Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

DCAT: ХЭН Snoop Dogg-той дуулахыг би таашгүй

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

"VTV" телевизээс бэлтгэн гаргаж буй "All or Nothing" шоуны явцтай танилцахаар Монголд ирсэн АНУ-ын нэрт продюсер DCAT-тай товчхон ярилцлаа.

Тус шоу нь энэ оны нэгдүгээр сараас цацагдаж эхэлсэн бөгөөд үндэсний ялагч нь алдарт дуучин Snoop Dogg-той хамтран дуулж, видео клип хийлгэх боломжтой гэдгээрээ бусад шоунаас онцлог.

- Сайн байна уу. Монголд хэзээ ирсэн бэ?

- Сайн байна.  Монголд ирээд гурав хонож байна. Монголд анх удаагаа ирж байна. Удахгүй буцна.

- Монголд ирээд ямар байна вэ?

- Монголд ирсэндээ сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд Засгийн Газрын ордны ойролцоо буюу Туушин зочид буудалд байрласан.

Монголчууд их найрсаг харилцаатайгаас гадна аливаа зүйлийг чанартай, чансаатай хийхийг хичээдэг юм шиг санагдсан

Хэдий ирээд гуравхан хоносон ч гэсэн Цонжинболдог, 13 дугаар зуун цогцолбор руу яваад амжчихсан. Үнэхээр гайхалтай өдөр хоногууд өнгөрч байна. Монголчууд их найрсаг харилцаатайгаас гадна аливаа зүйлийг чанартай, чансаатай хийхийг хичээдэг юм шиг санагдсан. Мөн хаана ч очсон инээмсэглэн угтаж, найрсгаар ярилцаж байгаа нь их таалагдаж байгаа шүү.

- Таны хувьд өчигдөр гэхэд студид шоуны сүүлийн шатанд үлдсэн оролцогчидтой хамт өглөөний 07:00 цаг хүртэл байсан гэж сонслоо. Монгол залуустай хамтран ажиллахад ямар байв? 

- Миний хувьд өчигдөр оройны таван цагаас өглөөний долоон цаг хүртэл "All or Nothing" шоуны сүүлийн шатанд үлдсэн 16 оролцогчтой хамт байлаа. Эдгээр 16 залуу бол өөрсдийн гэсэн онцлогтой, хэв маягтай, чадвартай, хүмүүсийг татах хүчтэй юм билээ. 

16 оролцогчоо хоёр хуваан тус тус өөрийн гэсэн өвөрмөц хоёр дууг бэлэн болгох санаатай байна. Түүнчлэн хоёр рэгэ дуучинтай хамтран дуу гаргахаар болсон байгаа. Ингээд харахад шинэ дуунууд олноор төрж байна гэж хэлж болно. Ерөнхийдөө нэг цомог хийх санаатай байна. /инээв/

 

- Монгол залуусын онцлог юу бол?

- Дэлхийн дуучид, жүжигчдийг СУПЕР од гэхээс илүү чансаагаар нь ангилдаг. Тухайлбал, А зэрэглэлд Snoop dogg, Christina Aguilera, Will Smith. С зэрэглэлд Britney Spears гэх мэт. А зэрэглэлд багтаж буй хүмүүс нь байгалиасаа авьяастай төрчихсөн хүмүүс гэж хэлж болно.

16 оролцогч маань өөрсдийн гэсэн онцлогтой, өвөрмөц дуу хоолойтой, хүмүүсийг өөртөө татах чадвартай

Яг үүн шиг 16 оролцогч маань өөрсдийн гэсэн онцлогтой, өвөрмөц дуу хоолойтой, хүмүүсийг өөртөө татах чадвартай. Зэрэглэлээр ангилж хэлбэл, А болон B зэрэглэлд хамрагдах дуучид байна гэж хэлж болно.

Монгол залуус өөрсдийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, дууны төлөө бүх зүйлсээ зориулж буй, хүнийг татах чадвар, ямар ч дууг амилуулах чадвартай гэж санагдсан даа. ХЭН Snoop Dogg-той дуулахыг би таашгүй.

"Дэлхийд анх удаа Snoop Dogg-той дуулах боломжыг олгож буй шоу зохион байгуулагдаж байна"
 

 

- Ингэхэд шоуны талаар ярихгүй юу. "All or Nothing" шоу шиг үндэсний ялагч нь Snoop Dogg-той дуулах боломжтой гэсэн болзолтой шоу байдаг уу?

