Уншиж байна ...

Монгол Улсын 47 иргэн хар тамхины хэргээр БНХАУ, Солонгос, Турк, Герман, Япон, Малайз зэрэг улсад ял шийтгэл эдэлж байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЦЕГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил, хууль бус эргэлтийг хязгаарлах, хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Төмөрбат дараах мэдээллийг өгөв. 

НҮБ-ийн Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба 2025 онд дэлхий дахинд ойролцоогоор 500,000 орчим хар тамхитай холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж 1,200 тн мансууруулах бодис хурааж авсан бол АНУ-д 100,000 орчим гэмт хэрэг бүртгэгдэж үндэсний түвшинд онцгой байдал зарласан хэмжээнд хүрсэн байна. 

Европт кокаин болон синтетик мансууруулах бодисын нийлүүлэлт огцом өсөж үнэ 50-100 хувь өндөр байгаа аж. Зүүн өмнөд Азид дэлхийн опиодын зах зээл хэвээр байгаа бөгөөд Монгол Улсад хар тамхи мансууруулах бодистой холбоотой эрсдэл нэмэгдэх суурь нь харагдаж байна гэж үзэж байгаа аж. 

Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг сүүлийн 9 жилд 13 улсаас 89 гэмт хэрэг бүртгэгдсэн ба БНХАУ, БНТУ, ХБНГУ хамгийн их бүртгэгджээ. Нийт нэвтрүүлэх гэмт хэргийн 37.9 хувь нь газраар, 12.1 хувь нь агаарын тээврээр, 50 хувь нь шуудан илгээмжээр бүртгэгдсэн байна. Энэ нь хил гааль, шуудан хяналт, олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг харуулж байна гэв. 

Мөн интерполын Улаанбулантад 4, Хөхбулантад 13 нийт 17 этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Гадаад улсын нийт 10 иргэн энэ төрлийн гэмт хэргээр Монгол Улсад ял шийтгэл эдэлж байгаа юм байна. Мөн Монгол Улсын нийт 47 иргэн БНХАУ, Солонгос, Турк, Герман, Лаос, Япон, Малайз зэрэг улсад ял шийтгэл эдэлж байгаа ба үүний 63.6 хувь нь тээвэрлэсэн, 22.7 хувь нь улсын хилээр нэвтрүүлсэн байна.