Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийн халуун цэгт Монгол ЦЭРГҮҮД

ikon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

Онгоц хөөрөхийн өмнө. Монгол Улс, Улаанбаатар хот, 25 хэм дулаан.
Онгоц газардлаа. Исламын Бүгд Найрамдах Афганистан улс, Мазари-Э-Шариф хот, "Мармал" бааз 45 хэм дулаан. 

Германы нисгэгчид нислэг амжилттай болсон тухай удирдлагадаа илтгэж дууссаны дараа эх орноосоо энхийг сахиулах даалгавар авсан дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийнхан, багуудийг хүлээлцүүлэх комиссын ажлын хэсгийн дарга, хурандаа Ш.Ганбат даргатай бид бууцгаалаа. 

Энд халууны тухай дүрслэхийн аргагүй. Дэндүү бөгчим бөгөөд салхи нь халуунаараа, газрийн хөрс нь хүртэл халуунаараа. Цаг агаарын хувьд амьсгаа давчдам бол байгаль орчны хувьд нэг Дорноговь аймгийг санагдуулам говирхуу атлаа зарим хэсэгтээ Баян-Өлгий аймгийг санагдуулам сүрлэг уулс, хайрхантай ажээ.

Биднийг тосон инээсээр гүйж ирэх дэд хурандааг Н.Бат-Эрдэнэ гэдэг. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчийн орлогч энэ эрхэм зургаан сарын хугацаанд Монголын дайчдыг удирдан эх орон, зэвсэгт хүчний өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихээд удахгүй нутаг буцах гэж байгаа бол тэдний  халааг нь авахаар Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай Монголын дайчид зөрөөд очиж байгаа нь энэ. 

Ингээд Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын дайчдын тухай өгүүлэхээс өмнө энэ улсын тухай товч танилцуулга хүргэе.

 

Исламын Бүгд Найрамдах Афганистан улс нь 28 сая хүн амтай, нийт хүн амынх нь 42 хувь паштун, 27 хувь нь тажик, есөн хувь нь хазар болон узбек үндэстнээс бүрддэг. Хүн амынхаа тоогоор дэлхийд 43 дугаар байранд жагсдаг бөгөөд Монголын газрын тал хувьтай нь тэнцэх нутаг дэвсгэртэй. Төв нийслэл нь Кабул хот, энэ улстай хамгийн ойрхон хиллэдэг улс бол БНХАУ. Ердөө 76 км. Мэдээж алт, мөнгө, зэс, цайр, төмрийн хүдэр, үнэт чулуу, газрын тос, байгалийн хийгээр баялаг нөөцтэй улс. Магадгүй энэ их нөөц, баялагийнхаа уршгаар зөрчилдөөн ихтэй улс болон хувирсныг үгүйсгэх аргагүй юм. 

Зөрчилдөөн, маргаангүй цаг тайван байх үед нь буюу 1990-ээд оны үед манай оюутан залуус Афганистан улсад мэргэжил дээшлүүлдэг, манай улсын Элчин сайдын яам хүртэл байрладаг байж. Одоо хэдийгээр даяаршсан цаг хугацаа хэдий ч манай цэргүүдээс өөр Монголын иргэн бараг байхгүй болов уу. 

МАРМАЛ БААЗ, МОНГОЛ ЦЭРГҮҮД

Монголын дайчид Афганистан улс дахь олон үндэстэний эвслийн цэрэг буюу НАТО-гийн  "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд ХБНГУ-ын тэргүүлсэн умард бүсийн командал, "Мармал" баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд манай улс 2014 оны 12 дугаар сараас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд "Мармал" бааз нь өөрөө Мазари-Э-Шариф хотын ойролцоо байдаг тухай дээр дурдсан. 

Мазари-Э-Шариф хот нэг сая хүн амтай, Афганистандаа дөрөвдүгээрт орох том хот. Мэдээж цагийн байдал зэргээс хамаараад бид энэ хотыг зөвхөн нисдэг тэрэгний цонхоор л харсан. Энэ тухай нийтлэлийн төгсгөлд дүрслэх учраас одоо гол сэдэв рүү оръё.

