Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2,600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулаад буй. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа юм.
Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ жилд дунджаар 70 уулзварын эрчмийн тооллогыг гар аргаар хийж, 44 камерын бичлэг шүүж, тооцоолол хийсний үндсэн дээр уулзваруудын гэрлэн дохионы горим болон хугацааг тохируулж, жилд нэг удаа, нэг уулзварт өдрийн оргил ачааллын цагууд буюу 07:00-08:00, 13:00-14:00, 17:00-18:00 цагт тооллого хийдэг байжээ.
Харин ухаалаг камерын систем нэвтрүүлснээс хойш авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийдэг болсон, автомашины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож байгаа зөрчилтэй автомашиныг илрүүлж, хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрлэн дохионуудыг зөв тохируулж, гэрлэн дохио удирдах тоог 50 хувиар бууруулж нэг албан хаагчид ногдох ачааллыг бууруулж, тэнцвэртэй зорчилтыг бий болголоо.
Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4,500-4,800 удаа удирддаг байсан бол өнөөдрийн байдлаар 93 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4,500-4,800 удаа удирдан ажиллаж байна.
Цаашид хүний оролцоогүйгээр ухаалаг системээр замын хөдөлгөөний ачааллыг тооцоолон бүх уулзварын уялдааг хангаж, нэгэн зэрэг удирдах автомат системийн бодит цагийн суурь өгөгдлийг хөгжүүлж байгааг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!