ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЛЭЛТ ба ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

-Энэ жил хурим найр цөөхөн болж байгаа ч Намрын дунд сарын шинийн 17-нд 50 хос хуримлана-

Өдрийн сайныг өнжин хүлээсэн Монголчууд бэлгэдлээ бодон намрын налгар өдрүүдэд хурим найраа хийж байна.

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр энэ сарын 18-н буюу Ням гарагт тохиож байгаа. Энэ өдөр хуримлах аваас насан дэлгэр, өнөр жаргалтай байна хэмээн Монголчууд бэлгэшээдэг.  Гэрлэх ёслолын ордонд энэ билэгт сайн өдөр дунджаар 70 гаруй хос хуримладаг. Тэгвэл энэ жил 50 гаруй хос захиалга өгчээ.  

 

 

Энэ жил бич жил. Бич жилд хуримлах, бэр гуйхад хатуу байдаг гэдэг. Үүнтэй холбоотойгоор мөн эдийн засгийн байдал ч нөлөөлж байгаа бололтой энэ жил хурим найр цөөхөн байгаа хэмээн Гэрлэх ёслолын ордны Захиргаа хариуцсан менежер Ж.Цэцэгдарь хэлж байлаа.

2014, 2015 онуудад дунджаар 1,500 гаруй хос гэрлэх ёслолын ордонд хуримлаж байсан бол энэ жил оны эхний найман сарын байдлаар ердөө 300 хос хуримлаад байгаа ажээ.

"Гэр бүл болсноор надад ямар ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ирэх вэ гэдгийг маш сайн ойлгох шаардлагатай байна"
 

Амны бэлгээс ашдын бэлэг хэмээж аливааг муу муухайгаар ярихыг цээрлэдэг манай ард түмэн “Болж байна, бүтэж байна, сайхан байна” гээд л хурим найраа хийдэг ч гэрлэлт гэдэг зүйл ямар хариуцлага дагуулдаг талаар төдийлөн мэдлэггүй байдаг мэт.

Сүүлийн гурван жил буюу 2013, 2014, 2015 онуудад жилд дунджаар 17,000 гаруй хос гэрлэлтээ батлуулжээ. Гэтэл жилд ойролцоогоор 3,500 орчим хос гэрлэлтээ цуцлуулж байна. Гэрлэлтээ батлуулсан хосуудын 20 гаруй хувьтай тэнцэх тооны хос салсан гэсэн үг. Гэр бүл салалт өндөр хувьтай байгаа нь юутай холбоотой вэ?

Үүнийг Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг  тайлбарлахдаа “Гэр бүл, нөхөр, эхнэр болох гэж байгаа хүмүүс маань нэн түрүүнд гэр бүл болсноор надад ямар үүрэг хариуцлага ирэх вэ гэдгийг маш сайн ойлгох шаардлагатай байна.

Гэр бүл гэдэг УХААЛАГ БАЙГУУЛЛАГА байх ёстой.

Ер нь хүн бүр аав, ээж болж гэр бүл зохиох учраас хүүхдүүдийг ЕБС-д суралцаж байх үеэс нь гэр бүлийн хуулийг судлуулж, гол нь тухайн хүний эрх, үүрэг ийм байх юм шүү гэдгийг бүр цээжлүүлэх хэрэгтэй. Хуульд заасан хэдхэн үүргийг яс цээжилчихвэл тухайн гэр бүлийн бат бөх харилцаанд маш том нөлөө үзүүлнэ гэдгийг хэлмээр байна.

Залуучууд маань нөхөр хүн, эхнэр хүн гэр бүлийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг бараг л мэддэггүй.

Гэр бүл гэдэг маш сайхан харилцааг бүрдүүлсэн, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудыг хоорондоо ярилцаж шийдвэрлэдэг, нэг нэгнээ хүндэтгэж харилцдаг  УХААЛАГ БАЙГУУЛЛАГА байх ёстой” гэлээ.

Та гэр бүл болсноор ямар үүрэг хүлээж, ямар эрх эдлэх вэ?

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Гэрлэгчдийн эрх, үүрэг

10.1. Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

10.2. Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй.

10.3. Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.

Гэр бүлээ ухаалаг байгууллага болгож чадаагүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй залуусын гэрлэлт бүтэлгүйтэж салж сарнихад хүрдэг.

Гэр бүл цуцлуулах болоход хамгийн их яригддаг асуудал мөн л ХАРИУЦЛАГА
 

Хайр сэтгэл, хүсэл мөрөөдлөөр бялхсан хосууд гэрлэлтээ батлуулах амархан. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлдэг. Бүртгүүлэхээсээ өмнө Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын төвийн сургалтад л хамрагдсан байх шаардлагатай.

Харин салах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Шүүх дээр тухайн гэр бүлийн хөрөнгийг хуваах, хүүхэдтэй бол хүүхдийг хэний асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэмжийг тогтоох гээд олон асуудал хэлэлцэнэ.