Мармал бааз. Олон орны цэргийн багууд энэ баазад байрлах бөгөөд Монголын дайчдын цэргийн багийн байр Монгол Улс гэдгийг бүх талаараа илэрхийлсэн бахархал, омогшлыг бадраасан тийм нэгэн дотно орчин угтаж авсан. Угтаа бол орон орны цэргийн багийнхан адилхан угсармал нэг давхар цагаан саарал барилгатай, талбайн хэмжээ нь ч адилхан. Харин Монголынх шиг үндэстэн, өв уламжлалаа илэрхийлсэн орчин бүрдүүлж, эх орноо сурталчилсан нь үндсэндээ алга. Манай дайчид л өчүүхэн зай талбайдаа Монгол гэрээ барьж, Чингис хаан, газар нутгаа баазынхаа хана бүртээ зураглан сийлж, орчин цагийн Зэвсэгт хүчнээ илэрхийлсэн зургийг ч мөн адил хана бүртээ зуржээ. Энэ бол ердөө гаднах орчин. Харин алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадвар, ажлын бүтээмж, тэсвэр тэвчээр, дасан зохицох байдал, оновчтой зөв шийдвэрийг богино хугацаанд гаргаж чаддаг тухай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухай, хамтран ажиллахад гар нийлэмжтэй байдаг тухай,  орон орны цэргийн хүндлэл, талархалыг хүлээсэн тухай бүсийн командлагчаас эхлээд замд таарсан аль ч орны цэрэг илэрхийлж байсан нь юутай сайхан. Юутай бахдалтай бэ. 

Дэд хурандаа Н.Бат-Эрдэнийн удирдсан цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаанд олон эрсдэл, аюулыг урьдчилан илрүүлжээ. Эрсдэл бүрийг тоочих нь өөрөө манай цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд хүндээр тусдаг учраас энэ тухай нурших нь илүүц  юм. Мэдээж цагийн байдал тогтворгүй, иргэний зөрчилдөөн ихтэй, дайн байлдааны бүс нутаг учраас эрсдэл бүхэн нь маш аюултай байдаг нь ойлгомжтой. Харин тэр аюул бүхнийг зөв зохион байгуулалтаар, өндөр сонор сэрэмжээр илрүүлэн баазын удирдлагадаа хүлээлгэн өгсөн олон тоо, баримтыг Монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийн захирагч, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ баг хүлээлцүүлэх ажлын хэсгийн дарга буюу Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа Ш.Ганбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийнхэнд томилолтын хугацаанд онцолж байсан юм. 

Ингээд бид томилолтын эхний өдөр үдээс хойш очсон  болоод ч тэр үү Монголынхоо цэргийн багийн орчин нөхцөл, тэр их халуунаас нь халшран "Мармал" баазын хоолны газар зэрэг ойр зуурхантай танилцаж үйлчлүүлснийг эс тооцвол ажил багатай, шууд амарцгаалаа. Монголчууд бид хананаасаа ус гоождог, халуун паартай байшинтай болохын төлөө өр зээлэндээ баригдан байж амьдарч байгаа бол Афганистанд хүйтэн кондэкейнштэй байшингүй бол амьдрахад тун амаргүй бололтой. 

Ажлын хэсгийнхэнд танилцуулах төлөвлөгөөт ажил 07.00 цагаас өглөөний цайндаа орсны дараа эхэлнэ гэдгийг гуравдугаар ээлжийн цэргийн багийн орлогч, хошууч /дэд хурандаа/ З.Баяраа бидэнд дуулгалаа. Энэ өдөр комиссынхон Монголын гуравдугаар ээлжийн цэргийн багийн харуул хамгаалалтын нөхцөл байдал болоод цэргийн багийн хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтын тухай голчлон танилцсан. Мэдээж тэдний халааг авахаар очсон  дөрөвдүгээр ээлжийнхэн тэднээс дадлага, туршлага судлах, дагалдан ажиллах, германчуудын явуулах сургалтад хамрагдах гээд завгүй. Энхийг сахиулагчид эх орноосоо мордохын өмнө олон шалгуур, шалгалтын үндсэнд сонгогдож, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд гурван сарын хугацаанд дадлагажин суралцдаг. Харин ажиллагааны газар орноо очсон хойно нь ч мөн адил дадлага сургалтыг дахин явуулдаг юм байна. 

