Дэлхийн хувцас загварын зах зээлийг “Haute Couture” буюу гар урлалын, цорын ганц хийцтэй хувцаснууд, эсвэл “Pret-a-Porter” буюу массд зориулж үйлдвэрлэсэн, энгийн, өдөр тутмын хувцаснууд эзэлдэг.
Монголд эхний төрөл буюу дизайнеруудын өөрийн гараар урласан хувцасны брэндүүд олноор төрөн гарсныг хэрэглэгчид мэддэг болжээ. Тухайлбал “Michel Amazonka”, “O Couture”, “Monalun”, “Muse Art House” зэргийг нэрлэж болох юм.
Хэрэглэгчдэд чанартай материалтай, хямд үнэтэй, олон улсын стандартаар хийгдсэн өдөр тутмын хувцыг нийлүүлж, бүсгүйчүүдийг сэтгэл ханамжтай алхахад туслах зорилгоор үйл ажиллагаагаа эхэлсэн хэмээн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Мөнхчимэг бидэнд тайлбарласан юм.
Ингээд “MJB”, “ANGAR” брэндийн оффист хийсэн ярилцлагаа танд хүргэе.
-Өмнө нь танай компани гадаадаас хувцас оруулж ирээд өөрсдийн өртгөө нэмээд зардаг бизнес эрхэлдэг байсан. Тэгвэл хоёр жилийн өмнөөс Монгол брэнд бий болгож, өөрсдөө дэлхийн томоохон үйлдвэрлэгчидтэй шууд харьцдаг болжээ. Яагаад энэ шилжилтийг хийсэн бэ?
-Бид 2011 онд анх залуучуудын чөлөөт хувцасны чиглэлээр судалгаа хийж үзээд бүсгүйчүүдийн хүсэл сонирхолд нийцсэн гоё ганган хувцас байхгүй байгааг мэдсэн. Үүнээс үүдээд өнгөлөг, загварлаг, ганган хувцаснууд оруулж ирж, борлуулж эхэллээ. Тухайн үедээ хүмүүст маш их таалагдаж, амжилттай борлуулагдаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам дийлэнх хүмүүст өдөр тутмын хувцас илүү чухал байдгийг анзаарч эхэлсэн.
Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр гадаадын өдөр тутмын брэнд оруулж ирэх гэж бодож байсан. Гэтэл Улаанбаатарт олон тооны брэнд, гадаадаас хувцас оруулж ирдэг бизнес эрхлэгчид байгаа хэдий ч Монгол хүний эрэлт хэрэгцээг цогцоор нь хангаж чадах өдөр тутмын хувцасны брэнд байгаагүй.
Энэ хоосон орон зайг олж харснаар бид гурван жилийн өмнөөс судалгаа хийж, гадаадын үзэсгэлэн худалдаагаар зочилж Монгол брэндээ бий болгох ажлаа эхлүүлсэн юм.
-Монголчуудад бүрэн нийцсэн хувцас байхгүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Манай улс үйлдвэрлэгч улс биш импортлогч улс. Худалдаачид гадаадын бэлэн хувцас авчирдаг учраас монгол хүнд таарч тохирохгүй байх тохиолдол их бий.
Тухайлбал өмдний хувьд ази загвар багадаад, европ нь уртдаад байх жишээтэй. Тийм учраас бид Монгол хүнд тохирсон брэндийг бий болгож, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа. Өөрт нь таарч тохироод эхлэхээр хүмүүс ихээр сонирхож, байнгын үйлчлүүлэгч нэмэгдсээр байна.
Үүнээс гадна Монголчуудын хувьд материалыг маш сайн шинжиж, чанартай материалтай хувцас худалдан авдаг онцлогтой.
Мөн биеийн хувьд ази хүнээс том ч европ хүнээс намхан байдаг. Энэ мэт олон шалтгаанаас болж Монгол хүнд тохирсон брэнд зах зээлд үгүйлэгдэж байсан гэж хэлж болно.
-Монгол брэндүүд байдаг. Гэхдээ “MJB” брэндийн бусдаас ялгарах гол онцлог юу вэ. Мөн та бүхэн өөрсдийгөө Монгол үйлдвэрлэгч биш яагаад брэнд гэж тодотгоод байгаа вэ?
