунсухайтын боомтын цаана байгаа Бугат, Таншанд бий. Үүнээс цаашаа Танжинь хүрээд Япон, Солонгосын 300 ам.доллар хүрдэг зах зээл рүү гарах боломжтой. Харамсалтай нь энэ асуудлыг манай улс шийдэж чадахгүй л байна. 1,000 км төмөр замыг нэг жилд барьдаг технологийн эрин үед бид амьдарч байгаа. 280 км төмөр замыг хэдэн сарын дотор барьж болно.

Гэхдээ улс төрийн асуудал, намуудын хооронд байгаа үл ойлголцол, хэт их популизм газар авсан улс оронд төмөр зам барих гэдэг 10 жилийн ажил болж байгаа юм уу даа. Дахиад 10 жил болох эсэхийг би мэдэхгүй.

-Монгол Улсын өрсөлдөх чадвар нүүрсний салбарт өсч явна уу, унаж явна уу?

-Өрсөлдөх чадвар гэдэг нь өртгөө яаж бууруулах вэ, өрсөлдөгчөөсөө яаж давж, илүү ашигтай борлуулалт хийж, зах зээлээ эзлэх вэ гэдэг ойлголт. Таван толгойн ордын сүүлийн 6-7 жилийн үйл ажиллагааны түүхийг харахаар Монгол Улс өрсөлдөөнд бүрэн ялагдсан юм байна. Бид ОХУ-ыг хамтрагч гэж харах нь буруу. ОХУ бол манай өрсөлдөгч. Бид хэзээ ч ОХУ-аар дамжуулж буюу өрсөлдөгчийнхөө нуруун дээр нүүрс тээвэрлэж гуравдагч зах зээлд зарна гэж байхгүй.

Манай төмөр зам шийдэгдэхгүй гацахад ОХУ Зүүн Сибирьт байгаа  Элегестийн нүүрсний ордоо 450 км нарийн царигтай төмөр замаар БНХАУ-тай холбоод одоо 18 сая тонн баяжуулах үйлдвэрээсээ өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэж байна. Тэдний нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж, манайхыг зах зээлээс шахаж байгаа.

Нэгдүгээрт бид өрсөлдөгчөө хамтрагч гэж харсан нь буруу байж. Өрсөлдөгчөө хамтрагч гэж хараад 1,700 км төмөр зам татаж, Владивостокоор нүүрс зарна гэдэг дэндүү ташаа байсан нь цаг хугацаагаар нотлогдож байна.

Өрсөлдөгчөө хамтрагч гэж хараад 1,700 км төмөр зам татаж, Владивостокоор нүүрс зарна гэдэг дэндүү ташаа байсан нь цаг хугацаагаар нотлогдож байна.

Хоёрдугаарт БНХАУ бол манай нүүрсний зах зээлийн гол хэрэглэгч улс. Худалдан авагч манай нүүрсийг бага үнээр авч байж ашигтай байх нь ойлгомжтой. Таван толгойн ордоос зарсан 24.4 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг 2011-2016 оны 12 дугаар сарын 31-нээс тасалбар болгож үзвэл тонн тутам нь 30 ам.доллараар л гарсан байгаа. Ингээд харахаар БНХАУ хожжээ.

Манай өрсөлдөгч биднийг ялсан байна, худалдан авагч ч биднийг ялсан байна. Бид ялагджээ. Тиймээс өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийж, ирээдүйд ямар стратеги баримтлах вэ гэдгээ одоо шийдэх ёстой.

Бид өөрт тулгамдаад байгаа асуудлуудаа шийдчихвэл зөвхөн Зүүн Азийн зах зээл ч биш дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний том нийлүүлэгч болох бүрэн боломжтой.

-Хоёр хөршийн нөлөө их байгаа нь харагдаж байна. Гэхдээ биднээс өөрсдөөс маань болж буй гол асуудал нь юу вэ?

-Нэгдмэл байр суурин дээр байж чадахгүй байна. Нүүрсээ зарахаараа нэг бүс нутагт байгаа хэдэн уурхайнууд нь түрүүлж уралдаж, үнээ унагаж зараад байгаа.  Үүнээсээ болоод нэг уурхай нь хожиж байгаа ч том зургаараа Монголын экспортын орлого хумигдаж, Монголчууд улсын төсвөөрөө хохироод байна. Энэ зөвхөн нүүрсний уурхай ч биш өөр төрлийн ордуудад ч ажиглагддаг зүйл.

Манай компаниуд нэгдэж нийлээд, нэг цонхоор нүүрсээ өндөр үнэ хүргэж зарахын оронд хоорондоо өрсөлдөөд, бие биенийгээ “каннибализмдах” үйл явц байсаар байгаад харамсаж байна.

Үүнийг засаж залруулах хэрэгтэй.

"ойрын нэг жилдээ үнийн түвшин унахгүй, тогтвортой байна"
 

-Нүүрсний зах зээлийн үнэ цаашид яах вэ. Ямар таамаглалууд байна?