Энэ зарчмын дагуу дөрөвдүгээр ээлжийнхэн дадлага сургалт гээд, гуравдугаар ээлжийнхэн өдөр тутмын үндсэн үүргээсээ гадна ажлаа дүгнэх, тайлагнах гээд тун завгүй өдрүүд байсан юм. 

МОНГОЛЫН ДАЙЧИД ХАМГИЙН ХҮНД АЖЛЫГ НЬ ГҮЙЦЭТГЭДЭГ
 

Томилолтын хоёр дахь өдөр. Монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийн дайчид "Мармал" баазын аюулгүй байдлыг 24 цагийн туршид өндөр сонор сэрэмжээр гүйцэтгэж байгаатай танилцахаар ажлын хэсгийн дарга, хурандаа Ш.Ганбат, дөрөвдүгээр ээлжийн багийн захирагч, дэд хурандаа Д.Содномдаржаа тэргүүтэй албаныхан ажиллав. Монголын дайчид гурван салаагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ өдөр хоёрдугаар салааныхан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байлаа. Хүн, мал тогтож зогсохын  аргагүй 45 хэмийн халуунд 10 гаруй кг-ын жинтэй хуяг дуулгатай,  буу шийдмээр хуягласан залуус биднийг угтлаа. Салааны захирагчаар Зэвсэгт хүчний 123 дугаар батальон штабын дарга, ахлах дэслэгч /ахмад/ Х.Лхагвадорж гэдэг залуу ажиллаж байна. 

Ажлаа сайн мэддэг, салаагаа удирдан захирч чаддаг нь түүний үг, үйлдлээс тодорхой харагдаж байв. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар зөрчил илэрсэн тухай, ямар хариу арга хэмжээ авсан тухай, хяналт шалгалтаа хэрхэн явуулж байгаа тухай нэг бүрчлэн танилцууллаа. Бааз руу орох, гарах машин, хүн бүрийг нь рентгенээр болон бусад олон тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нэвт шувт харж, хянаж оруулна. Ямар нэгэн байдлаар зөрчил дутагдал гаргасан, халдахыг завдсан зарим афган иргэд нүүр зүсээ хувиргаад ирэх тохиолдол ч байдаг учраас дэндүү хариуцлагатай ажлыг Монголын дайчид гүйцэтгэж байна. Хэрэв нэг л удаа сонор сэрэмжээ алдаж, аюултай нөхдийг нэвтрүүлбэл бааз тэр чигтээ, гадаадын тэр олон мянган цэрэг эрсийн амь насанд эрсдэл учрах учраас Монголын дайчдын гүйцэтгэж буй үүрэг хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай ажил ажээ. Дотогш нэвтрүүлэх машин, хүнээс гадна гадагш нэвтрэх бүхнийг өндөр хяналттайгаар гаргадаг байна.

Яагаад гэхээр баазын тухай мэдээлэл гадагшлуулах, гаргаж худалдах тохиолдол байдаг учраас орж, гарах бүхэн өндөр хяналттай. Уг нь манай дайчдын гадуур буюу Афганистаны шууд бүсээс орж ирэх тээврийн хэрэгсэл болон зорчигчийг Афганистаны Зэвсэгт хүчин хариуцаж ажилладаг байна. Гэхдээ тэдэнд бүрэн итгээд суух нь өөрөө өрөөсгөл ойлголт. Магадгүй амиа золиослогч, талибаны гишүүний дарамтад орсон эсвэл хувилдсан байхыг үгүйсгэх аргагүй учраас тэр. Тийм хэд, хэдэн ч  тохиолдол өнгөрсөн цаг хугацаанд тохиолдож байсныг германчууд онцолж байсан юм.  Ахлах дэслэгч Х.Лхагвадоржийн салааны ахлагч Г.Тэлмэн камерын хяналтыг гүйцэтгэж байв. Г.Тэлмэний хувьд анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бөгөөд дөрвөн удам дамжсан цэргийн алба хаагч. Түүний аавыг Б.Ганболд гэдэг,  дэд хурандаа цолтой, Батлан хамгаалах яаманд мэргэлжилтэн бөгөөд энэ удаа ээлж хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан юм. 

