Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 22 улсын иргэн СОНГУУЛЬД ЗААВАЛ санал өгөх үүрэгтэй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2013 оны дундуур гаргасан тоогоор төрийн эрх барих байгууллагыг сонгох бүх нийтийн сонгуульд иргэд нь заавал оролцох хуультай 22 улс дэлхийд байна.

Эдгээрийн дийлэнх нь буюу 12 нь Латин Америкийн улсууд байгаа ажээ. Мөн эдгээр 22 улсын 11 нь сонгуульд оролцохыг иргэдээсээ албаддаг (заавал) хуультай юм байна.

Ингэж сонгох үүргийг тулгадаг уламжлал нь бүр эртний Грекийн үеийн “Афиний ардчилалаас” эхлэлтэй ажээ.

Эдгээр улсууд нь иргэддээ тавигддаг уг шаардлагыг татвар, суурь боловсрол, цэргийн алба хаах зэрэгтэй ижил иргэний үүрэг гэж үздэг юм байна. Тэгвэл заавал сонголтыг хүлээн зөвшөөрдөггүй улс орнууд үүнийг хүний эрх зөрчсөн явдал гэж үздэг аж.

Сонгуульд санал өгөхийг албадан шаарддаг улсуудад Аргентин, Австрали, Бразил, Кипр, Эквадор, Лихтенштейн, Люксембург, Хойд Солонгос, Науру, Перу, Сингапур, Уругвай зэрэг орнууд, мөн зарим улсуудын тодорхой нэг мужууд багтдаг байна.

Харин Австри, Чили, Фижи, Итали, Нидерланд, Португал, Испани, Швейцарь, Венесуэль улсууд ийм хуультай байснаа сүүлд өөрчилж сонгуульд албадан санал өгүүлэхээс татгалзжээ.

Австрали, Бразил улсуудад хэдийгээр заавал санал өгөх үүрэгтэй ч хүндэтгэх шалтгаантайгаар өгөөгүй бол түүнийгээ тайлбарлаад хариуцлагаас зайлсхийх боломжтой байдаг. Харин ингэж тайлбарлаж чадаагүй бол мөнгөн торгууль хүлээдэг ажээ.

Аргентинд өвчтэй байсан бол эмчийн магадлагаагаар, санал өгөх байрнаас 500 км хол зайд амьдардаг бол үүнийгээ баталгаажуулснаар хариуцлага хүлээхгүй өнгөрдөг юм байна.

Зөвхөн мөнгөн торгууль төлөхөөс гадна зарим орнуудад иргэний эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийтгэлтэй байдаг. Жишээ нь Бельги улсад дараалан сонгуульд санал өгөөгүй хүмүүсийн иргэний эрхийг нь түдгэлзүүлдэг. Сингапурт мөн ийм хууль үйлчилдэг бол Перу, Грек зэрэг орнуудад төрийн үйлчилгээ авах эрхийг нь хаадаг байна. Боливи улсад саналаа өгөөгүй иргэдийн цалинг гурван сарын хугацаанд банкнаас олгохгүй байх шийтгэл оногдуулдаг ажээ.

Гэхдээ эдгээр орнуудад санал хураах өдөр боломжгүй бол урьдчилан шуудангаар саналаа өгөх эрх нээлттэй байдаг байна.

 

Эх сурвалж: Wikipedia, About.com