Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ийн захирал 10 хоногт хоёр удаа солигдсон.
Энэ талаар өнөөдөр Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-нд болсон хэвлэлийн хурлын үеэр сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн тусламжийн тухай хуулиар эмнэлгийн үйл ажиллагаанд улстөрчдийг оролцуулахгүй байх боломжийг олгосон. Тухайлбал лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-тэй байх ёстой, ТУЗ-өөр дамжуулж эмнэлгийн удирдлагыг томилдог байхаар хуульчилсан.
УНТЭ-ийн өмнөх томилгоо нь хууль бус байсан тухай Улсын Дээд Шүүх(УДШ)-ийн шийдвэр гарсан. Уг маргаан зургаан жил үргэлжилсэн. УДШ-ээс өмнөх удирдлагыг огцруулсан нь хууль бус учир засаж залруул гэсэн шийдвэр ЭМЯ-нд ирсэн тул түр томилогдсон даргыг нь болиулж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.
Шүүхийн шийдвэрийг биелүүлж тухайн хүнийг буцаан томилоход зургаан жил шүүхэдсэн иргэн Н.Лхажий нэр төрөө сэргээлээ, гэхдээ УНТЭ-д ажиллахыг хүсэхгүй байна гэсэн. Тухайн хүний эрхийн асуудал. Одоо сонгон шалгаруулалт явуулна" гэлээ.
Эргэн сануулахад УНТЭ-ийн ТУЗ 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж тус эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Лхажийг УНТЭ-ийн ерөнхий захирлаар томилсон. Гэвч Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж хоёрдугаар сарын 9-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!