Аав хүү хоёр хилийн чанадад ажил үүргийн хувиар таарна гэдэг өөрөө ховор завшаан биз ээ. Ийнхүү бид шалган бүрээр очиж ажилласан бөгөөд миний хувьд тэр шатаам халуунд 10 минутад зогсоход хөлс цуваад, толгой эргэж, зүрх дэлсэх нь холгүй байлаа. Харин манай дайчин эрчүүд тэр халуунд хуяг дуулгатай, буу шийдмээ үүрчихээд өдөржин зогсоно гэдэг өөрөө эр зоригийн, тэсвэр тэвчээрийн  үүр болж орчин цагийн бахархал болон гялалзаж явах нь аргагүй. 

БААЗ ДҮҮРЭН БАЙЛДААНЫ ХЭРЭГСЛҮҮД 
 

"Мармал" баазын хувьд Герман улс толгойлж байгаа учраас Германы дэгээр явагдана. Замд таарсан орон орны цэрэг бүхэн хаа тааралдсан газраа мэндэлж, инээмсэглэж, толгой дохиж, асуултад идэвхтэй гэгч нь хариулах гээд тун уриалгахан. Энэ бол германы өөрсдийнх нь зан байдлын дүр төрх. Баазын орчин бол киноноос л харж байсан байлдааны түмэн техник хэрэгсэлээр дүүрэн. Танк, хуягт машинууд, том, том буу мөрлөсөн орон орны дайчид холхино. Хамгийн сонирхолтой нь манай баячуудын унадаг том, том жийп машиныг тэнд ердөө эргүүлийн үүрэг төдийнхөнд ашиглаж байлаа.  

Миний хувьд бараг ганцхан энэ өдөр л урьд нь бүх амьдралдаа авч байснаас их зураг авсан байх. Харсан бүхэн сонин, гайхалтай, бүр агуу гайхамшигтай байснаас тэр. Энэ бяцхан хийрхэл эргүүлийн цагдаа буюу герман офицертой таарч зураг авах хориотой тухай сануулга авснаар намдав. Баазад цэргийн багуудын цэвэрлэгээ, үйлчилгээг афган ажилчид гэрээгээр хийдэг байна. Хараад байхад нэг цэргийн багийн кордор, угаалга, ОО-ын өрөөг хоёулаа нийлж цэвэрлэнэ.  Хачирхалтай нь, 1-2 цагийн цагийн ажлыг өдөржин шахуу юм "ухандаад" хийчих бололтой юм. Учрыг нь  лавлахад гэрээгээр цалинждаг учраас өдөржин суух нь өөрсдөд нь ашигтай байдаг гэнэ. Түүнээс гадна энд олон орны эмэгтэй цэргийн алба хаагчид цөөнгүй байна. Тэд эрчүүдээс дутахгүй буу шийдмээ үүрчихээд халууныг ажрахгүй, үүргээ гүйцэтгэж байгааг нь хараад эмэгтэй хүний хувиар нь бахархаж  байснаа нуух юун. Монголын хувьд эмэгтэй цэргийн алба хаагч энэ ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэггүй юм. 

"Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен Монголын цэргийн баг хүлээлцүүлэх комиссыг эелдэгээр хүлээн авч уулзаж, Монголын дайчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа тухай онцлоод Мазар-Э-Шариф хотыг  онгоцноос харуулаад зогсохгүй нисэх буудал,  байлдааны онгоцууд, танк, хуягт тээврүүд, цэргийн цагдаа болон цэргийн эмнэлгийн үйл ажиллагаа,  хяналтын олон тоног төхөөрөмжтэй танилцах боломж олгосон.  Мазар-Э-Шариф хотын хувьд агаараас харахад өндөр барилга тун цөөхөн, голдуу шавар дагзан саарал барилгатай, нарийн гудамжтай, шар такси ихтэй юм.  Хотын төв хэсэгтээ лалын алдарт "Хөх сүм" аргагүй хараа булаам сүндэрлэх ажээ.  Бас хот дотроо тусгаарлагдсан ханатай, ногоо ургах аргагүй аагим тэр халуунд ногоон байгууламжийг цөөнгүй цогцлоосон нь нисдэг тэрэгний цонхоор хальтхан харагдаад өнгөрөв. Бусад арга хэмжээ, хөтөлбөрийн хувьд нууцад хамаарах учраас нуршихаа түр азная.     

МЭДЛЭГ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЖ,  БИЕ БЯЛДАРАА ЧИЙРЭГЖҮҮЛЖЭЭ
 

Цэргийн багийн захирагчийн орлогч, хошууч З.Баяраагийн тайлбарласнаар үүрэг гүйцэтгэх салаа, амраа салаа, жижүүрийн салаа гэсэн гурван ээлжтэй. Үүрэг гүйцэтгэх салаа нь 24 цагийн туршид хүн бүрээ томилгоожуулан ажиллана, тусгай жижүүрийн салаа нь алба хаагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаардаг бол "Амраа салаа"-ны хувьд өглөө үүрэг гүйцэтгээд бууцгаасан байдаг учраас үдээс өмнө амарчихаад үдээс хойш бие бялдараа сайжруулахад анхаардаг байна.

Ер нь Н.Бат-Эрдэнийн захирагчтай цэргийн багийн хувьд алба хаагчдын бие бялдарыг сайжруулах, гадны цэрэг эрсэд эх орон, зэвсэгт хүчнээ, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилж, спортын олон төрлөөр өрсөлдөх зэргээр үр дүнтэй олон ажил зохион байгуулсан баг байлаа. Үүнийг сургалтын офицер, ахлах дэслэгч С.Ганбаяр хариуцан ажиллаж, журмын нөхдөө зургаан сарын хугацаанд завгүй байлгасан бололтой юм.  Нөгөө талаас олон эрчүүд цугласан учраас үл ойлголцох  улмаар зодоон цохион гарахыг үгүйсгэхгүй учраас тэднийг завгүй байлгах тактик цэргийн дарга нарт байдаг ажээ.

Ажиллагаанд байгаа залуус бүр өөрийн аймгаа, өөрийн ажиллаж буй  Зэвсэгт хүчний ангиа нөхөддөө сурталчилах, спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах нь тэдний өдөр тутмын нэгэн ажил болон хэвшжээ. Тэгэхдээ сар бүрт шилдэг ахлагч, офицерийг шалгаруулж урамшуулж ирсэн байна. Дээрээс нь  спортын  олон төрлөөр аваргуудаа тодруулж. Тухайлбал, савлуур суниалтаар ахлагч дэслэгч Д.Нямбаяр, 100 болон 1000 метрийн зай, дүүжин суниалт, бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд ахлах ахлагч А.Мөнгөншагай, гар дээр суниалтаар ахлагч Б.Нямгарав, гэдэсний таталтаар ахлах ахлагч Л.Отгонбаатар нар нөхдөө тэргүүлсэн байна. 

 

 

Спортын арга хэмжээний ачаар бие бялдар нь чийрэгжиж, төгөлдөржсөн нь олон залуугаас харагдаж байлаа. Өөрт нь, эрүүл мэнд нь, итгэл төгс байдлыг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээний нэг болсон гэдгийг ч өөрсдөө ч онцолж байв. Хоёрдугаарт, гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг бүрээс хэрэгжүүлдэг алба хаагчдын хэлний мэдлэгийг сайжруулах тухай юм.   Англи хэлний анхан, дунд, герман, орос хэлний анхан шатны бүлгийг хичээллүүлж, ахлах дэслэгч С.Мөнхбат, Б.Гантулга, О.Нарантулга, дэслэгч Ч.Сэрээнэн, Б.Давааням, Б.Галбат,  ахмад Б.Баярмагнай нар нөхөддөө гадаад хэлний мэдлэгээ хуваалцаж, нэг өдөр дүрэм, шинэ үг зааж, маргааш нь давтлага өгч, сар бүрийн эцэст шалгалт авна. Энэ зарчмаар олон залуус хэлний мэдлэгээ сайжруулсан байна.