Гэрлэлт цуцлуулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

Нэг. Эхлээд гэр бүлээ цуцлуулахыг хүссэн иргэн шүүхэд хандахаасаа өмнө урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандана.

Шүүхээс тогтоосон хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй бол шүүх гэрлэгчдийн хооронд үүссэн гэрлэлт цуцлахаас бусад тэтгэвэр, тэтгэлэг, тэтгэмж, дундын хөрөнгө хуваахтай холбогдсон маргаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, эсхүл гэрлэгчдийн сонгосон эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулж болдог байна.

Мөн гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд сэтгэл зүйч болон төрөл, садан, найз нөхөд, хамтран ажиллагсдыг оролцуулж болно.

Хоёр. Эвлэрүүлэн зуучлалаар тухайн гэр бүл эвлэрээгүй бол нэхэмжлэгч оршин суугаа газрынхаа иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг.

Ингээд тэтгэвэр гаргуулах болон гэрлэгчдийн дундын эд хөрөнгө хуваах үйл ажиллагаа шүүх дээр явагдана. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа 60 хоног байдаг. Энэ хугацаанд эд хөрөнгө хуваах, хүүхдээ асран халамжлах зэрэг асуудал дээр маргаан гарвал хэрэг сунжирч хэрэг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоногоор сунгаж болно. Маргаан ихтэй хэргүүд 90 хоногтоо багтаж шийдэгдэхэд ч хүндрэлтэй байдаг аж.

Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно. Үүнд:

  • насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг,эхийг тэжээн тэтгүүлэх;
  • насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр  байлгах;
  • гэрлэгчдийг тусдаа амьдрахыг  даалгах;
  • гэрлэгч хэн нэгийг  тэжээн тэтгүүлэх;
  • орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх,  захиран зарцуулахыг хориглох;
  • шүүхийн зардлын зохих хувийг урьдчилгаа болгон төлүүлэх;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно. Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд  хянан шийдвэрлэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана.

Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг  хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж болдог аж.

Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Ямар тохиолдолд гэрлэлтийг шууд цуцлах вэ?

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол гэрлэлтийг шууд цуцалж болдог байна.

Хүүхдийн тэтгэмжийг хэрхэн тогтоох вэ?

 

Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн  хянан шийдвэрлэнэ.

Хүүхдээ аль тал асран халамжлахаас шалгаалан нөгөө тал нь хүүхдийн тэтгэмжийг олгодог байна.

Хүүхдийн наснаас хамаараад тэтгэмжийн хэмжээ хоёр янз байна. Үүнд:

  • 0-11 насны хүүхдэд сар бүр амжиргааны баталгаажих түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний
  • 11-16 насны хүүхдэд сар бүр амжиргааны баталгаажих түвшингтэй  тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

Шүүхээр гэр бүлээ цуцлуулсан тохиолдлын дийлэнх хувьд хүүхдийг эхэд нь үлдээж эцэг нь хүүхдийн тэтгэмж төлөх болдог. Гэтэл хүүхдийнхээ тэтгэмжийг төлөх ёстой аавуудын 80 гаруй хувь нь энэ үүргээ биелүүлдэггүй аж.

Үүргээ биелүүлдэггүй аавуудтай ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанынхан “хөөцөлддөг”. Тус газрын Банк, ХЗХ-ны өр барагдуулах албаны дарга, дэд хурандаа Б.БатболдАавуудаас хүүхдийн тэтгэмжийг нь гаргуулахад маш олон бэрхшээл тулгардаг. Жишээ нь, сар бүр тогтмол төлдөггүй, харилцах дансандаа мөнгө байршуулдаггүй, эд хөрөнгөө нуун дарагдуулдаг, оршин суугаа хаяг нь тодорхойгүй зэрэг олон асуудал бий. Шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг тэтгэмж олгогч огт биелүүлдэггүй” хэмээн ярьж байсан юм.


Хоёр өөр орчинд өсч, хүмүүжсэн залуус гэр бүл зохиож өөр нэг гэр бүлийн соёлыг бий болгоно гэдэг тийм ч амар зүйл биш. Энэ амаргүй зүйлийг гүйцэлдүүлж, гэрлэлтээ бат бөхөөр нь авч үлдэхийн тулд нөхөр, эхнэр болж буй хүмүүс гэрлэлт өөрт нь ямар хариуцлага дагуулж буйг ухамсарлах хэрэгтэйг багш зөвлөснийг хүргэлээ.

Мөн гэр бүл болох амархан ч бүтэлгүйтвэл салах гэдэг асуудалтай зэрэгцэн хариуцлага яригддагийг хуулиас харж болохоор байна.

Тиймээс гэрлэлт, хурим гэдэг хэчнээн гэгээлэг сайхан хэдий ч үүнийг дагаж ирэх үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарласнаас таны гэр бүлийн бат бөх байдал шалтгаалах нь.