Эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой мэдээллийг нийслэлийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Батхишиг хүргэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Ерөнхий боловсролын сургуулийн орчинд өсвөр үеийнхэн электрон тамхийг түлхүү хэрэглэж байна. Электрон тамхи гарахаас өмнө янжуур тамхийг татдаг байсан. Харин одоо хүүхдүүд электрон тамхийг хаа дуртай газраа татдаг болжээ.
Зөвхөн өсвөр үеийнхний асуудал бус энэ төрлийн хэрэглээ бага ангийнхан руу ч чиглэж байна. Саяхан манай сургуулийн тавдугаар ангийн хүүхэд хүртэл vape буюу электрон тамхи барьчихсан явж байсан. "Ахаасаа авсан, ангийнхаа найзуудад амсуулж, үнэрлүүлж үзүүлэхийн тулд авчирсан" гэж хариулсан.
Хэдийгээр бид сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж, сургалт орж, тодорхой шалгалтыг явуулдаг ч яг л баллуур, үзэгтэй адил хичээлийн нэг хэрэглэгдэхүүн мэтээр сурагчид цүнхэндээ авч явж байна.
Бидний зүгээс эцэг эх, сурагчдад шаардлага тавьдаг ч эрх зүйн орчин алга. Электрон тамхи сургуулийн орчинд хориотой гэсэн хуулийн тодорхой зохицуулалтгүйгээс хүүхдүүдийн ирээдүй маш их эрсдэлд орж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!