Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ийн удирдлага энэ сарын эхээр хэд хэдэн удаа солигдсон. Үүнээс улбаалан эмнэлгийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудын талаар өнөөдөр эмч, ажилтнуудын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тус эмнэлэг нь амбулаториор өдөрт 1,200 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 24 цагаар тасралтгүй тусламж үйлчилгээг үзүүлж, хоногт 60 гаруй өндөр түвшний мэс засал хийдэг лавлагаа шатлалын томоохон эмнэлэг юм.
Гэтэл эрүүл мэндийн 20 гаруй төрлийн лавлагаа тусламж үзүүлдэг уг эмнэлэг нь богино хугацааны удирдлагын халаа сэлгээ, хэт улстөржилтөөс болж хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байгааг УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан хэллээ.
УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат "Эрчимт эмчилгээний тасаг маань 24 ортой ажиллах байх ёстой ч 12 ортойгоор ажиллаж байна. Нэгдүгээр давхарт байрладаг 12 ортой эрчимт эмчилгээний тасаг засварт ороод найман сар өнгөрсөн. Гэвч ажиллаж байсан компаниуд нь ажлаа бүрэн дуусгаагүй, хүлээж авах боломжгүй байсаар байна.
Түүнчлэн эмнэлгийн удирдлагыг сонгодог Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн есөн гишүүний гурав нь эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл байгаа нь гишүүдийн харьцаа тэнцвэргүй байна гэж шүүмжилж байв.
УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн зөвлөх эмч М.Отгонбаяр "Би УНТЭ-д 20 гаруй жил ажиллаж байна. Эмнэлэгт удирдлагын болон санхүүгийн тогтвортой байдал маш чухал. Санхүүгийн нөөцтэй, хүн эмчлэхэд шаардлагатай эм, хэрэглэгдэхүүнүүд байснаараа өвчтөнөө сайн эмчилнэ, үр дүн гаргана. Гэтэл удирдлага тогтворгүй болсноор санхүү гацаж, эмчилгээ гацаж байгаа нь зохисгүй юм. Гарч ирсэн удирдлага тогтвортой ажиллаж, санхүү тогтвортой байгаасай гэж эмч нар хүсэж байгаа.
ТУЗ-ийн есөн гишүүнд үндсэн эмнэлгийн төлөөлөл нь илүү багтвал цаашид эмнэлгийг авч явах хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд учраас илүү тогтвортой байх болов уу" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн ТУЗ-ийн зургаан гишүүнийг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас томилдог учир улс төр орж байгааг УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан шүүмжилж "Улс төр ороод байгаа учраас өөрсдийн дураар, хамт олны эсрэг шийдвэр гаргадаг нөхцөл байдал үүссэн.
Яагаад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь өөрийнхөө харьяалж ажилладаг эмнэлгийн ТУЗ-ийн дарга болоод ирц нь хүрээгүй хурал дээр нэг хүний шийдвэр гарган захирлыг нь долоо хоногийн дотор гурван янзаар сольдог юм бэ. Энэ нь эмнэлгийн үйл ажиллагаа хямрах нөхцөлийг бий болгосон.
Эм, эмнэлгийн хэрэгсэлгүй болсон шалтгаан нь өмнөх удирдлага 2025 оны сүүлээр ажлын хэсэг байгуулаад дараагийн тендер зарлагдах хүртэл шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тоог аваад худалдан авах шийдвэр гаргасан ч дараагийн удирдлага ирэнгүүтээ түүнийг нь болиулсан. Төд удалгүй дараагийн удирдлага ирснээ энэ худалдан авалтыг хийхгүй гэсэн. Үүнээс болоод дурангаар хийх хагалгааг хүний хэвлийг зүсэж хийхэд хүрсэн. Өнөөдөр улсын төв эмнэлэг байж компьютер томограф нь ажиллахгүй л сууж байна. Тархины цус харвалт, зүрхний шигдээстэй хүмүүс ирж байхад оношлох үндсэн төхөөрөмж нь алга.
Энэ мэтчилэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар муудсанаас хүний амь нас хохирох нөхцөл бүрдэж байгаа тул төрийн захиргааны төв байгууллага нь анхаарч түргэн хугацаанд шийдэж өгөөч" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!