ТАЙЛАН: Монгол Улсад зам тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал огцом нэмэгдэж байна
Хүлэмжийн хийн ялгарал улс орнуудад 2026 оны эхний хагас жилд ямар түвшинд хүрснийг Climate TRACE судалгааны тайланд нийтэлжээ.
Тодруулбал хөдөө аж ахуй, барилга орон сууц, хог хаягдал, аж үйлдвэр, шатах түлш, зам тээврийн салбар, цахилгаан дулаан болон бусад хүчин зүйлээс үүдэлтэйгээр аль бүс нутагт хүлэмжийн хий нэмэгдэж байгааг нэгтгэн дүгнэсэн байна.
Хүлэмжийн хийг ялгаруулж буй үзүүлэлтээр дэлхийн улс орнуудыг жагсаахад Монгол Улс 48 дугаарт оров.
Зураг: 2026 оны эхний хагас жилийн мэдээлэл /Монгол Улсад/
Хүлэмжийн хий гэж юу вэ?
Хүлэмжийн хий нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын исэл, азон болон фторт устөрөгчүүдээс бүрддэг. Байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөө нь дулааруулах үйл явц байдаг бөгөөд үүн дээр агаар мандал дахь хүлэмжийн хий нэмэгдсэнээр тэрхүү үйл явцыг улам эрчимжүүлж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлдэг байна.
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал хамгийн өндөр байсан гурван дэд салбар нь түлш, хөдөө аж ахуйн хөрснөөс үүдэлтэй бусад ялгарал, нүүрс олборлолт байжээ.
Түүнчлэн манай улсад зам тээврийн салбараас ялгаран гарах хүлэмжийн хий сүүлийн жилүүдэд нэмэгдэх болов. Тодруулбал өмнөх оны мөн үеэс 117,853 тонн CO2e-ээр буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна.
Нийслэл болон орон нутагт:
- Улаанбаатар 17.52 сая тонн
- Өмнөговь 10.38 сая тонн
- Төв аймаг 4.06 сая тонн
- Сэлэнгэ аймаг 2.96 сая тонн CO2e ялгарч, бусад аймагтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал их ажиглагджээ.
Голлон нөлөөлсөн салбар:
- Улаанбаатарт аж үйлдвэр, зам тээвэр
- Өмнөговьд шатах түлш
- Дорноговь шатах түлш, аж үйлдвэр
- Сэлэнгэ аймагт аж үйлдвэр
Хүлэмжийн хийн ялгарал багассан:
- Хэнтий аймагт
- Архангай аймагт
- Дорнод аймагт зам тээвэр, ой хээрийн түймэр буурсантай холбоотой байна.
Улаанбаатар хотод аж үйлдвэр, зам тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал хамгийн их байгааг дээр дурдсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

