Уншиж байна ...

"Тусгай замын автобусыг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу чиглэлд явуулахаар төлөвлөсөн"

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 12 цаг 36 минут
iKon.MN
Зураг зураг

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2026 оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулснаар барилга угсралтын ажил эхлэх аж.

Нарийвчилсан ажлын зурагт автобусны тусгайлсан эгнээ, буудлын төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, гэрлэн дохионы шинэчлэлт, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн замын шинэчлэлт тохижилт, ухаалаг тээврийн систем (ITS), аюулгүй байдлын цогц шийдлүүдийг олон улсын стандарт, норм шаардлагын дагуу тусгана.

Урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, ТЭЗҮ боловсруулах, төслийн үзэл баримтлал тодорхойлох, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатлалын төлөвлөлт зэрэг суурь ажлуудыг үе шаттай гүйцэтгэж дуусжээ.

"Энэхүү төслийг хотын төв болон захын бүсүүдийг холбосон, хөдөлгөөний ачаалал ихтэй гол замууд буюу Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу- Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хурд, найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн алдагдлыг багасгах тооцоолол гарч байгаа" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.