Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амундра: Телевизийн салбар орлого хуваарилалт талдаа ДҮРЭМТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Туушин Зочид буудалд "Монголын телевизүүдийн форум 2017" өнөөдөр зохион байгуулагдаж байна. "Тооноос чанарт" уриатайгаар зохион байгуулагдаж буй энэхүү форумд салбарын шилдэг менежерүүд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн бодлого боловсруулагчид оролцож байгаа юм. 

Монголын телевизүүдийг тооноос чанарт шилжүүлэхийн тулд ямар стратеги чухал вэ, цаашид төр болон хувийн хэвшлээс ямар санаачлагатай ажиллах ёстой вэ зэрэг олон чухал асуудлуудыг хөндсөн уулзалт, панел хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулгууд хийх юм. 

Бид үүнээс "Медиа бизнесийн чиг хандлага ба стратеги" сэдвийн хэлэлцүүлгийг ОНЦЛОН шууд дамжуулж байна. Хэлэлцүүлэгт "Монгол Контент" ХХК, Mонгол Масс Медиа, TDB Mедиа, Mедиа групп, Медиа холдинг компанийн төлөөлөл оролцож байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/639733469545558/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Асуулт: Та бүхний харж байгаагаар одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

Онцлох хариултууд

Монгол масс медиа групп, А.Амундра: Дүрэмгүй л яваад байна. Өөдрөг хүлээлт байгаа хэдий ч орлого хуваарилалт талдаа дүрэмтэй болох хэрэгтэй.
Бид сохор яваад байна. 

Монгол контент, Г. Гантуяа: Телевизийн төрлийн контент руу бид энэ жилээс орно. Гадны контент авбал бизнес утгаараа ашиггүй ч салбар туршлагажиж, хүний нөөц туршлагажина.

Бид судалгаа хийгээд төрөлжих хэрэгтэй гэж үзсэн. Манайх хүүхдийн контент тал руугаа илүү төрөлжиж ажиллаж байна. Хүүхдийн контентыг дүрийг алдартай болговол эцсийн хэрэглэгчээс орлого олдог загварыг туршиж үзэх гэж байна. Түүнээс биш рекламын орлогоор цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 

Блүүмберг телевиз, Э. Долгион: Манайх урьд нь хоосон байсан орон зайг нөхөж гарч ирсэн. Одоогийн нөхцөл байдлаар бидэнд анзаарагдаж байгаа зүйл бол медиа компаниуд илүү компанийн засаглалаа сайжруулах хэрэгтэй юм шиг санагдаж байна. 

А.Амундра захирлын ярьдаг үнэн. Дүрэмтэй байх ёстой. Г.Гантуяа захирлын ярьж байгаа ч үнэн. Гэхдээ медиа компаниуд өөрсдөөсөө эхлэх ёстой. Үйл ажиллагаа нь жигд байх, аудитаар оруулах зэрэг жижиг зүйлээс ч гэсэн эхлэх хэрэгтэй. 

Асуулт: Та нарын бизнес ашигтай байгаа юу?

А.Амундра: Ер нь ашигтай байгаа. Ийглийн хувьд алдагдалтай байдаг. Хүүхдийн суваг бол цэвэр нийгмийн хариуцлага. Гэхдээ манайд мөнгө олдог хэдэн суваг бий.

Гол юм нь татварын орчин, оюуны өмчийн орчин өөрчлөгдөөд байна. Бид АНУ-аас 2,000 ам.долларын контент авсныхаа төлөө 40 хувийн татвар төлж байна. Товчоор бол удахгүй үхнэ, гэхдээ ашигтай байна.

Г.Гантуяа: Манайх олон сувагтай. Хэвлэл мэдээллийн хувьд Gogo.mn-ийн орлого буурсан. Үүнд сошиал нөлөөлж байгаа.  Вэб сайтын хувьд цаашид рекламаараа үйл ажиллагаа явуулахад хэцүү болсон.

