Уншиж байна ...

Тендерт оролцогчдод зориулж сургалт зохион байгуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих" жил болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газраас тендер шалгаруулалтад оролцогчид буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдэд зориулж энэ сарын 30-ны өдрийн 09:00-12:00 цагт Нийслэлийн Онцгой Байдлын Газрын төв байранд сургалт зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр тендер шалгаруулалтад хэрхэн амжилттай оролцох, худалдан авах ажиллагааны маргаан шийдвэрлэх эрх зүйн орчин, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох вэ гэсэн гурван сэдвээр сургалт орж, нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэнд тулгардаг нийтлэг алдаа, зөвлөмж, худалдан авах ажиллагаанд оролцох боломжийн талаар мэдээлэл өгөх аж.

Тендерт оролцогчид санхүүгийн тайлан нь системд ороогүй, түншлэл болон туслан гүйцэтгэгчийн гэрээг цахим системээр баталгаажуулаагүй, тусгай зөвшөөрөл, техникийн тодорхойлолт, тендерийн баталгаа, материалыг нууцлах зэрэг түгээмэл алдаа дутагдлыг гаргадаг. Эдгээр алдааг гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд болон Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос эрхлэн гаргадаг FIDIC гэрээний талаар мэдээллийг сургалт, өдөрлөгөөс авах боломжтой гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ оноос нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ухаалаг программ хангамжид шилжүүлж, тендерийн материалыг хүн оролцуулахгүй, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг болгоно гэж хотын дарга зарласан. Уг өөрчлөлтөд 9.4 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.