-Миний харж байгаагаар ойрын нэг жилдээ үнийн түвшин унахгүй, тогтвортой байна. Үүнд нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт их гүрнүүдийн геополитикийн бодлого. БНХАУ Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоочихлоо. Энэ оныг дуустал авахгүй байх.

Хоёрдугаарт Өвөрмонголд буюу манай хилтэй ойр байдаг хоёр том уурхай зогсчихлоо. Гуравдугаарт БНХАУ дотооддоо 365 хоног ажилладаг байсан уурхайнуудаа 275 хоног болгож, нийлүүлэлтийн хүчин чадлаа танасан байна.

Дөрөвдүгээрт БНХАУ-ын зүүн эргээр далайгаар тээвэрлэлт хийх нь геополитикийн хувьд эрсдэлтэй болж байгаа. Тиймээс гол нийлүүлэгч нь Монгол Улс байх болно.

“Coal Mongolia” чуулган дээр БНХАУ-ын нэр хүнд бүхий том шинжээчдээс гадна олон улсад нэр хүнд бүхий судалгааны байгууллагын төлөөлөл ирж коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний эрэлт энэ жил болон ирэх 3-5 жил ямар байх тухай чухал илтгэлүүд тавина. Тэгэхээр миний харж байгаагаар өөр өнцөг гарч ирэх эсэх нь чуулганаар тодорхой болох байх.

БНХАУ-ын гол нийлүүлэгч нь Монгол Улс байх болно

-Хойд Солонгосын асуудал Монголын нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлсөн бэ. Бодитой тоо хэлбэл?

-Тоогоор хэлбэл Замын-Үүд боомтоор эрчим хүчний нүүрс худалдан авах захиалга 10 сая тонн давчихсан байна гэсэн статистик сонссон. Хойд Солонгост хориг тавигдахаас өмнө ийм захиалга байгаагүй. Гэхдээ энэ нь сайн чанарын коксжих нүүрс биш чулуун нүүрс. Манай төмөр зам дагуу Дундговь, Дорноговиор нэлээн хэдэн чулуун нүүрсний орд байсан ч эдийн засгийн эргэлтэд орж чадаагүй.

Хойд Солонгосын хоригтой холбоотой эдгээр жижиг орд эдийн засгийн эргэлтэд орох юм бол жилдээ 5 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Гэхдээ гаргаж чадах тоо нь 2 сая тонн байгаа тухай статистик байна. Гэхдээ энэ бол БНХАУ-ын геополитикийн хүрээнд гарч ирж буй үүлэн чөлөөний нар буюу цонх үе. Үүнийг хэтэрхий урт үргэлжилнэ гэж бодоод асар их хөрөнгө оруулалт хийвэл эрсдэлтэй.

Тиймээс эрсдэлд орохооргүй менежментийг хийгээсэй гэж бодож явдаг.

-Таны хэлсэнчлэн бид олборлолтынхоо 40 хувийг л борлуулж чадаж байгаа. Хэрэв тээвэр, ложистикийн асуудлаа шийдэж чадахгүй байсаар байвал энэ салбарт олборлох төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй болжээ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Бидэнд байгаа хамгийн хүндрэлтэй нь тээврийн л асуудал байна. Авто замын хүчин чадал ханачихсан байна. Хэрэв төмөр замаа үнэхээр барьж чадахгүй, энэ нь урт хугацааны асуудал гэж байгаа бол өөр хувилбарыг ярьж болно. Бидэнд богино хугацааны шийдэл хэрэгтэй.

Энэ нь паралель, хүнд даацын авто зам барих асуудал. Таван толгойгоос Гашуунсухайт хүрч буй замын хажууд дахиад хүнд даацын, илүү өргөн авто зам барих хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нь 280-350 сая орчим ам.доллар болох байх. Төмөр зам бол 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардаж байгаа.

Паралель авто замыг барьчихвал шинэ замаар 130 тонноор тээвэрлэх бололцоо бий. Тэгвэл тээврийн өртөг 28-аас 6 ам.доллар руу бууна. 6 ам.доллар гэдэг бол төмөр замтай өрсөлдөх өртөг юм.

"6 ам.доллар гэдэг бол төмөр замтай өрсөлдөх өртөг юм"

Гэхдээ нүүрсээ авто замаар удаан тээвэрлээд байж болохгүй. Нэгдүгээрт байгаль орчинд асар хортой. Хоёрдугаарт хүний эргономикт муугаар нөлөөлж байна. Жолооч нар зам дээр олон хонож, биеийн ачааллаа даван туулахын тулд “мими” гэдэг сэргээх бодис хэрэглэж байгаа. Ядарснаасаа болоод осол их гаргаж байна. Энэ жил он гарснаас хойш 20 гаруй хүн тэр зам дээр амиа алдлаа.

Ер нь төмөр замыг бариагүйгээс болоод улсад учирсан хохирол үнэхээр их ээ.