Уншиж байна ...

Энэ онд нийслэл хотын 20,218 нэгж талбарт газар чөлөөлнө

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 48 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3,933 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20,218 нэгж талбар өртжээ.

Тодруулбал дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 нийт 124 төсөл хөтөлбөрийг тус тус тусгаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх аж.

Энэ онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд Дамбадаржаа, Таван буудал, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз, Шархад, Эрдэнэтолгой орчимд газар чөлөөлөхөөр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд 11,575 айлын орон сууц барих, 60.3 км авто зам барихад 28 байршилд, инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлжээ.