Уншиж байна ...

Буйр нуурт живсэн тээврийн хэрэгслийг зургаан метрийн гүнээс татан гаргажээ

Г.Мөрөн, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын зургаан зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн.

Уг автомашинд зорчиж явсан хоёр хүн эсэн мэнд гарсан ч дөрвөн хүн живсэн тухай дуудлага онцгой байдлын албанд энэ сарын 24-ний 13:18 цагт бүртгэгдсэн юм.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эргээс 300 метрийн зайд цооног гаргаж, дроноор тандалт хийн байршлыг тодорхойлж, зургаан метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Он гарсаар энэ сарын 26-ны байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалж, таван тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар