ДЦС 4-ын яндангаас гардаг хаягдал утааны агууламж, ялгарлын хэмжээ, шүүлтүүрийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэж мэдээлэв.
Энэ тухай Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Өнөөдөр албан хаагч нар ДЦС 4-д хяналт шалгалт хийж байна. Тус станц энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуусталх хугацаанд 3.8 сая тонн түүхий нүүрс түлжээ. Тус станц агаарт гарч байгаа нарийн ширхэглэлт тоосонцруудыг ионы болон хуурай аргаар унагаах гэсэн хоёр төрлийн шүүлтүүртэй байна. Энэ нь манай улсад хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн шүүлтүүр. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын хэмжээнд таван ДЦС 5.8 сая тонн түүхий нүүрс түлж байгаа нь агаарыг бохирдуулдаг тул шүүлтүүрийг ажиллаж буй эсэхийг байнга хянаж, шалгадаг юм. Шаардлагатай тохиолдолд дэвшилтэт технологи бүхий шүүлтүүрийг суурилуулах талаар мэдэгдэл өгч, хамтарч ажиллаж байна.
Улаанбаатар хот дулааны таван цахилгаан станцтай. Эдгээр цахилгаан станц өнгөрсөн онд 5.8 сая тонн түүхий нүүрсийг түлсэн байдаг. Монгол Улсад 2022 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар 50,000 айл нь нэг дулааны цахилгаан станц хэрэглэж буйтай ижил хэмжээний түлш түлдэг бол 805,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд зургаан машин нэг монгол гэрээс гарч байгаа хаягдал утаатай дүйцэхүйцээр агаарыг бохирдуулдаг байна" гэлээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол зарим байршилд аюултай хэмжээг давсаар байхад албаны хүн ийнхүү тайлбар хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!