-Хүн таван хувцас биедээ өмссөн байхад гурав нь манайх байхаар чанартай, биед эвтэйхэн, өдөр тутмын бүтээгдэхүүн гаргаж байгаа нь манай гол онцлог юм.
Үндэсний үйлдвэрлэгч, үндэсний брэндийн ялгаа их бий. Дэлхийн алдартай брэндүүд яг тухайн улсдаа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэггүй. Үйлдвэрлэгч орноор л хийлгэдэг.
Тэр ч утгаараа бид маш олон тооны гадаадын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. Үйлдвэрлэгчээ сонгохдоо бид түүхий эд нь ямар улсад хамгийн чанартай байдаг вэ гэдгийг харгалзаж сонгодог.
Тухайлбал, даавуун материалын ургамал Бангладеш, Шри-Ланк, Камбож зэрэг өмнөд Азийн орнуудад хамгийн сайн ургадаг. Тиймээс бид даавуун ретуз, майкыг Бангладеш улсын үйлдвэрээр оёулсан. Чанарын хувьд маш сайн болсон учраас манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалд нийцэж чадсан юм.
Гадуур хувцасны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд Мъянмарт төвлөрөх болсон. Энд биднээс гадна дэлхийн шилдэг Bugatti, Daniel Hechter, Henri Lloyd зэрэг брэндүүд хувцасаа үйлдвэрлүүлдэг.
Мөн дэлхийд алдартай Mango, Zara, Gap брэндүүдийн оёмол, сүлжмэл цамцаа үйлдвэрлүүлдэг үйлдвэрт бид өөрсдийн бүтээгдэхүүнээ хийлгэсэн. Энэ үйлдвэрүүдийг сонгоод байгаа шалтгаан нь олон жилийн туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тэднээс бид суралцаж байна.
-Дотоодын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаж үзсэн үү. Цаашид гадаад, дотоодын ямар үйлдвэрлэгчтэй хамтрах сонирхолтой байгаа вэ?
-Арьсан цүнхээ дотоодын үйлдвэрээр хийлгэж байсан. Мөн гар аргаар, цөөн тоогоор хийх зүйлсээ Монголын үйлдвэрлэгчидтэй хамтран хийж, амжилттай борлуулсан.
Бид цаашид торгоны замын эхлэл гэдэг БНХАУ-ын Ханжоу хотоос хүр хорхойн шүлсээр хийсэн тансаг торгон материалтай бүтээгдэхүүн гаргаж, цүнхний алдартай үйлдвэрлэгч И Вү хотын үйлдвэртэй хамтран ажиллаж нарийн хийцтэй, чанартай материал бүхий цүнх гаргана гэж төлөвлөж байна. Яваандаа гутлаа Германы үйлдвэрүүдтэй хамтарч гаргах бодол байдаг.
-Энэ бизнесийг хийснээр та бүхэн компанийн ашиг орлогоос гадна хэрэглэгчдэд ямар боломж, үнэ цэнийг бий болгож байгаа вэ?
-Хамгийн түрүүнд Монголын хэрэглэгчийг хамгийн эрэлт хэрэгцээтэй бараагаар нь тасралтгүй хангана. Хоёрдугаарт гадны брэндүүдийг бодвол өртөг багатай, Монгол хүмүүс өртгөө шингээж гаргаж байгаа учраас хямд бөгөөд эдийн засагт үлдэцтай байж чадна.
Ийм учраас бид хэрэглэгчиддээ гадны брэндүүдтэй ижил түвшний чанартай хувцасыг 50 хувиар хямд хүргэнэ гэдгээ амладаг юм.
-Монголоос хамгийн анх дэлхийн томоохон хувцасны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байгаа компани бол танайх. Анхных гэдгээрээ ямар онцлог мэдрэгдэж байна?
-Ихэнх үйлдвэрлэгчид Монголын тухай ямар ч ойлголтгүй байдаг. Бид анхдагч гэдэг утгаараа Монголын компаниудын талаар тэдэнд маш сайн ойлгуулах өндөр хариуцлагатай ажиллаж байна.
Бидний харилцаж байгаа үйлдвэрүүд доод тал нь 20 гаруй жил ажиллаж байсан туршлагатай бөгөөд дэлхийн томоохон брэндүүдийн хувцсыг үйлдвэрлэдэг.
Тиймээс бид тэдний итгэлийг алдахгүй, хариуцлагатай, тогтвортой ажиллахыг хичээж байгаа. Энэ нь цаашид Монголын компаниудын талаарх ойлголт, дүгнэлтэд чухал ач холбогдолтой гэж боддог.