- Дэлхийд анх удаа Snoop Dogg-той дуулах боломжыг олгож буй шоу зохион байгуулагдаж байна. Үндсэндээ Монгол Улс дэлхийн хамгийн анхны шоуг бүтээж байна гэсэн үг юм.

- Анх ямар байдлаар VTV телевизтэй холбогдож, тус шоун дээр хамтрахаар шийдсэн бол? 

- Миний ажлын гол цөмийг хийдэг нэгэн Америк найз маань Монгол продюсер Б.Төрхүү гэдэг найзтайгаа танилцуулсан. Тэгээд бид хоёр ярилцаад сууж байхдаа би түүнд "Миний Snoop Dogg-той хамтарсан "All or Nothing" дууг Монгол залуус дуулбал сонирхолтой байх даа" гэх санааг хэлсэн. Тухайн үед Б.Төрхүү ч нааштайгаар хүлээн авч, улмаар уран бүтээлийн найз VTV телевизийн захирал Э.Ганболортой холбогдсон юм билээ. 

Ингээд энэхүү санааг сонссон Э.Ганболор "Би эсвэл манай хамтлаг Snoop Dogg-той дуулаад, клип гаргаад өнгөрөх биш, нийтийн бахархал болох ёстой юм шиг. Тиймээс үндэсний хэмжээнд шоу хийвэл гэсэн". Үүнийг сонссон миний ч сонирхол татаж, хамтран ажиллахаар болсон гэх үү дээ.

- Монголд ирэх хүртэл шоуны талаар ямар төсөөлөлтэй байв? Харин одоо юу гэж бодож байна вэ?

- Монголд ирэх хүртлээ Э.Ганболортой утсаар ярих, мэйл бичих гэсэн байдлаар харилцаж, шоуны явц, бичлэг зэрэгтэй танилцаж байсан. Мэдээж бидэнд үл ойлголцох зүйл байсан. 

Удалгүй шоу цацагдаж эхлээд, бичлэгүүдийг нь үзээд ямар сайн чанартайгаар хийгдсэн дүрс бичлэг, оролцогчид вэ л гэж гайхсан. Яг үнэндээ миний хувьд American idol, The Voice гэх шоу шиг оролцогчид дуулаад, шүүгчид шалгаад дуусах байх гэж төсөөлж байсан гэх үү дээ.

Гэтэл

Монголд ирээд шоуны явц, оролцогчдын чансаа, шүүгчдийн сонголт зэргийг хараад энэ чинь өөр шоу болох нь гэж шууд мэдрэгдсэн. Шүүгчид нь мэргэжлийн продюсерээс гадна Монголын Урлагийн ертөнцийн нэртэй дуучид байж, тайз засалт, реклам зар сурталчилгаа, дүрс бичлэг гээд л бүх зүйлс нь өндөр түвшинд хийгдэж байгааг хараад их сэтгэл хөдөлсөн. Үүний хэрээр оролцогчид нь ч гэсэн чанартай. Би шүүгч хиймээр байна ш дээ л гэж харамссан даа.

- Ингэхэд энэхүү шоуны талаар Snoop Dogg сонсоод юу гэж хэлсэн бэ?

- Та бүхэн мэдэх байх. Snoop Dogg бол А зэрэглэлийн буюу дэлхийд алдартай дуучдын нэг. Мөн үргэлж хүний санаанд оромгүй, төсөөлмөөргүй зүйлсийг хийж явдаг гэдгээрээ ч алдартай. Тухайлбал, дуулахаас гадна DJ хийх, ямар ч репперын холбоогүй шоунд оролцоод явах гэх мэт.

Ингэж бодохоор Snoop Dogg-ын хувьд "All or Nothing" шоу бол амьдралдаа хийж буй содон, сонирхолтой зүйлсийн нэг. Өөрөө ч их дэмжиж, сонирхолтой санагдаж байна гэдгээ ч илэрхийлсэн. Мөн түүний баг хамт олон нь Ази гаралтай хүмүүс байдаг учраас Монголд ийм шоу болно гэдэг бол түүний хувьд тийм ч гайхаад байх зүйл биш.

- Snoop Dogg-ын хувьд үндэсний ялагч тодрох үед ирэх үү?

