Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг судлахаар болжээ

ГХЯ
2015 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. 

Айлчлалын эхний өдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бүхий л салбарын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон билээ. Мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Гао Хучэн-тэй уулзжээ.

Гадаад хэргийн сайд Ван-И-тэй хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, харилцааны түвшин иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр улсын хоорондын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж, зарчмын тохиролцоонд хүрчээ.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн олон тохиролцоог хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагаатай холбогдох асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн механизмуудыг улам боловсронгуй болгож, хоёр улсын эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц, ард иргэд үр дүнг нь мэдрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг үнэлэв.

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван талт механизм хамтын ажиллагааны чухал чиглэл болж байгааг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд Монголын “Талын зам” санаачилгыг Хятадын “Торгоны зам, эдийн засгийн бүслүүр” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг сайтар судалж ажиллахаар болсон нь Гадаад хэргийн сайдын айлчлалын гол үр дүн боллоо.