Гишүүдийн ирц бүрдээгүй учраас Байнгын хороод хуралдсангүй

Н.Эрхбаяр, iKon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг албан ёсоор нээснээс (2026.03.16) хойш есөн өдөр өнгөрлөө.

Нээлтийн өдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаж, МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэх шийдвэрээ танилцуулсан. Үүнтэй холбогдуулан олонхыг бүрдүүлж буй МАН-ын гишүүдийн ирц бүрдээгүй учраас өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагийн хаврын ээлжит чуулган хуралдаагүй.

Энэ хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд Б.Наранбаяр нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарыг томилох ёстой байсан боловч ердөө 53 гишүүн ирцээ бүртгүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдаж, маргааш чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажлыг хангах ёстой байсан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй.

Тодруулбал 09:00 цагт Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц хүрээгүй. Харин Төсвийн байнгын хороо 13:00 цагт хуралдаж, Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан татварын хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан. 

Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15:00 цагт эхэлж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх байсан боловч гишүүдийн ирц хүрсэнгүй.

Хэрэв маргаашийн чуулганы хуралдаанд АН-ын гишүүд оролцохгүй гэж тооцвол хоёр долоо хоногийн хугацаанд парламентын үйл ажиллагаа зогсоно гэсэн үг.

зураг