Уншиж байна ...

Б.Мөнхзул: Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хамруулна

Б.Бадамгарав, IKon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад 10-15 настнуудыг хамруулж эхэлж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн.

Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалт нь сургуулиудад суурилан явагдаж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагчдаас гомдол санал ирж байгаа тул ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Мөнхзул дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Эцэг эхчүүд хүүхдийг маань вакцин хийлгэх эсэхийг асуухгүйгээр хийж байна гэх санал гомдол 1111 төвд ирж байна. Эрүүл мэндийн байгууллага нь эцэг эхэд мэдэгдэхгүйгээр дархлаажуулалт хийнэ гэсэн асуудал байхгүй. Дархлаажуулалтын тухай хуульд хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу дархлаажуулна гэж заасан. Энэ хүрээнд бүх өрх, сумын эрүүл мэндийн байгууллагууд дархлаажуулалтыг зохион байгуулж байгаа. Харин эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн иргэний үүргээ биелүүлж дархлаажуулалтад хүүхдүүдээ хамруулаарай. 

Мөн эцэг эхчүүд хүүхэд маань бүрэн тунд хамрагдсан байхад яагаад дахин хийх гэж байгааг тодруулж байгаа. Нэмэлт дархлаажуулалт гэдэг нь товлолын вакцин хамрагдсан эсэхээс үл хамааран хийгддэг.

2025 оны гуравдугаар сараас эхлэн улаанбурхан өвчин Монгол Улсад импортлогдон орж ирж, одоогийн байдлаар 14,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тэр дундаа тохиолдлууд 10-15 насныханд зонхилон бүртгэгдэж байгаа тул нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байна. 

Хэрэв танай хүүхэд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг I, II тун болон 2023 оны нэмэлт дархлаажуулалт, 2025-2026 онд тархвар судлалын заалтаар улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бол энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад хамрагдахгүй" гэлээ.

https://www.facebook.com/reel/2893697737494119