Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын амбиц ба “All or Nothing” шоу

А.Золжаргал, iKon.mn
2015 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

2015-2018 оны хооронд буюу ирэх гурван жилийн хугацаанд “VTV HD” телевизийн хэрэгжүүлэх “Бид Монголдоо Хайртай” төслийн хүрээнд монгол залуусын мөрөөдлийг бодит болгох зорилготой, Монголын нүүр царайг дэлхийн Поп ертөнцөд төлөөлөх шилдгийн шилдэг авьяастныг тодруулах томоохон шоу төсөл “All or Nothing” нэрэн доор зохион байгуулагдах гэж байна.

АНУ-ын нэрт продюсер DCAT болон “VTV HD” хамтран хэрэгжүүлж байгаа, дуулах авьяастай хэн бүхний өмнө нээлттэй “All or Nothing” шоуны үндэсний ялагч нь DCAT хөгжмийн студитэй нэг жилийн гэрээ байгуулж, алдарт дуучин Snoop Dogg-той хамтран дуулж, видео клип хийлгэх ховор боломжийн эзэн болох ажээ. 

 

Нийт долоон үе шаттай явагдах уг шоунд, дуулах авьяастай хамтлаг, хувь хүн хэн ч нас харгалзахгүйгээр оролцох боломжтой. Уртын дуу, хөөмий, поп, R&B, Hip Hop гээд ямар чиглэлээр дуулах нь гол биш Монголыг төлөөлөх авьяастай эсэх нь л чухал гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн түүнчлэн үндэсний хөгжим, амьд хөгжим гээд бүх төрлийн хөгжмийн зэмсгүүдэд шоуны үүд хаалга нээлттэй ажээ. 

“VTV HD” телевизийн гүйцэтгэх захирал Ганболор: “Үндэсний ялагч нь Монголын  залуусын төлөөлөл гэдэг утгаараа бүх талаараа чадварлаг нэгэн байх ёстой. Зөвхөн авьяастай байгаад зогсохгүй, хувийн соёлтой, үндэсний бахархлаа дээдэлсэн, бүжиглэх дуулах авьяасаа хослуулж чаддаг, өөрөөр хэлбэл “амьдаар” дуулах чадвартай, өөрийн хэв маягаараа онцгой нэгэн байх болно. “All or Nothing” шоу зөвхөн “VTV HD” телевизийн амбиц биш нийт Монголчуудын амбиц юм.

Өмнө нь энэ төрлийн тэмцээнд оролцоод хэдийнээ олонд танил болсон байсан ч хамаагүй авьяастай, хамгийн гол нь эх орноо дэлхийн тавцанд гаргах чин хүсэлтэй залуусыг энэ ховор боломжийг битгий алдаарай гэж хэлмээр байна” гэлээ.

Үндэсний ялагч нь Монголын  залуусын төлөөлөл гэдэг утгаараа бүх талаараа чадварлаг нэгэн байх ёстой

Шоуны эхний шатанд Gee, Ука, Сарнай мөн Бажэ нар шүүгчээр ажиллах бөгөөд хоёрдугаар шатнаас эхлэн нэрт продюсер DCAT өөрийн биеэр шүүлтийг удирдан явуулах аж. 

Харин үндэсний ялагч болж чадаагүй ч шилдэгт багтаж чадсан оролцогчид хөгжимчин, ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбат болон Ocean Grey зэрэг чадварлаг продюсеруудтай хамтран уран бүтээл хийх боломжтой болох төдийгүй тэдний өмнө кинонд тоглох, хамтран ажиллагч байгууллагуудын нүүр царай болох зэрэг боломжууд ар араасаа нээгдэх юм байна. 

Шоуны бүртгэл 2015 оны 11-р сарын 01-нээс 04-ний хооронд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 10:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд “All or Nothing” шоу нь 2016 оны нэгдүгээр сараас эхлэн “VTV HD” телевизээр гарч эхэлнэ.