20 дугаар зууны үеийн хамгийн аугаа уран бүтээлчид болох Сальвадор Дали, Пабло Пикассо нарын эх зураг, уран баримлууд Улаанбаатар хотноо дэлгэгдлээ.
ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч А.Шадрин хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын 200 гаруй эх бүтээлийг монголын ард түмэнд ийнхүү үзүүлж байгаа юм.
Тэрбээр үзэсгэлэнгийн нээлтэд ямаа дагуулж ирсэн бөгөөд суут зураачид ямаанд хайртай, гэртээ тэжээдэг байсан тул ийнхүү авчирсан хэмээн тайлбарлав.
Урлаг судлаач Д.Гоомарал ОХУ-ын цуглуулагч А.Шадрины цуглуулсан бүтээлүүдийг үзэсгэлэнгээр үзүүлэхийн тулд олон жил гэрээ хэлэлцээр хийж, ярилцсан бөгөөд түүнийг дэлхийн хувийн цуглуулагчдын жагсаалтын ДӨРӨВТ жагсдаг гэдгийг хэлсэн юм.
Хайлж буй цаг, нарийхан хөлт заан, шургуулгатай бүсгүй, гал дундах анааш зэрэг Далигийн хамгийн алдартай этгээд санаануудыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Мөн уран баримал, зураасан зургийн дүрслэлүүд нь үнэхээр гайхалтай "Өөр нэгэн Дали” энд бий. Тухайлбал: нисдэг эмгэн хумс, титэмтэй ялаанууд, хирсний нуруун дээрх арван долоон далайн зараа гэх мэт.
Пабло Пикассогийн керамикууд түүний бүтээлч хүсэл эрмэлзлэлийн гүн рүү харах боломж олгодог...
Эртний хүмүүсийн оюун санаатай нэгтгэх гэсэн урт удаан хугацааны эрэл хайгуул нь түүний керамикуудыг хийх арга, сэдэвт тусгагдсан байдаг. Домгийн амьтны ертөнц, минотаврууд, бух, вакханалийн баяр цэнгэл, бухын тулаан зэрэг дүрслэлүүд шаазан таваг, ваар саван дээр өөрсдийн байрыг эзэлсэн байдаг. Пикассод амьтад, шувууд урам зориг өгч, керамик дээрээ гэртээ амьдарч байсан шар шувуу, Эсмеральдо ишгийг дүрсэлсэн бүтээлүүд нь бүхэл бүтэн галерей болсон байна
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!