Угтаа ээлж хүлээлцэх комиссынхон Кабул хотод АНУ-ын Зэвсэгт хүчинтэй үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцах төлөвлөгөөтэй байсан ч цагийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан онгоц нисэхгүй гэсэн учраас энэ ажлаа цуцлахаас аргагүйд хүрсэн. Кабул хотод Монголын дайчид бас л энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг энэ дашрамд онцлох ёстой. 

МОНГОЛЫН ДАЙЧИД МАНЛАЙЛАГЧ НЬ БАЙДАГ 
 

Монголын цэргийн багийн үүрэг гүйцэтгэлийн талаар бүсийн командлагч, баазын удирдагч, бусад орны цэрэг эрчүүд хэрхэн үнэлсэн талаар  тоймлон хүргэж байна. 

Хойд бүсийн командлагч, бригадын генерал Хартмут Ренк:

-"Шийдвэртэй дэмжлэг" ажиллагааны хүрээнд хойд бүсийн командлал Афганистаны аюулгүй байдлын хүчний 40 орчим мянган цэргийн алба хаагчийг сургах, зөвлөх үүрэгтэй ажилладаг. Энэ ажиллагаа нь эхлээд 1.5 жил болж байна. Энэ богино хугацаанд хийж бүтээсэн бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Нөгөө талаас Афганистаны аюулгүй байдлын хүчин үүрэг гүйцэтгэх талдаа том дэвшил гаргасан. Бид цаашдаа ажиллагаагаа үргэлжүүлэх, хэрэгцээ шаардлага байгаа гэж харж байна.

Одоогийн байдлаар ажиллагаанд маань 20 гаруй улсын 2000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Монголын цэргийн багийн хувьд баазын харуул хамгаалалт, баазын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг маш сайн хариуцан ажиллаж ирсэн. Цаашдаа ч ажиллана. Монголын дайчдын мэргэжлийн ур чадвар маш өндөр төвшинд байдаг нь бүх талаараа харагддаг. Сахилга бат, дэг журамтай, байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх чадвартай, цаг агаараас эхлээд ямар ч хүнд нөхцөл амархан дасан зохицож чаддаг гээд Монголын цэргийн талаар сайн сайхан үлгэрлэл, дуурайлал олон бий. Энэ бүх чанараараа тэд бусад орны дайчдаас ялгарч чаддаг. Миний хувьд Монголын дайчидтай хамтран ажиллаж, өөрийн командлалдаа багтааж байгаадаа баяртай байдаг.

Тэд эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчилж, баазаас зохион байгуулсан урлаг, спортын арга хэмжээ бүрт түрүүлдэг нь ямар бэлтгэлтэй залуус вэ гэдгийг илэрхийлэх байх. Монголын дайчдаар манай командлалын бүх орны цэргүүд бахархаж явдагийг энэ дашрамд хэлмээр байна.

"Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен:

-Монголын дайчид үеийн үед энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Үүнийг бахархалтайгаар хэлмээр байна. Ялангуяа, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийнхэндээ тусгайлан баяр хүргэе. Та бүхэн үүрэг гүйцэтгэсэн зургаан сарын дотор эр цэргийнхээ үүргийг биелүүлээд зогсохгүй өөрсдөө асар их туршлага, мэдлэг хуримтлуулж, олон найз нөхөдтэй болоод буцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь та бүхэн ажиллагааны үеэр хуримтлуулсан дадлага, туршлага, эрдэм мэдлэгээ эх орондоо зориулж, цэргийн хамтран зүтгэгч нартаа зааж сургана гэж бодож байна.

Монголын дайчид "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд гүн туслалцаа үзүүлж "Мармал" баазын аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангаж чадлаа. Үүнээс илүү гавьяа гэж үгүй юм. Танай цэргийн багийн богино хугацаанд түргэн суралцах, юмыг ойлгох, шинэ зүйлсийг суралцах чадвараас үнэлэхэд Монголын Зэвсэгт хүчин жижиг ч гэсэн чадварлаг боловсон хүчинтэйг харуулж байна. Афганистаны хойд бүсэд үүрэг гүйцэтгэж буй эвслийн цэргийн хамтын ажиллагаанаас харахад Монголын цэргийн баг олон үндэстний дунд үлгэр жишээ мэргэжлийн цэргүүд гэдгээ харуулж чадсан. Одоо дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай багийнхандаа амжилт хүсье. Танай багийнхантай хамтран ажиллахдаа таатай байна. Монголын дайчдаар бахархахгүй байхын аргагүй" гэсэн юм. 

Армяны улсын цэргийн багийн захирагч, дэд хурандаа Карен Бадиян:
 
-Манай улсын цэргийн баг үүрэг гүйцэтгээд багагүй хугацаа өнгөрч байна. Монголын дайчид сахилга бат, дэг журамтай гэдэг алхам тутамдаа мэдрэгддэг шүү.

Хариуцсан ажлаа өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг. Манай хоёр цэргийн багийн хувьд спортын нөхөрсөг тоглолтууд зохион байгуулж, үндэснийхээ хоолоор дайлж, орон орноо нэгэндээ сурталчилсан. Би анх удаа монголчуудтай Афган улсад уулзахдаа тэднийг нөхөрсөг атлаа дайчин чанараар нь бахархсан. Монголчуудаас сурах зүйл их байна" гэсэн юм. 

 

Бүсийн командлал, баазын удирдлагууд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийн 100 гаруй дайчдыг НАТО-гийн медалиар шагнаж урамшуулан, талархлаа илэрхийлээд, тэдний үүргийг үргэжлүүлэн гүйцэтгэх Монголын цэргийн багийн дөрөвдүгээр ээлж буюу  дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай багийнханд амжилт хүссэн юм. Д.Содномдаржаа захирагчтай багийн 90 гаруй хувь өмнө нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай идэр залуусаар бүрджээ.  Ийнхүү тэд эх орныхоо, Зэвсэгт хүчний өгсөн даалгавар, үүргийг гүйцэтгэсээр алс холын Афганистан улсад үлдлээ. 
 
Хүний нутагт тэр дундаа байлдааны орон, халуун цэгт цэрэг эрсээ үлдээгээд буцахад их хайран, дэндүү гунигтай юм. Сэтгэлийн гүнд хөндүүрлэж, харам төрж, өөрийн эрхгүй нулимс цийлэгнэлээ. Бодолд тээсэн хөнгөн гуниг минь хэсэгтээ л арилсангүй. Харин хамт нисч яваа энхийг сахиулагчид маань үүргээ биелүүлчихээд нутаг буцаж байгаад нь  сэтгэл дүүрнэ. Тэдний гэр бүл, хамт олонтойгоо уулзахаар яарч байгаа нь нүүрний баясгалан, нүднийх нь гал цогоос илт мэдрэгдэж байлаа. Мэдээж цонхны цаанаас дэвхийтэл ёслоод үлдэх тэр олон цэрэг эрс тун удахгүй гавьяа зүтгэлээ магтуулсаар эргээд л эх орондоо ирнэ. Тун удахгүй. 

Монгол цэрэг нум, саадгаа агсан Дэлхийн талыг эзэлж эх орныхоо нэрийг түүхэнд мөнхөлсөн бол өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, өвөг дээдсийнхээ дайчин чанар, бахархам түүхээ дэлхий дахинаа нотлон харуулж байна. Эр цэрэгтэйдээ эх орон минь элэг бүтэн байдаг юм.                          

Үргэлжлэл бий... 

Д.Болормаа

фото зургууд