Ургацын улирлыг даган бид бүгдийн хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэглээ ихэсдэг билээ. Тийм учраас жимс жимсгэний ач тус болон зөв боловсруулалт, хэрэглээний талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэх үүднээс ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш сургуулийн багш, техникийн ухааны доктор, дэд профессор Э.Энхцэцэгтэй уулзаж ярилцлаа.
- Самар, жимс жимсгэнэ хүний биед ямар ач тустай байдаг вэ?
- Жимс жимсгэнэ, хүнсний ногоо бол хүнс болохынхоо зэрэгцээгээр эмийн ургамал болж байдаг онцлогтой. Чацаргана, аньс, нохойн хошуу, үхрийн нүд, нэрс гээд бүгдээрээ хүнсний ургамал болохоос гадна эмийн ургамал болно. Тэгэхээр анагаах ухаанд ч мөн ашиглана гэсэн үг шүү дээ.
Найрлагыг нь аваад үзвэл ихэнх хувийг нь ус эзэлж байдаг бол үлдсэн багахан хувь нь хуурай бодисууд байдаг. Гэхдээ энэхүү хуурай бодис бага хувийг эзэлж байгаа боловч маш шим тэжээл сайтай, эмчилгээ сувилгааны их ач холбогдолтой, биологийн идэвх сайтай нэгдлүүд байдаг юм. Тийм учраас өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэх ёстой.
Жимс жимсгэнэ тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог, ач тустай байдаг. Жишээлбэл:
Аргаах үйлчилгээтэй. Ходоод гэдсийг цэвэрлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ач холбогдолтой.
Амин дэмийн агууламж ихтэй. Тэр ч утгаараа дархлаа сайжруулах үйлчилгээтэй учраас ханиад томууны цагт хэрэглэхэд тохиромжтой.
Мөн маш их хэмжээний амин дэм агуулдаг учраас дархлаа сайжруулж байдаг. Үхрийн нүдэнд их хэмжээний пектиний бодис байдаг юм. Үүнийг тайлбарлавал үхрийн нүдээр чанамал хийхэд цэлцэгнүүр үүсдэг. Энэ нь пектиний бодис агуулагдаж байгааг харуулж байгаа юм. Ийм бодис агуулсан жимс жимсгэнэ хүний бие организмыг цэвэршүүлдэг гэж үздэг.
Гэвч нөгөө талаараа тохируулж хэрэглэх ёстой ургамал байна. Тухайлбал нохойн хошууг бол хүнсний болон эмийн зориулалтаар хэрэглэдэг. Хэрэглээ нь хүнсний гэхээс илүү эмийн ургамал талдаа ашиглагдаж байгаа л даа.
Жимс жимсгэнэ тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог, ач тустай байдаг.
Тийм учраас хүн болгон хэрэглэхэд тохиромжтой биш. Ерөнхийдөө бөөр, шээсний замын өвчлөлийн үед, хавах хөөх зэрэг зорилгоор хэрэглэдэг. Хэрвээ тийм өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд их хэмжээгээр хэрэглэвэл өвчлөл үүсгэх тохиолдол гарч болзошгүй. Ийм онцлогтой.
- Самар, жимсийг гар дээрээс худалдаалж байгаа нь ямар үр нөлөөтэй вэ?
- Гар дээрээс худалдаа хийх бол мэдээж буруу. Гэвч үүнийг одоогийн байдлаар хязгаарлах боломжгүй байна.
Монгол оронд жимс ургадаггүй. Жимсгэнэ ургадаг. Жимсгэнэ гэдэг нь бидний яриад байгаа мойл, аньс, нохойн хошуу, үхрийн нүд зэрэг ширхэг жижигтэйг нь хэлж байгаа юм. Жимсгэнэ нь жижиг хэмжээтэй учраас угааж цэвэрлэж хэрэглэхэд маш төвөгтэй.
Алим, мандариныг угаагаад цэвэрлээд хэрэглэчихэж болдог бол байгалийн зэрлэг жимсгэнийг угааж ашиглах боломж байдаггүй. Гэтэл зарим нутгийн иргэдэд жимс түүж худалдан борлуулах нь амжиргааных нь нэг чухал хэсэг болчихсон байдаг учраас нэгэнт гар дээрээс худалдаа хийхийг зогсоож чадахгүй байна шүү дээ.
Жимс жимсгэнийг аль болох шинээр нь, олон хүний гар дамжуулахгүйгээр хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
Тэгэхээр түүж, худалдаалж байгаа хүмүүс л "миний түүсэн жимсийг өөр нэг монгол хүн хэрэглэх юм шүү" гэсэн сайхан сэтгэлээр цэвэр саванд түүж, хадгалж аль болох гаднаас бохирдохгүй байхаар арга хэмжээ авах хэрэгтэй л байна даа.