Э.Долгион: Манай хувьд балансаа бариад явдаг. Шалтгаан нь олж байгаа ашиг болгоноо эргээд контент бүтээх, боловсон хүчиндээ зориулж байна.

Медиа групп, А.Баярбат: Манай хувьд ашигтай ажиллаж байгаа. Ашгийн хувьд хамгийн өндөр нь Ntv байна. Гэхдээ хамгийн уналттай суваг нь хэвлэмэл бүтээгдэхүүн байна.

Телевизийн хувьд орлого нь тогтворжчихсон хэрнээ өсөхгүй байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Асуулт: Та нарт тулгарч буй хамгийн том аюул, боломж нь юу байна вэ?

А.Амундра: Аюул нь тоглоомын төрөл тодорхой болохгүй бол эрсдэлтэй. Харин боломж нь зах зээлийн эерэг хүлээлт байна. Бид цаашид асар их контент нийлүүлэх боломжтой болж байгаа. 

Г.Гантуяа: Манай салбарынхан нэгдэж чадахгүй байгаа нь аюул. Боломж нь тасралтгүй хөрөнгө оруулаад байвал зах зээлийн шалгарлаар гарах нь гараад явчихна. 

Э.Долгион: Манайх одоогийн байр сууриа хадгалах нь хамгийн том шалгуур болох байх. 

А.Баярбат: Телевизийн салбар цаашид сайжирна. Технологийн боломжууд бидэнд хоёр хоногт 250 саяыг олох боломжтой болгож байна.
Аюулын хувьд оюуны өмчийн асуудал. Үүнийг шийдвэл бусад асуудал шийдэгдэнэ. 

Медиа Холдинг ХХК, П.Баттөр: Боломж хязгааргүй. Харин бэрхшээл нь салбарын зохицуулалт байхгүй байна. 

Асуулт: Та нар цаашид ямар алхмууд хийхээр төлөвлөж байгаа вэ. Өөр сувгууд худалдаж авах уу, нэгдэх үү?

А.Баярбат: Худалдаж авах төлөвлөгөө бий. Угаасаа ингэж төвлөрөх нь зөв гэж би боддог. Хэрэглэгч нь угаасаа төвлөрөөд эхэлчихсэн. 60-70 хувь нь 10 телевиз үзэж байна. 

Маркетингийн компаниуд хэнд нь рекламаа өгөх вэ гэдгээ мэдэж байгаа. Зах зээлийн журмаар энэ 60-70 телевиз нэгдэх нь нэгдэж, зарагдах нь зарагдаж, зарим нь байхгүй болно.  Магадгүй таван жилийн дараа Монголд 6-7 том групп үүсэх байх. 

Г.Гантуяа: Монгол контент компанийн хувьд телевизийн сувагтай болох төлөвлөгөөтэй байгаа. Худалдаж авч болно. Хэрэв би 3-5 жилд зардлаа нөхөх боломжгүй бол авахгүй гэсэн шийдвэрт хүрч болно. Бизнес талаас нь харж байна. 

А.Амундра: Нэмж хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Жишээ нь залуучуудад чиглэсэн контент, суваг, телевизийн зах зээл хоосон байна. 
1 сая фэйсбүүк хэрэглэгчдийн 400 мянга нь 15-25 насныхан байгаа. Бид энэ чиглэл рүү Монгол ТВ-тэй хамтраад хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байна. 

Мөн Монгол үндэсний агуулга бүхий сувгийн телевиз үгүйлэгдэж байгаа. Энэ контентуудын нийлүүлэлт бага байгаа учраас нэмж хөрөнгө оруулалт хийнэ. 

Бэлэн суваг худалдаж авна гэхээр бүх өр төлбөр, стрессийн хамт 5 тэрбум гэдэг ч юм уу тоо хэлээд байдаг. Энэ нь бололцоогүй юм.  Телевизийн камер жилийн дараа хэрэггүй болж байгаа учраас юуг үнэлж, яаж худалдаж авах вэ гэдэг чухал.