Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан яг одоо Шангри Ла зочид буудалд болж байгаа билээ.
Өнөөдрийн хүндэтгэлийн хуралд Ардчилсан намын лидерүүд, улс төрчдөөс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид хүрэлцэн иржээ.
Хүндэтгэлийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.
1990 оны долоон сарын 29-ны өдөр болсон сонгуульд 430 суудал, нийтдээ 2,413 хүн өрсөлдсөн. Тус сонгууль манай улсын нийт 98 хувь нь оролцсон. Энэ бол монголчууд бүх нийтээрээ оролцсон анхны ардчилсан чөлөөт сонгууль байсан.
Нам төрөөс миний эрх, миний амьдрал тусдаа, би тусдаа амьдарч чадна гэж үздэг хүмүүсийн тоо өмнөх тогтолцоонд гарын таван хуруунд багтах хэмжээнд байсан.
Өнөөдөр төр засгийн оролцоогүйгээр, намын оролцоогүйгээр амьдралаа аваад явж чаддаг, зохион байгуулж чаддаг хувь хүн, айл өрхийн тоо жилээс жилд нэмэгджээ.
Монголын ардчиллын байдал, ардчиллын хөгжил дэвшил, үйл явц зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална.
Монголын ардчилалд хүндрэл, бэрхшээлтэй сорилтууд олон байсан. Цаашид ч тохиолдох нь гарцаагүй.
Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө ардчиллын хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм гэдгийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын Улсын Ардчиллын 25 жилийн ололт амжилт, сургамж” сэдвээр илтгэл тавилаа.
Түүний илтгэлээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.
Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман үг хэллээ. Мөн тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүны мэндчилгээг дамжуулсан юм.
Жеффри Фелтман “Ардчилал баттай бэхэжсэн нийгмийг тогтооход цорын ганц загвар гэж байдаггүй.
Зүүн хойд Азид нөхцөл байдал өнөөг хүртэл амаргүй байна. Энэ бүс нутагт түүхийн хуудас эргээгүй байна.
Энэ бүс нутагт Монгол Улс түүхэн үүргийг түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатарын яриа хэлэлцээг холбогдох олон орон дэмжиж байгаа.
Өнө эртний түүхтэй Монгол Улс орчин цагийн үнэт зүйлсийг өлгийдөж ард түмэндээ эрх чөлөө олгохын төлөө тэмцэж байна” гээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүны видео мэндчилгээг хүргэлээ.
Бан Ги Мүн “Та бүхэн улс орноо сайн засаглал, эдийн засгийг бэхжүүлэх замаар ардчиллын ололт амжилтаа баяжуулж байгаад туйлын их баяртай байна. Дэлхий дахинаа ардчилал, хүний эрхийг дээдлэхийн төлөөх тэмцэлд Монгол Улс тэргүүлэх чиглэлд байхыг хүсч байна. Энэ үйлсэд Монгол Улс манлайлагч байж ирсэнд дахин талархал илэрхийлье” гэжээ.
Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал үргэлжилж байна. Энэ хуралд Булган аймгийн Баян-Агт сумын малчин Ш.Дамбийжалцан үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Би 64 настай, дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн. Өнгөрсөн 50 жилийг эргэн харахад би 25 жилийг нь нэгдлийн мал маллаж өнгөрөөсөн. Ардчилсан хувьсгал ялснаас хойш би зуу гаран малаа гурван мянга хүргэсэн хүн дээ. Түүнийгээ би эрх чөлөөний буян, малын буянг эдэлж байна гэж боддог.
Энэ ардчилсан хувьсгал малчин бидэнд олон жилийн эрх чөлөө олгосон. Энэ нийгэмд юу хийж, юу сэтгэж явах нь чөлөөтэй.
Малчид бидэнд эрх чөлөөт эх орондоо сайн сайхан амьдрах бүрэн бололцоог тавьсан,1990 онд ардчилсан сонгууль явуулсны үр дүн гэж бодож байна” гэсэн юм.
Түүнээс гадна БНАУ-ын Ерөнхийлөгч Хайнц Фишер, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе, Швейцарийн Холбооны улсын Дэд Ерөнхийлөгч Йоханн Шнайдер Амманны видео мэндчилгээг хүргэсэн юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг олон улсын хэмжээнд тэмдэглэж байгаад их талархаж байна.
Монгол Улсын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн талаар Монголын ардчиллын 25 жилийн түүхэнд гарсан хөгжил дэвшлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн учраас би анхны сонгуультай холбоотой дурсаж ярья.
Тухайн үед зарим намаас сонгуулийг хойшлуулах хэрэгтэй гэсэн сүрхий яриа гарч байлаа. Ер нь бидний ардчиллын гол зарчим бол олон ургальч үзлээс нэгдсэн нэг шийдэлд хүрэх байсан учраас сонгуульд орохгүй гэсэн яриа гарч байгаа улс төрийн хүчнийхэнтэй уулзаж зөвшилцөх үүрэг надад ногдсон. Өөрт ногдсон үүргийнхээ дагуу би улс төрийн намын лидерүүдтэй уулзаж ярилцсан.
Тэгээд төрийн ордонд улс төрийн намуудын бага хурлын гишүүдийг урьж бүгдээрээ хэлэлцсэн. Эцэст нь сонгуулиа хийх, сонгуульдаа бүх улс төрийн намууд оролцох шийд гарсан. Харин сонгуулиа зургаадугаар сард биш долоодугаар сарын 29-нд хийх болсон. Энэ бол Монголын ардчиллыг зөвшилцлийн ардчилал юм гэдгийг харуулах том алхам байсан” хэмээв.