- Нэгэнт бохирдоод ирсэн жимсийг яаж ариутгаж хэрэглэх вэ?
- Бичил биетэн, вактерийн нөлөөгөөр бохирдсон зүйлсийг мэдээж өндөр температурын нөлөөгөөр устгаж болно. Өндөр температурын нөлөөгөөр бохирдлыг нь арилгаж байгаа боловч шим тэжээлийн бодис багасч байдаг. Тэгэхээр аль болох шинээр нь олон хүний гар дамжуулахгүйгээр хоол хүнсэндээ хэрэглэж байх нь хамгийн зохистой гэж үзэж байгаа.
- Самрыг зөв боловсруулж, ашиглах тухай ярьвал?
- Самрыг хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашигладаг. Самрыг хоол хүнсэндээ хэрэглэснээр уураг, тос, амин дэм, эрдсийн хэрэгцээгээ тодорхой хувиар хангах боломжтой. Ялангуяа ургамлын гаралтай, хүний биед маш чухал тосны хүчлийг самраас авдаг.
Манайхны хувьд самар бол маш их халдварт өвчин тээх гол үндэс болоод байдаг. Түүхийгээр нь түүж, ил задгай худалдаалж байгаа нь маш буруу. Ялангуяа жил өнжсөн самар бол хүний биед маш сөрөг нөлөөтэй байдаг.
Ургамлын гаралтай хүнс хөгцрөхдөө маш амархан байдаг. Хадгалалтын нөхцөл буруу, удаан хугацаагаар хадгалах зэргээс болоод хөгц үүсч хуримтлагддаг. Гэхдээ хөгцийг угаагаад цэвэрлээд, хуураад хэрэглэж зарж болорлуулж байна. Самрыг хуураад, угааж цэвэрлээд хөгцийг нь арилгаж болж байна шүү дээ. Маш амархан.
Жишээ нь "афлатоксин" гэдэг хөгц үүссэнээс болж хуримтлагддаг, шууд элэгний хорт хавдар үүсгэдэг бодис байдаг. Жил өнжсөн самар афлатоксин бий болсон байх магадлал асар өндөр байна.
Тэгэхээр зохих ёстой хэмжээгээр нь боловсорсон хойно нь түүгээд, болж өгвөл шинээр нь, удаан хугацаагаар хадгалахгүйгээр хэрэглэж байх нь зөв юм.
- Өвлийн цагт айлууд жимс, хүнсний ногоо хадгалах нь элбэг байдаг шүү дээ. Хэрхэн зөв хадгалах вэ?
- Жимс жимсгэнэ, хүнсний ногоо их хэмжээний ус агуулдаг. Тийм учраас дээд тал нь долоо хоног хадгалаад болж өгвөл шинээр нь хэрэглэх ёстой. Гэвч бид жимс жимсгэнэ, хүнсний ногооноос хүний биед зайлшгүй хэрэгцээтэй амин дэмийг авч байдаг учраас өдөр болгон хангалттай хэмжээгээр хэрэглэх шаардлагатай.
Гэтэл эдгээр хүнс маань улирлын шинж чанартай хүнс шүү дээ. Тэгэхээр намар түүгээд, болж өгвөл шинээр нь хэрэглэнэ. Бусад үед бол боловсруулаад, нөөшилсөн хэлбэрээр хоол хүнсэндээ хэрэглэх болж байгаа юм. Тиймээс нөөшлөх технологи бол чухалд тооцогдож явдаг.
Нөөшлөх технологид өндөр температурт боловсруулах, хатаах гэх мэт аргууд байна. Гэхдээ жимсгэнийг хатаахад бэрхшээлтэй учраас дулааны боловсруулалт хийгээд чанамал хэлбэрээр нөөшилдөг.
Өндөр тепературт боловсруулсанаар чанар тодорхой хэмжээгээр алдагдана. Хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисууд бүгд өндөр тепературт задарч алдагддаг. Гэхдээ мэдээж 100 хувь чанаргүй болно гэж ойлгож болохгүй.
Жимсгэний навчин хэсэг маш өндөр биологийн идэвхтэй, амин дэм, эрдэс бодисоор баялаг байдаг.
Ингэж боловсруулж нөөшилсөнөөр хүний биед сөрөг нөлөө байхгүй. Харин амин дэм, эрдэс бодисын хэмжээ л тодорхой хэмжээгээр багасч байдаг.
