"Чингис хаан" нисэх онгоцны буудалд өнөөдөр 11:00 цагийн үед Сирийн паспорттой хоёр иргэн Turkish Airlines-ийн онгоцоор буужээ. Гэтэл манай улсын гаалийн ажилтнууд тэдний нэгийг нь хилээр нэвтрүүлж, нөгөөг нь нэвтрүүлэх боломжгүй гэсэн байна.
Сириэс ирсэн тус хоёр хүнд ГХЯ-ны албан тушаалтны тодорхойлолт байсныг нь манай хил, гаалийн ажилтнууд хүчингүй гэж үзжээ.
Хилээр нэвтэрч чадахгүй болсон Сири улсын иргэний бие муудаж /зүрх/ эхэлсэн байна. Монголын талаас онгоцны компанид тухайн хүнийг эргүүлэн тээвэрлэх даалгавар өгсөн боловч нислэгийн аюулгүй байдлын улмаас өвчтэй хүнийг тээвэрлэх боломжгүй гэдгийг Turkish Airlines-ийн онгоцны дарга мэдэгджээ. Иргэний нисэхийн хуулийн дагуу онгоц агаарт байхад зорчигчийн бие муудвал хамгийн ойрын нисэх буудалд зогсох үүрэгтэй байдаг.
Асуудал шийдэгдэхийг хүлээсний улмаас Turkish Airlines-ийн 12:05 цагт нисэх байсан онгоцны экипажийн цаг дууссан учир шөнийн 02:45 минутад нисэхээр болжээ.