Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг Баасан гарагт НИТХ-ын хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ үеэр төсвийн төсөлд өгсөн аудитын байгууллагын дүгнэлтийг нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Г.Нандинжаргал танилцуулав.
Тэрбээр "Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2026 оны төсвийн төслийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн урт, дунд, богино хугацааны баримт бичигт, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулсан эсэхэд дүгнэлт гаргахад аудитын зорилт чиглэгдсэн.
Аудитын явцад олж цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэж дараах дүгнэлтүүдийг хийж байна.
- Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын арилжааны банк дахь дансанд төлбөр төлөгч иргэн, ААН, байгууллагаас хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2023 онд 3.1 тэрбум, 2024 онд 4.8 тэрбум, 2025 онд 4.6 тэрбум, нийт 12.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрснийг ШШГЕГ үйл ажиллагааны орлогоор бүртгэж, зарцуулсан байна. Энэхүү хүүгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлснээр 2026 онд 4.6 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэх боломж байна.
- Нийслэлийн төсвийн нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох зардлыг 3.5 тэрбум, бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг 3 тэрбум, сургалтын зардлыг 700 сая, нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ нэршилтэй ТЭЗҮ, зураг төсвийн зардлыг 20 тэрбум, нийт 27.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломж байна.
- Өмнөх онуудад эхлүүлсэн төслүүдийг үргэлжлүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, иргэд, олон нийтийн саналд үндэслэн төсвийн хөрөнгө оруулалт, үр өгөөжийг сайжруулан үр ашгийг дээшлүүлэх бодлогыг баримталсан байна гэж дүгнэж байна.
- 2026 оны төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд нийцүүлэн төлөвлөсөн байна.
Аудитаар илрүүлсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд зөвлөж байна. Үүнд:
- Төлөвлөлтийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөвт тусган батлахгүй байх.
- Ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, байгууллага, ААН-ийн талаарх тооцоо судалгааг хийж усны нөөц ашигласны төлбөр, хүүгийн орлогыг нэмэгдүүлэх нөөц, бололцоог судлах.
- Иргэн, ААН, байгууллагаас авах авлагыг барагдуулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч, төсвийн орлогыг нэмэгдүүлэх.
- Тэвчиж болох зардлыг бууруулж, төсвийг хэмнэлттэй, зориулалтын дагуу зарцуулах.
Аудитын дүгнэлт нь нийслэлийн төсвийн үр ашиг, ил тод байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм" хэмээв.
Нийслэлийн 2026 оны төсвийг арванхоёрдугаар сарын 5-нд батална.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!