Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бахархам Монгол хүүхдүүд

ikon.mn
2016 оны 6 сарын 1
iKon.MN
 

 

Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн, Э.Лхамзаяа 

Монголд 18-аас доош насны нэг сая гаруй хүүхэд байгаа тухай бид өмнө нь "Монгол хүүхэд гэж хэн бэ"-Цуврал 1 нийтлэлдээ дурдаж байсан. Тэгвэл бид энэ удаад энэ нэг сая хүүхэд төдийгүй гурван сая хүн дотроос гялалзах амжилт гаргасан найман хүүхдийг онцолж байна. 

Ингэхдээ 18 нас хүртэлх сурагчдаас эрдэм мэдлэг, урлаг, спортоор манлайлсан хүүхдүүдийг сонгож авсан юм. Ингээд Бахархам Монгол хүүхдүүдтэй танилцаарай. 

 

Математикч хүү Б.Пүрэв

 

12 дугаар ангийн сурагч Б.Пүрэв улсын математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан. 

Тэрбээр бага, дунд ангийн Олон улсын математикийн тэмцээнээс мөнгөн медаль, тусгай байрын шагнал авч байжээ. Мөн АНУ-ын математикийн олимпиад буюу AMC-д нэгдүгээр байр эзэлсэн. 

Нэгдүгээр ангиасаа “Сант”-д элсэн орсон Б.Пүрэв тун удахгүй Хонг Конгт болох Олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлж оролцохоор явна. 

Түүний авьяас дан ганц математикаар хэмжигдэхгүй бөгөөд “Ээж ээ та сонсооч” төгөлдөр хуурын улсын уралдааны Шилдэг тоглогчоор шалгарч байжээ. Б.Пүрэв үүнээс гадна зураг зурах, гэрэл зураг авах, өгүүллэг бичих сонирхолтой юм байна.

ШАТАРЧИН ХҮҮ С.ЧИНГҮҮН

 

 

 

2012 оноос эхлэн Олон улсын шатрын тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн С.Чингүүн нь 115 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч.

Тэрбээр 2016 онд гэхэд Олон улсын цахим бодлого бодолтын нээлттэй тэмцээний 13 хүртэлх насны ангилалд 15 орны 152 тамирчнаас зургаадугаар байр, Монгол Улсдаа нэгдүгээр байр эзэлсэн амжилттай.

 

 

ШАТАРЧИН охин н.энхболор

 

Дэлхийн шатрын холбооны дэд мастер Н.Энхболор нь "МОНГЕНИ" цогцолбор сургуулийн 3 дугаар ангийн сурагч. 

Тэрбээр таван настайгаас эхлэн шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Монгол Улсын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.

Тухайлбал, 2015 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний стандарт болон рапидын төрлүүдэд хүрэл медаль хүртсэн. Мөн энэ үеэр ОУ-ын шатрын холбооны дэд мастер цолыг хүртэж байжээ.

Энэ жилийн хувьд Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд зургаадугаар байр, стандарт төрөлд наймдугаар байр, дурсгалын хүрэл медалийг тус тус хүртсэн амжилттай.

 

 


хөгжимчин охин Н.Энхсаруул, Хүү Э.Энхманлай

 

"Шинэ Монгол" сургуулийн 8-2 дугаар ангийн сурагч Н.Энхсаруул, Хөгжим Бүжгийн Коллежийн 9-р ангийн сурагч Э.Энхманлай нар хэдий 14 настай ч авьяаслаг төгөлдөр хуурчдын нэг. 

Энэхүү хоёр өсвөр үеийн авьяаслаг төгөлдөр хуурч маань 2015 онд Испани улсын Бенаске хотод болсон "Beyond the music" хөгжмийн наадам болох төгөлдөр хуурын дөрвөн гарын болон цөөхүүл хөгжимчидийн тэмцээнд Орос, Монгол, Испани, Грек, Австрийн 50 гаруй хөгжичидтэй өрсөлдсөн нэгдүгээр байранд орж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргасан билээ.

оюуны спортын тамирчин Э.ЭНхмөнх

 

"Монголын Оюун Ухааны Академи" –иас гарсан шилдэг тамирчдын нэг. Э.Энхмөнх "Оюуны спорт"-ын амжилтаараа дэлхийд гайхагдсан тамирчин болж чадсан тул түүнийг онцолж байна. 

Тэрбээр 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны "Super Brain" шоуны ялагч юм. 
Э.Энхмөнх "Монголын Оюун Ухааны Академи"-д суралцаж эхэлсэн бөгөөд эдүгээ хамгийн залуу олон улсын их мастер цолтой хоёр тамирчны нэг болж чаджээ. 

БҮРГЭДЧИН ОХИН Н.АЙШОЛПАН

 

Дэлхий дээр хамгийн залуу бас цор ганц эмэгтэй бүргэдчин байж болох охин бол Баян-Өлгий аймагт амьдардаг Айшолпан юм. 

Тэрбээр 13 настай байхдаа BBC агентлагийн зурагчны дуран өртөж дэлхий нийтэд танигдсанаар түүнийг харахыг хүссэн жуулчид, кино одууд Баян-Өлгий аймгийг зорьж байсан удаатай. 

Энэ онд түүний тухай “The Eagle Huntress” баримтат кино АНУ-д нээлтээ хийсэн билээ.  

 

 

уралдаанч хүү х.содномдорж

 

 

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Нийслэлийн "Хан-Уул" дүүргийн "Цэцээ гүн" цогцолбор сургуулийн сурагч Х.Содномдорж нь улсын шилдэг уралдаанч хүүхэд юм. 

Тэрбээр улс, бүсийн хурдан морины наадмаас 3 түрүү, 10 айраг авч байжээ. Х.Содномдорж спортын дэд мастерын болзлыг хангасан аж. 

Мөн Х.Содномдорж нь Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас тодруулдаг “2015 оны онцлох хүүхэд”-ийн нэг болж, Ерөнхий сайдаас шагналаа гардан авч байв.

 

"гамлет"-д тоглосон хүү а.хантөр

 

А.Хантөр нь Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч.

Хэдий жүжигчний дугуйланд явдаггүй, мөн өмнө нь хэзээ ч жүжигт тоглож байгаагүй ч гэсэн алдарт "Гамлет" жүжгийн Гамлетын бага насны дүрд чадварлаг тоглосноороо олны сайшаалыг хүртэж чадсан авьяаслаг хүү билээ.