Иргэдээс ирж байгаа гомдол, саналын дийлэнх нь газартай холбоотой байдаг байна. Тухайлбал 0.7 га газраа авч чадаагүй, шинээр газар авах хүмүүс их байгаа аж.
2026 онд иргэд, байгууллагуудын газартай холбоотой асуудлыг хэрхэн шийдэх талаар хотын даргаас төлөөлөгч Ү.Оюунзул Баасан гарагт болсон НИТХ-ын хуралдааны үеэр асуусан юм.
Хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар олгохыг хориглосон. Өөрөөр хэлбэл уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр инженерийн шугам сүлжээгүй газарт иргэдэд газар олгосноос шалтгаалж гэр хорооллын агаар, хөрс, усны бохирдол үүссэн.
2023 оны арваннэгдүгээр сард УИХ-аар Гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийн төсөл батлагдахтай зэрэгцэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 0.07 га газрыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт олгохыг хориглох нэмэлт өөрчлөлт орсон юм. Ингэснээр нийслэл хотод гэр хороолол тэлэхгүй байх боломж бүрдсэн.
Хоёрдугаарт Нийслэлийн Газрын Албаны/НГА/ стратеги өөрчлөгдсөн. НГА 1999 онд байгуулагдсан. Үүнээс өмнө 1990-ээд оноос хойш Газрын албаны чиг үүргийг нийслэл хавсарган гүйцэтгэж байсан. 30 гаруй жилийн хугацаанд Газрын албаны болон шат шатны Засаг дарга нарын шийдвэрээр 450,000 га газрыг ашиглах, эзэмших, өмчлөх хэлбэрээр олгосон байна.
Цаашид төлөвлөлтгүй олгосон бүх газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, нийслэл мэдэлдээ буцааж авна. Авсан газраа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр олгож, эргэлтэд оруулна. Олсон орлогоо 2025 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Газар чөлөөлөлтийн санд хөрөнгө, мөнгийг төвлөрүүлнэ. Санд төвлөрсөн мөнгөөр бусад газрыг чөлөөлөх юм.
Тодруулж хэлбэл 2026 онд газрыг дахин төлөвлөх, нөхөн олговортойгоор чөлөөлж авахаар төлөвлөсөн.
Хамгийн хүндрэлтэй байгаа асуудал нь УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр иргэд давхцаж газар эзэмшсэн тохиолдол байна. Тухайлбал таны сонгогдсон Баянзүрх дүүрэгт Батлах Хамгаалах Яамны мэдлийн газрууд дээр иргэд 0.07 га газар эзэмшиж, хашаа, байшингаа барьж суурьшаад 20, 30 жил болж байгаа, Батлан Хамгаалахын Их Сургуулийн хойд талын тусгай хэрэгцээт газар дээр орон сууц барьсан зөрчлүүд байна.
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хил Хамгаалах Ерөнхий Газрын харьяа улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр иргэдийн суурьшсан гэр хорооллын бүсүүд байна. Эдгээр нь Газрын Албанд ирж байгаа өргөдөл, гомдлын дийлэнхийг эзэлдэг. Энэ асуудлаар Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооноос 2017 онд ажлын хэсэг гарч, тусгай хамгаалалттай газартай давхацсан газрыг гаргахаар олон удаа хуралдаж, 2023 онд ЗГХЭГ-т санал дүгнэлтээ өгсөн. Одоо Барилга, Хот Байгуулалтын Яамнаас уг асуудлыг шийдвэрлэхээр УИХ-д тогтоолын төслийг хэлэлцсэн тохиолдолд шийдвэрлэхээр байгаа. Бид дангаараа УИХ-ын тогтоолыг зөрчиж, улсын тусгай хэрэгцээт газар дээр суурьшсан айлуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх боломжгүй.
Иргэд хоорондын газрын маргаантай асуудлууд шийдвэрлэгдэхгүй байгаа, шүүхээр явах шатанд хүрсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт бий болоод 20 гаруй жил болж буй. Энэ хүрээнд Газрын албанд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан Газрын маргаан таслах комисс байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа.
Газрын маргаантай дараагийн асуудал нь газрын эрхийн доголдол. 2003-2005 оны үед ТАСИС олон улсын байгууллагын санхүүжилтээр газрын анхны кадастрын зураг хийхдээ тухайн үед тус газар дээр амьдарч байсан айлын нэрээр газрын мэдээллийн санг бүртгэснээс иргэн нь олддоггүй. Сүүлд нь газрыг эзэмших эрх үүссэн хүнд мэдээллийн сангийн зөрүүтэй байдал бий болоод байгаа юм. Иргэн үүнтэй холбоотой маргааныг өөрсдөө хариуцна гэсэн баталгааг нотариатын байгууллагаар гаргаж ирсэн тохиолдолд мэдээллийн санд өөрчлөлт оруулах замаар эзэмшлийг шийдэж байгаа" хэмээн тайлбарлалаа.
Тэрбээр иргэдээс ирж байгаа газартай холбоотой гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар НИТХ-ын дараагийн хуралдаанд танилцуулахаа мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!