- ДАХИН НИЙТЛЭВ -
iKon.mn хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МОНГОЛ ХҮҮХЭД ГЭЖ ХЭН БЭ? нийтлэлээ хүргэж байна.
Энэ удаад бид Монгол хүүхдийн төрөлт, эрүүл мэнд, гэр бүл талаас нь авч үзэж судалсан бөгөөд төрийн байгууллагын албан ёсны статистик мэдээллийг ашиглав.
Ингээд Монгол хүүхэдтэй илүү сайн танилцацгаая.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсад 7 минут, 57 секунд тутам нэг шинэ иргэн мэндэлдэг аж.
Үүгээр тооцоолж үзэхэд өдөрт дунджаар 210 хүүхэд мэндэлдэг байна. Түүнчлэн 2015 оны эцсийн байдлаар манай улсад 0-18 насны 1,096,019 хүүхэд байсан аж.
Улсын хэмжээнд 2015 оны эцсээр бүтэн өнчин хүүхдийн тоо 3,856 байгаа бол хагас өнчин хүүхдийн тоо 34,060 байна гэсэн мэдээлэл гарчээ. Үүнээс үзэхэд 0-18 насны 996 мянган хүүхэд аав, ээжтэй гэсэн үг.
Өнчин хүүхдүүдийн хувьд харамсалтай ч сүүлийн гурван жил буюу 2013-2015 онд хагас болон бүтэн өнчин хүүхдийн тоо жил бүр 100-200-аар хасагдсан нь эерэг үзүүлэлт юм.
Магадгүй энэ нийтлэлийн хамгийн бараан тоо байж болох. Статистикийн газраас өгсөн мэдээллээр 2014 онд 18,145 эх хэвлийдэх үрээ хөндүүлжээ.
Энэ нь 2013 оныг бодвол даруй гурван мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Нэмж хэлэхэд энэ бол зөвхөн бүртгүүлсэн тоо бөгөөд нууцаар үр хөндүүлж буй хэдэн ч хүн байж магадгүй. Ямартай ч энэ тоо нэмэгдэж л таарна.
Манайд 1,000 амьд төрөлтөд 247 үр хөндөлт ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад ӨНДӨР гэж ЭМСЯ-ны мэргэжилтэн үзсэн тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Эрүүл мэнд хөгжлийн төвөөс гаргасан судалгаанаас үзэхэд, 2015 онд өвчин туссан хүүхдүүдийн ихэнх нь амьсгалын тогтолцооны өвчин /томуу, хатгалгаа/ туссан аж.
2016 оны нэгдүгээр сарын 11-17-ны хооронд хүүхдийн түргэн тусламжийн 1,267 дуудлага ирсний 605 хүүхэд нь Томуу, Томуу төст өвчин туссан байсан. Мөн дээрх өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 74,604 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,422 тохиолдол оношлогдсон бөгөөд Томуу, томуу төстөөр өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн хэмээн Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээлж байсан.
Хатгалгаанаас хэрхэн сэргийлэх талаар ЭНД дарж, Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар ЭНД дарж уншаарай.
Үүнээс гадна гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бус тодорхой эмгэг төрлийн "бусад мөчний ясны гэмтэл" авсан хүүхдийн тоо их байжээ. Тухайлбал, 0-1 насны 57 хүүхэд, 1-4 насны 1,401 хүүхэд, 5-9 насны 2,374 хүүхэд, 10-14 насны 2,607 хүүхэд, 15-19 насны 2,607 хүүхэд бусад мөчний ясны гэмтэл авсан аж.
Хүүхдийн өвчлөлийн тухай мэдээллийг агуулсан графикийг үзнэ үү.
Энэ оны тавдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсын хүн ам 3,083,370-д хүрчээ. Харин үүний нэг сая 96 мянга нь 0-18 насны хүүхэд байна.
Монгол Улсын нийт хүүхдийн 50 орчим хувь буюу 490 мянга гаруй нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг бол үлдсэн нь хөдөө орон нутагт амьдардаг ажээ.
Хүүхдүүдийн амьдарч буй бүс нутгийг харуулсан графикийг үзнэ үү.
Монголчууд "Зөв монгол хүүхэд" гэж хайдаг.
Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр багтсан. Тус хөтөлбөр нь 2013 оноос Сургуулийн өмнөх бага, дунд боловсролын чанарын шинэчлэл, Авьяас, Ном гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн.
Англи хэлтэй хүмүүс "Тэмээтэй Монгол хүүхэд" гэж хайдаг.
Яагаад тэд "Тэмээтэй Монгол хүүхэд" гэж хайдаг вэ гэвэл Монгол Улсын иргэн н.Ганаагийн Хэнтий аймагт авсан зурагнаас болсон аж. Тус зургийг хэн ч харсан хайр хүрмээр, өхөөрдмөөр санагдана.
Ингээд л цахим орчны ачаар түүний авсан зураг нь Монголд төдийгүй дэлхийн өнцөг бүрт "МОНГОЛ ХҮҮХЭД"-ийг таниулсан гэж хэлж болно.
Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн, Э.Лхамзаяа