Хадгалалтын хувьд бол боловсруулсан жимсээ сэрүүн нөхцөлд нөөшлөх хэрэгтэй. Мөн агааржуулалт зохих хэмжээгээр байх ёстой.
- Жимсгэнэд агуулагдаж байгаа амин дэм, эрдэс бодисыг алдагдуулахгүйгээр боловсруулах боломжтой юу?
- Дулааны боловсруулалт бичил бохирдолыг багасгадаг боловч амин дэм эрдэс бодисыг бас багасгаад байгаа.
Харин дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглаад тухайлбал вакум нөхцөлд чанаад, буцлах температурыг бууруулж болно л доо. Ингэсэн тохиолдолд жимс жимсгэнэд анх агуулагдаж байсан шим тэжээл хэвээр хадгалагдах боломжтой байдаг. Гэхдээ ийм технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлээ дагаад харьцангуй үнэтэй болоод ирдэг.
- Хүүхдийн дархлааг сайжруулж, дэмжих зорилгоор жимс жимсгэнийг хэрхэн ашиглах вэ?
- Зун амарч байгаад хичээл орохоор өглөө бүр эрт босоод ачаалал өгөхөөр хүүхдийн бие организм өөрөө ядарч эхэлдэг. Үүнийгээ дагаад дархлаа амархан сулрах, ханиад томуу тусах, гэдэсний өвчин тархах зэрэг боломж бүрдэнэ.
Их хэмжээний ус агуулдаг учраас жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглээд дархлааг сайжруулж болно л доо. Жижиглэхэд амархан шүүс нь ялгардаг жимсгэнүүдээс эрүүл аргаар шүүсийг нь ялган авч, тодорхой хэмжээний дулаанаар боловсруулж, эсгэлэн амтыг нь дараад, ариутган хэрэглэж болно.
- Жимс жимсгэнэ, ургамлын судалгааны чиглэлээр сүүлийн үед ямар ажил хийгдэж байгаа вэ?
- Жимс жимсгэнэ бол хүнсний түүхий эд. Тийм учраас маш сайн судлагдсан байдаг. Тэгэхээр үүнийг судална гэвэл шаардлагагүй гэж хэлмээр байна. Ургамлын гаралтай хүнсний найрлага, биологийн ач холбогдол, биологийн идэвх нь жил бүр өөрчлөгдөж байдаг л даа. Ургаж байгаа газар орон, нөхцөлөөсөө шалтгаалаад харилцан адилгүй. Гэхдээ ерөнхийдөө жимс жимсгэнэ, самар бол маш сайн судлагдчихсан.
Харин бидний сүүлийн үед сонирхоод байгаа зүйл бол байгалийн зэрлэг жимсгэний өөр нэг хэсгийг эмийн үйлдвэрлэл, зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлд ашиглах боломжийг хайж байгаа юм.
Сүү цагаан идээнээс өөр кальц, фосфор харьцангуй их хэмжээгээр, дээрээс нь хүний биед хялбар шингэдэг хэлбэрийн хүнс байхгүй.
Жишээлбэл үхрийн нүд. Үхрийн нүдийг тарьсан газар очвол маш гоё сэнгэнэсэн сайхан үнэртэй. Үхрийн нүдний навчийг усанд чанахад маш сайхан үнэртэй, амттай цай болдог. Бид жимсийг нь түүж идэхээс гадна навчийг нь хаяхгүйгээр /өнөөгийн байдлаар хөдөө аж ахуйн хаягдал болж байгаа/ ашиглах боломж байгаа юм шүү дээ.
- Зөвхөн жимс жимсгэнэ, байгалийн ургамлаас гадна уламжлалт хүнсний бүтээгдэхүүний судалгаа хийдэг гэлээ. Энэ талаар дурдвал?
- Цагаан идээ бол өргөн хэрэглээний хүнс шүү дээ. Ясны сийрэгжилттэй холбоотойгоор цагаан идээний хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж байна. Ялангуяа зуны улиралд тараг айраг, хоормог зэргийг нэлээн түгээмэл ашиглах ёстой байдаг.
Өвлийн туршид маш их хэмжээний махан хоол хэрэглэж байгаа учраас түүнээс үлдсэн бодис, бохирдлуудыг цэвэрлэж, байдаг ийм ач холбогдолтой.
Гол нь сүү цагаан идээнээс эрдэс бодис кальци, фосфор зэргийг авч байдаг. Тэр ч утгаараа ясны сийрэгжилтээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
Тийм учраас дан ганц жимс ногоо, мах, дан ганц сүү цагаан идээ гэхээс илүүтэйгээр эдгээр хүнсийг тодорхой хэмжээгээр хослуулан хэрэглэвэл жинхэнэ зохистой хооллолт болж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!