Уншиж байна ...

Д.Мөнхтөр: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс дамжлагын бөглөрөөг гаргах ажил 80%-тай үргэлжилж байна. Өнөө, маргаашгүй хэвийн болно

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 20-нд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны халах гадаргууд гарсан гэмтлийг 21-нд засварлаж дуусан хэвийн болгосон. Хүйтний эрч нэмэгдсэнээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж бөглөрснөөс станцын хүчин чадал буурсан тул цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр болсныг Эрчим Хүчний Яамнаас олон нийтэд мэдэгдсэн.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан доголдол хэзээ хэвийн болох талаар тус станцын захирал Д.Мөнхтөрөөс тодруулж асуухад "Хүйтрэлээс шалтгаалж станцын нүүрс дамжлагын бункер бөглөрсөн. Хүндрэл үүсэнгүүт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Нүүрс дамжлагын бөглөрөөг гаргах ажил 70-80%-тай үргэлжилж байна. Өнөө, маргаашгүй дуусаж, хэвийн болно.

Одоогоор эрчим хүчний нэгдсэн системд 24 цагийн турш 200МВт-ын эрчим хүч нийлүүлж байна. Бүрэн хүчин чадлаараа 265МВт эрчим хүчийг нийлүүлдэг юм" гэлээ.

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт баригдсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 онд, дараагийн блокийг өнгөрсөн онд ашиглалтад оруулж, төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон билээ.