20 жилийн түүхтэй “Jet” англи хэлний сургуулийн байгуулсан “Jet Kids” цэцэрлэг өчигдөр нээлтээ хийлээ.
Энхтайваны гүүрний дор байрлах “Хурд KH apartment” хороололд байрлах уг цэцэрлэгийн нээлтэнд цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Дэлхийн түвшний сургалтын технологи, арга барилаар Кембрижийн сургалтын СAMBRIDGE PRIMARY хөтөлбөрийг одоо хэрэгжиж байгаа Монгол цөм хөтөлбөртэй хослуулан 2-5 насны хүүхдүүдийг тоглоомын аргаар хөгжүүлж 10Q-ийн суурь чадварыг эзэмшүүлэх нь тус цэцэрлэгийн гол онцлог юм.
10Q гэж юу вэ?
Мөн тав тухтай, эрүүл орчинд таны хүүхдүүд төгөлдөр хуур, дуу, бүжиг, уран зураг, балет, шатар, даамны дугуйланд явж, англи хэл, хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, урлал уран сайхан, биеийн тамир, байгалийн шинжлэх ухаан, технологи, дуу хөгжмийн хичээлд суралцана.
Нээлтийн үеэр “Jet” англи хэлний сургуулийн Ерөнхий захирал Ц.Чинзориг “Бид англи хэлний сургуулийнхаа 20 жилийн ой дээр Jet Kids цэцэрлэгээ нээж байна. Бурхан багшийн сургаальд мянган будааг дээш шидэхэд зүүний үзүүрт тогтсон нь хүн болдог гэдэг. Тэгэхээр энэ орчлонд ирсэн бүх хүүхдүүд хамгийн азтай, баяр баясгалантай, мэдлэг боловсролтой, түмэн олондоо ач тустай хүмүүс байх ёстой.
Бид Jet Kids цэцэрлэгээрээ дамжуулах хүүхдийг сайхан орчинд зөв хүмүүжүүлэх, чадварыг нь хөгжүүлэх тал дээр анхаарна. 0-6 нас бол хүүхдийн хамгийн чухал үе. 1-3 насанд хүүхдийн хамгийн гол дадлуудыг тавьж өгөх ёстой. Тийм учраас манай цэцэрлэг хүүхдийн бүх дадлуудыг зөв тавьж өгөхөөр зорьж байна. Энэ цэцэрлэгт суралцаж байсан хүүхдүүд Ерөнхий Боловсролын Сургуульд орохдоо бусдаас илүү чадавхтай, дадал сайтай байх ёстой гэж үзэж энэ цэцэрлэгээ байгууллаа.
Энэ цэцэрлэгийг байгуулахын тулд бид сургалтын орчноос гадна сургалтын хөтөлбөрийг маш сайн боловсруулсан. Манай сургууль энэ цэцэрлэг дээрт суурилаад цаашид бага болон дунд сургууль байгуулах хэтийн төлөвтэй байгаа” гэсэн юм.
“Jet Kids” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Ц.Алтансортой цэцэрлэгийн талаар товч ярилцлаа.
-Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе. Их сайхан цэцэрлэг байгуулжээ. Та цэцэрлэгийнхээ онцлог, давуу талыг юу гэж тодорхойлох вэ?
-Баярлалаа. Манай сургууль 21 дэх жилийнхээ босгон дээр “Jet Kids” цэцэрлэгээ нээж байна. Цэцэрлэг маань 2-5 настай хүүхдүүдэд зориулагдсан. Хамгийн гол давуу тал нь хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулга юм. Таван нас хүртэл хүүхдийн хамгийн чухал үе байдаг. Энэ үедээ олж авсан мэдлэг чадвар, хүмүүжил, төлөвшил ирээдүйн хувь хүний төлөвшилд маш чухал үүрэгтэй.
Тиймээс бид хүүхдийн зан төлөв, харилцаа, хэл яриа, байгалийн шинжлэх ухаан, математикийн энгийн төсөөлөл, урлаг, уран сайхны мэдрэмжтэй болоход нь сургана. Мөн манай гол онцлог болох “Cambridge Primary” буюу Кэмбрижийн бага насны хүүхдэд зориулсан хөтөлбөрийг бид таван настнууддаа зориулж сургана. Хүүхэд хоёр хэлтэй болж төгсөнө гэсэн үг л дээ.
Бид Монгол хэлний хэл яриаг нь хөгжүүлэхээс гадна англи хэлнийх нь хэл яриаг хөгжүүлнэ. Ингэснээр хүүхдийн сэтгэхүй илүү хөгжиж, сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.
-Сургалт англи хэл дээр явагдах уу эсвэл монгол хэл дээр явагдах уу?
-Хичээл монгол хэл дээр орно. Хүүхдийг дөнгөж хэлд орж байгаа үед монгол хэлээрээ зөв ярьж, зөв дуудаж сурах, үгийн баялагтай болох тал дээр нь анхаарна.
Гэхдээ хоёрдогч хэл буюу өөр орны хэлийг сурч болох юм байна, англи хэлээр ярьж болох юм байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх талаас нь ажиллана. Түүнээс биш монгол хэлийг нь дарангуйлсан байдлаар англи хэлийг заахгүй.
-Цэцэрлэгүүдийн хувьд багш, боловсон хүчний асуудал хамгийн чухал байдаг. Танай цэцэрлэгийн хувьд?
-Манай анги бүрт бүлгийн болон туслах гэсэн хоёр багш бий. Нэг ангид 15-20 хүүхэд хичээллэнэ. Багш нар маань Сургуулийн Өмнөх Боловсролын чиглэлээр мэргэшсэн, бакалавр болон магистрийн зэрэгтэй. Энэ багш нарыгаа бид хэдэн сарын өмнөөс өөрсдийн хөтөлбөрийн дагуу бэлтгэсэн. Тэгэхээр бид өөрсдийн гэсэн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан гэж хэлж болно.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Нээлтийн дараа “Jet Kids” цэцэрлэг рүү орж анги танхимтай нь танилцлаа. Хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол эндхийн бүх зүйлс зөвхөн хүүхдэд зориулагдсан өнгөлөг, аюулгүй, тав тухтай бас сонирхолтой.
Барилгын дотоод засал, анги танхимын бүтэц зохион байгуулалт нь ойлгомжтой, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээр хийгджээ.
Мөн ангиудын дунд хэсэгт цэцэрлэгийн эмчийн өрөө байх бөгөөд хүүхдүүдтэй ажиллахад ойр санагдав.
Харин урлагийн өрөөнд балетын багш болон бяцхан балетчид дасгалаа хийж байсан юм. Ингээд “Jet Kids” цэцэрлэгтэй танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!