-Монгол брэнд, Монгол эзэмшигчтэй компани хэрнээ загвараа яагаад гадаадын үйлдвэрээр хийлгэдэг тухай гайхдаг хүмүүс байдаг гэж сонслоо. Яагаад Монголд үйлдвэрлэх боломжгүй байдаг вэ?
-Бид зарим загвараа Монголд үйлдвэрлүүлдэг. Энэ нь гэхдээ гар урлал их орсон, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнүүд юм. Харин масс буюу олон тоогоор үйлдвэрлэх хувцасаа гадаадын үйлдвэрүүдээр хийлгэдэг нь учиртай.
Үйлдвэрлэгч орноор хийлгэсэн бараа бүтээгдэхүүний нэгжийн өртөг Монголд үйлдвэрлэснээс хамаагүй бага байдаг. Манай улсад түүхий эд, ажиллах хүч өндөр өртөгтэй. Зарим түүхий эд байхгүй.
Тоогоор илэрхийлбэл үйлдвэрлэгч оронд 50 ам.доллараар оёулах бараа Монголд ирвэл 100 ам.доллараар оёулахуйц өртөгтэй болно гэсэн үг.
Бид Монгол үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж болно. Гэхдээ хэрэглэгчиддээ хямд үнийг санал болгохын тулд дэлхийн томоохон брэндүүдийн шалгарсан туршлагыг ашиглаж байна.
“Шанел” ганцхан Франц улсад үйлдвэрлэдэггүй гэдэгтэй ижил асуудал юм.
-Яг танайх шиг ийм загвартай бизнес Монголын эдийн засагт хэрхэн эерэгээр нөлөөлж чадах вэ?
-Эхлээд энэ бизнес жижиг санаа байсан боловч хийх тусам улс орны эдийн засгийн хөгжилтэй холбоотой гэдгийг мэдэрсэн.
Бид Монголдоо өртөг шингээж байгаа утгаараа эдийн засагтаа мөнгө тогтоож үлдэж чадаж байна. Яваандаа дэлхийн зах зээлд гарч эхэлбэл экспортын хэмжээнд ч эерэг нөлөө үзүүлж чадна.
Манай компанийн ирээдүйн зорилго бол гадны зах зээлд гарч, олон тооны хэрэглэгчидтэй болж, Монгол брэндийг дэлхийд таниулах юм.
-“АNGAR” брэндийн хувьд илүү гадагшаа чиглэсэн, экспортын бүтээгдэхүүнүүд байна гэж ойлгож байгаа?
-Тийм ээ. Бид Монголдоо өдөр тутмын хувцсаа “MJB” брэндээр гаргаж байгаа. Харин экспорт руу чиглэх брэнд маань “ANGAR” юм. Энэ нь дэлхийн хувцас загварын том брэндүүд шиг сегментдээ тохируулж ялгаа, зааг гаргаж өгсөн гэсэн үг.
“ANGAR” брэндийн хувьд өдөр тутмын, ямар ч орны хүн өмсөж болохуйц загвартай хэрнээ Монгол хувцасны зарим деталийг тусгаж өгсөн байна гэдгээрээ онцлогтой.
Үнийн хувьд “MJB”-гээс өндөр байна.
-Энэ бизнесийг хөл дээр нь босгосон хамт олны тухай сонирхмоор байна?
-2011 оноос хойш бэлэн хувцас борлуулж үзлээ. Олон асуудалтай тулгарсан. Манай хамт олон асуудлаа шийдвэрлэхийн тулд асах их эрэл хайгуул хийж, өнөөгийн бизнесийн загвараа олсон гэж хэлж болно.
Хамт олны хувьд цомхон хэрнээ үр ашигтай ажилладаг. Худалдааны зөвлөхүүд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бидэнд мэдээлж, бид эрэлтийг зөв тодорхойлдог.
Манай хамт олноор долоо дахь жилдээ үйлчлүүлж буй байнгын үйлчлүүлэгчид олон байгаа нь урам зориг болж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хаяг:
Maxmall худалдааны төвийн 2-р давхарт #Forever21 дэлгүүр
Улаанбаатар Их Дэлгүүр 3-р давхих дэлгүүр арт #Forever21 дэлгүүр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!