СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаврын улирлын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд зуслангийн бүсэд шар өвс шатсан 348 дуудлага мэдээлэл бүртгэгдэж 148.3 га талбай өртсөн байна. 2026 он гарснаас хойш нийслэлд ой хээрийн түймэр гурав бүртгэгджээ.
Харин өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 60 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагч нар хоёр иргэний амь насыг аварчээ.
Гал түймрийн шалтгааны 59 хувийг ил гал, 15 хувийг цахилгаан ашиглалт, угсралтаас үүдэлтэй дуудлага эзэлсэн байна.
Энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын түвшин нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж, ногоон бүсэд зорчихдоо ил гал асаахгүй байх, гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх, машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Иймд орчны аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүн бүр анхаарч, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Ойн тухай хуульд "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаа гэж заажээ.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