- Энэ шоуны гэрээ нь шагналын хүрээнд хийгдсэн буюу Snoop Dogg-той хамтран дуу дуулж, клипжүүлэх гэсэн шагналтай байгаа.

Харин Snoop Dogg Монголд ирэх эсэх нь Монголчуудаас хамааралтай. Үндсэндээ эдийн засгийн боломж, ирүүлэх хүсэлт хоёр байхад л түүнийг ирүүлэх боломжтой гэсэн үг.

 

- Ингэхэд та продюсерын хувьд Snoop Dogg-той хэдэн жил хамтарч ажилласан бэ?
- Миний хувьд түүний студийн инженерээс эхлээд бичиг цаасны ажил, уулзалт зохион байгуулах гээд бүх ажлыг хийж байсан. Үндсэндээ 20 жил гаруйн өмнөөс мэдэж эхэлсэн. Харин уран бүтээлийн хамтрагч болсноос хойш 14 жил өнгөрч байна.

" All or Nothing" шоуны үндэсний ялагч бүр СУПЕР ОД болох болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна"
 

- "All or Nothing" шоуны хувьд ямар хүлээлттэй байгаа вэ? Таны хувьд үзэгчид, оролцогчид маань юуг ойлгож, мэдрээсэй гэж хүсч байна вэ?

- "All or Nothing" шоу нь Монголд төдийгүй дэлхийд анх удаа Snoop Dogg-той дуулах боломж олгож буй шоу. Америкийн The Voice шоунаас төрсөн дуучин бүр од болдоггүй. Харин American Idol шоуны ялагчид СУПЕР ОД болох нь элбэг.

Үүнтэй адил "All or Nothing" шоуны үндэсний ялагч бүр СУПЕР ОД болох бололцоотой, болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

Энэхүү шоуны үндэсний ялагчийн хувьд “Би Snoop Dogg-той хамтран дуулсан" гэдэг нь түүний карьерт дэндүү том өөрчлөлт авчрах болно. Үүнээс гадна бүх оролцогчийн хувьд Дэлхийд гарах үүд хаалга нь нээгдээсэй гэдгийг миний хувьд чин сэтгэлээсээ хүсч байна. Учир нь шоугаар дамжуулан Монгол Улс, Монгол залуустай хамтран ажиллахыг хүсэх студи, уран бүтээлч нар гарч ирнэ.

Дэлхийд танигдах, гялалзах залуусын гүүр болж буй шоу гэж хэлж болно. Гэхдээ шоу маань Snoop Dogg-оор дуусахгүй. 

Мөн шоуг үзэж буй хүн бүрт боломж байгаа. Хүн бүрт хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, түүндээ хүрэх гэсэн эрмэлзэл байхад боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг мэдрүүлмээр байна.

Дэлхийд танигдах, гялалзах залуусын гүүр болж буй шоу гэж хэлж болно доо. Гэхдээ шоу маань Snoop Dogg-оор дуусахгүй. Энэхүү боломжийн үүдийг нээж өгч буй түлхүүр нь болж байгаадаа сэтгэл хангалуун байна. Яагаад ийм нэртэй шоуг Солонгос, Япон гээд олон улсад зохион байгуулж, үндэсний ялагчийг тодруулж болохгүй гэж бодож байгаа шүү.

- Тийм шүү. Эцэст нь та уншигчдадаа зориулан юу гэж хэлэх вэ?

- Монгол улсыг уудам тал нутагтай гэж хүмүүс төсөөлдөг. Тэрнээс биш урлагийн ийм мундаг авьяастнууд төрөн гарч буй, тэр дундаа дэлхийн тавцнаа гарах дуучид бэлтгэгдэж буйг мэдэхгүй.

Миний хувьд Америкт очоод мэддэг, таньдаг бүхий л продюсер, дуучид, жүжигчдэдээ хандаж, Монголд ийм чанартай телевизийн шоу болж байгаа, оролцогчид нь үнэхээр татах чадвартай, хувирах чадвартай А зэрэглэлийн залуус байгаа гэдгийг дамжуулан заавал хэлэх болно.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа. - Танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Бид хоёрын дуулсан "All or Nothing" дууны эхлэлд "It started on a night (yeah L.A) гэдэг. Харин өнөөдөр "It started on a night (yeah Mongolia)" гэж хэлмээр байна шүү.